2025 оны 04 дүгээр сарын 21-нд Margadism хэмээх Facebook хуудсаас “НДШ-ийг 50% бууруулах саналыг 100,000 хүн дэмжжээ. Ингэснээр ажлын хэсэг, байнгын хороогоор яригдалгүй УИХ-руу шууд албан ёсоор хэлэлцэгдэх нөхцлийг хангалаа” гэсэн пост нийтэлжээ. Тус постыг 1,900 гаруй реакц, 22 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 65 удаа цааш түгээсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” санал асуулга явуулсныг 100,074 хүн дэмжиж гарын үсэг зурсан
2025 оны гуравдугаар дугаар сарын 12-нд Билэгт Батбилэг гэх иргэнээс petition.parliament.mn буюу иргэдийн цахим өргөдөл гаргах платформд “Хуулийн төсөл санаачлах талаар санал гаргах” гэсэн сонголтоор PN-202502-94953 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах тухай” санал асуулга явуулсныг 100,083 хүн дэмжиж гарын үсэг зуржээ.

Тухайлбал, “Одоогоор мөрдөгдөн хэрэгжиж байгаа НДШ-ийн хувь хэмжээг бууруулж 12% д хүргэж өгнө үү? Шимтгэлийн бууруулсан хэмжээг НД санд бүрдүүлэх өөр арга зам байна гэж үзэж байна. Жил бүр орж ирдэг 1072 хувьцааны ноогдол ашгийг ажил эрхлэгч өөрийн хүсэлтээр нийгмийн даатгалын санд шилжүүлбэл дараа жилийн нийгмийн даатгалын шимтгэлийг 12% хүртэл бууруулж өгдөг байх. Энэ нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцад нөлөөлөхгүй байх төгрөгийн ханш унахгүй байх боломжийг бүрдүүлэх юм” гэж тайлбарлажээ.
Ингэхдээ өргөдлийнхөө утганд “Нийгмийн даатгалын шимтгэлийг иргэдээс өгөх бусад санхүүгийн их үүсвэрийн тусламжтай 2 дахин бууруулж өгөх тухай. 1072 хувьцааны ноогдол ашгийг үүнд ашиглах” гэж тодотгосон байна.
УИХ-ын тухай хуульд 2022 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр иргэдийн саналыг бодлого шийдвэртээ тусгах зохицуулалт нэмж өгсөн
Цахим платформоор дамжуулж тухайн асуудлыг зуун мянгаас дээш иргэн дэмжсэн бол хэлэлцэх талаар тусгаж өгсөн. Ингэхдээ:
- 39.1 дүгээр зүйл. Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоог хангах
- 39.1.1 Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэхдээ тодорхой асуудлыг шийдвэрлүүлэх талаар асуулт асуух, санал өгөх эрхээ Улсын Их Хурлын албан ёсны санал авах цахим хуудас, гар утас, хөдөлгөөнт төхөөрөмжид зориулсан Улсын Их Хурлын албан ёсны программ хангамж /цаашид “цахим хуудас” гэх/-аар дамжуулан хэрэгжүүлж болно.
Монгол улсын их хурлын тухай хуулийн 39.4-т зааснаар “Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба уг өргөдлийг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн дэмжсэн санал дараах тоонд хүрсэн тохиолдолд Улсын Их Хурал авч хэлэлцэнэ”:
- 39.4.1.хуулийн төсөл санаачлах саналыг 100,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;
- 39.4.2.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах саналыг 70,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол;
- 39.4.3.тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах саналыг 33,000 ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол.
- 39.5.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасан тоон гарын үсгээр баталгаажсан байна.
- 39.6.Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах журмыг Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
“Ажлын хэсэг, байнгын хороогоор яригдалгүй УИХ-руу шууд албан ёсоор хэлэлцэгдэх нөхцлийг хангалаа” гэх мэдээлэл нь төөрөгдүүлсэн
Монгол Улсын Их Хурлын Чуулганы Хуралдааны Дэгийн тухай хуулийн 95.3.Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал энэ хуулийн 95.2-т заасан тоонд хүрмэгц Улсын Их Хурлын дарга саналыг хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр холбогдох Байнгын хороонд ажлын 5 өдрийн дотор хуваарилж, нэгдсэн хуралдаанд танилцуулна гэж заасан. Энэ нь дараах шат дараалалтайгаар шийдэгдэх юм. Тухайлбал:
- 95.4.Холбогдох Байнгын хороо саналыг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 7 хоногийн дотор хэлэлцэж эхэлнэ.
- 95.5.Байнгын хороо тухайн саналыг хэлэлцэж эхэлснээс хойш 3 сарын дотор дараах байдлаар шийдвэрлэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна:
- 95.5.1.холбогдох бодлогын баримт бичиг, хууль, тогтоолын төсөл боловсруулах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх;
- 95.5.2.хууль, тогтоолын хэрэгжилтийг хангуулах, зөрчлийг арилгуулах асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад чиглэл өгөх;
- 95.5.3.Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах; гэж зааж өгсөн байна.
100 мянгаас дээш иргэн саналаа өгсөн асуудал болгон хуулийн төсөл болдоггүй
Дүгнэхэд, ямар асуудлыг “шаардлагатай гэж үзэх” нь гишүүдээс хамаарах бөгөөд 2023 онд явагдсан ”Цалинтай ээж”-ийн мөнгийг нэмэгдүүлэх” санал одоо хүртэл шийдэгдээгүй байна. Тухайлбал, 2023 онд “Цалинтай ээж” хөтөлбөрийн хүрээнд сар бүр олгодог 50,000 төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар олон нийтийн санал, хэлэлцүүлэг өрнөсөн. Иргэн Р.Цэндсүрэн D-Parliament.mn сайтаар дамжуулан уг тэтгэмжийг нэмэгдүүлэх санал гаргаж, 102,808 хүний дэмжлэгийг цуглуулсан ч өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байна. Уг асуудлын хүрээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Тэтгэмжийг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд энэ нь эдийн засгийн бодит нөхцөл байдалтай нийцэхгүй гэж үзэж байна” хэмээн 2025 оны гуравдугаар сард мэдээлж байжээ. Иймээс 100 мянгаас дээш иргэн санал өгсөн асуудал болгон хуулийн төсөл болдоггүй.




