2025 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Best Mom гэх хуудаснаас “Хамрын хөндийд байгаа нян бактери болон шархалсан хэсгийг гэрлийн туяагаар богино хугацаанд хялбар цэвэрлэнэ. Хамар битүүрч нус гоождог хүмүүс хэрэглэхэд тохиромжтой бөгөөд ханиад томуунаас хол байхад тусална. Өдөрт ердөө нэг удаа 10 минут хэрэглэхэд л хангалттай” гэсэн тайлбартай чих, хамар, хоолойн хөндийг цэвэрлэгч эрүүл мэндийн эмчилгээний лазер гэх бүтээгдэхүүний талаар нийтэлжээ. Уг пост 455 реакц, 295 сэтгэгдэл авч, 233 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хамрын эмгэгийн үед хэрэглэх лазер гэрлийн эмчилгээний аргыг судалсаар байгаа ч хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл зэрэг хүнд хэлбэрийн өвчнийг анагаахад үр дүнтэй гэж баталсан судалгаа байхгүй. Хамрын цацлага, антибиотик, мэс засал зэрэг эмчилгээ нь хамрын хөндийн өвчлөлийг эмчлэх стандарт арга хэвээр байна. Уг бүтээгдэхүүний талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлэл бэлтгэж, баримт шалгадаг “The Healthy Indian Project” сайтад мэдээлжээ. Тухайн нийтлэлд “Лазер эмчилгээ нь харшлаас үүдэлтэй хамрын хөндийн үрэвслийг анагаах чадвартай нь шинжлэх ухаанаар батлагдаагүй. Зарим төрлийн шинж тэмдгийг намдаах магадлалтай. Гэвч хамрын хөндийн архаг өвчнийг эмчлэхэд зөвхөн лазер ашиглах нь хангалтгүй. Зохистой эмчилгээ хийлгэхийн тулд зориулалтын эм, хамрын угаалга, мэс засал зэргийг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу ашиглах хэрэгтэй” гэж зөвлөжээ.
Мөн хамрын хөндийн өвчлөл, харшлаас үүдсэн үрэвсэл зэрэгт лазер эмчилгээг хэрэглэх талаар судлагдсан хэд хэдэн судалгааны материалыг дурджээ. Тэдгээр судалгаанд ч лазер эмчилгээ нь хамрын хөндийн өвчнийг бүрэн эдгээхгүй. Шинж тэмдгийг түр хугацаанд бууруулах боломжтой ч үр нөлөөтэй эсэх нь батлагдаагүй. Урт хугацааны үр дүнг харуулахын тулд илүү нарийн судалгаа хийх хэрэгтэйг дурджээ. Тухайлбал,
- 2018 оны “Харшлын гаралтай хамрын хөндийн үрэвсэлтэй өвчтөнүүдэд лазер (улаан гэрлийн) нөлөө” судалгаагаар нэг удаагийн лазер эмчилгээнээс 30 минутын дараа хамрын битүүрэл болон бусад шинж тэмдэг багассан боловч хоёр хоногийн дараа дахин үүсэж эхэлснийг тэмдэглэсэн. Иймд уг судалгаагаар лазер эмчилгээ нь хамрын хөндийн өвчлөлийн шинж тэмдгүүд түр хугацаанд намжаах ч урт хугацааны үр нөлөөгүй гэж дүгнэсэн байна.
- Үүнээс гадна, 2023 онд хийсэн энэ төрлийн судалгаанд нэг долоо хоногийн турш үргэлжилсэн лазер эмчилгээгээр хамар битүүрэх, нус гоожих зэрэг шинж тэмдэг мэдэгдэхүйц буурсан. Гэвч тухайн эмчилгээний урт хугацааны үр нөлөөг батлахын тулд илүү нарийн судалгаа шаардлагатай байгааг онцолсон байна. Учир нь уг судалгааг богино хугацаанд цөөн бүлгийг хамруулж хийсэн. Тиймээс хамрын хөндийн үрэвсэл зэрэг архаг өвчинд лазер үр нөлөөтэй эсэхийг бүрэн баталж чадаагүй.

Шалгаж буй мэдээлэл дэх бүтээгдэхүүнийг олон улсын худалдааны сайт болох Amazon-д аливаа өвчин, эрүүл мэндийн байдлыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэхэд зориулагдаагүй. Зөвхөн тайвшруулж, шинж тэмдэг бууруулах үйлчилгээтэйг тэмдэглэжээ. Мөн чих болон хоолойнд нөлөөтэй гэсэн агуулгыг дурдаагүй байна.




