Search

АНУ-ын FDA-ийн өөр компанид олгосон сертификатыг “хэвлийн өвчин намдаах бүтээгдэхүүнийх” хэмээн төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1394

Ерөнхий агуулга

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шалтгаан болсон хэвлийн өвдөлт, суулгах, өтгөн хаталтыг эмчлэх бүтээгдэхүүний сурталчилгаа түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Вьетнамд байрлалтай админ удирддаг хаягаас, хуурамч гэрчилгээ ашиглан бүтээгдэхүүн худалдаалж байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2024 оны 12 дугаар сарын 08-нд Nano Cadiso Mongolia (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас Nano cadiso гэх хэвлийн өвдөлт намдаах бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Бичлэгийн тайлбар хэсэгт “хэвлийн өвдөлт, дотор муухайрах, өтгөн хатах, суулгах зэрэг бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх шалтгаануудыг үдэж орхиорой” гэх тайлбарыг оруулжээ. Мөн  бүтээгдэхүүний найрлагад “турмерик, Таннин, Глюкозид, ритрепреноид, сапонин, эслэг агуулсан алим” орсон гэж бичжээ.

Хаяг шалгах нь

Хэвлийн өвдөлтийг арилгах бүтээгдэхүүн худалдаалж буй Nano Cadiso  Mongolia хуудасны ерөнхий мэдээллийг шалгахад хаяг байршил, холбогдох и-мэйл зэргийг бичжээ. Гэвч түгээсэн мэдээлэлд хавсаргасан, пэйжийн танилцуулга хэсэгт оруулсан сайтын линк рүү ороход сайт хаагдсан гэх вьетнам хэл дээрх тайлбар гарч ирж байна. Мөн сайтын хэлбэр хийц, цэс хэсэг, танилцуулгагүй байгаа нь спам сайтын шинж тэмдэг юм.

Түгээсэн мэдээлэлд хавсаргасан сайтын зураг

Nano Cadiso Mongolia пэйж нь 2022 оны 11 сард “Danh Tuan hisako 33314” гэх вьетнам нэртэй нээгдэж, 2024 оны 07 дугаар сарын 27-нд нэрээ өөрчилсөн ба Вьетнам улсаас 9 админ пэйжийг удирдаж буйг доорх зурагт харууллаа.

Түгээсэн мэдээлэлд АНУ-ын FDA гэрчилгээ, хүнсний аюулгүй байдлын ISO гэрчилгээтэй гэж дурдсан боловч бичлэгт үзүүлсэн гэрчилгээ болон нийтэлсэн сертификат бүрд өөр өөр компанийн нэр орсныг доорх зургаас харах боломжтой.

Дээрх зурагт харуулсан Halal гэрчилгээнд бичигдсэн Hanoi production services import export joint stock company (Haprosimex JSC) компани нь Вьетнамаас хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулж, экспортлогч компани юм. Тус компанийн албан ёсны сайтад оруулсан борлуулдаг бүтээгдэхүүний мэдээлэлд хар, цагаан перец, цагаан будаа, кофены үр зэрэг бүтээгдэхүүн байна. Харин шалгасан мэдээлэлд оруулсан Nano Cadiso гэх бүтээгдэхүүний мэдээлэл огт байхгүй байна. Nano Cadiso Mongolia хуудаст оруулсан бичлэг болон постод оруулсан АНУ-ын FDA-ийн гэрчилгээний зурагт хоёр өөр компанийн нэрийг оруулжээ. Гэрчилгээнд бичигдсэн “Hoang Huy Development and Investment trading company limited” компани нь моторт тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, хангамжийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ажээ. Өөр үйл ажиллагаа явуулдаг компанийн сертификатаар хэвлийн өвдөлт намдаадаг гэх тайлбартай бүтээгдэхүүнээ бодитой, баталгаатай мэт төөрөгдүүлжээ.

Хэвлийн өвдөлт, өтгөн хаталт, суулгах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх шалтгаан биш.

Шалгасан мэдээлэлд “хэвлийн өвдөлт, дотор муухайрах, өтгөн хатах, суулгах зэрэг бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэх шалтгаан” хэмээн онцолсон. Бүдүүн гэдэсний хот хавдар нь бүдүүн гэдэсний салст бүрхүүлд үүссэн эд эсийн хэвийн бус өсөлтөөс үүдэн бий болдог байна. Хүний биеийн эсүүд өсөж, хуваагдаж, үхэж байдаг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдрын үед бүдүүн болон шулуун гэдэсний бүрхүүл эсүүд үхэлгүй, ургаж, хуваагдсаар байдаг ба үүнийг полип гэж нэрлэдэг аж. Бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг генетикийн зарим өөрчлөлт нь удамшлын шинж чанартай байдаг тухай АНУ-ын Анагаах ухааны үндэсний номын сангийн сайтад оруулжээ. Мөн дасгал хөдөлгөөн дутагдах, таргалалт, архи, тамхины хэрэглээ, чихрийн шижин, эслэг багатай, өөх тос ихтэй хоолны дэглэм зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх хүчин зүйл болдог байна. (CDC, Mayo Clinic)

Техасын их сургуулийн дэргэдэх MD Андерсоны хорт хавдрын төвийн албан ёсны сайтад хэвлийн өвдөлт, суулгах, өтгөн хатах зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрын зарим шинж тэмдэг гэж мэдээлжээ. Мөн бүдүүн гэдэсний хорт хавдрын үед шулуун гэдэсний цус алдах, цустай өтгөн гадагшлах, гэдэс базалж өвдөх, бие сульдах, жин хасах, гэдэс хийгээр дүүрэх, бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Өтгөн хатах, суулгах, хэвлийн өвдөлт зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдгүүдийн зарим хэлбэр боловч үүсгэх шалтгаан биш юм.

Бүтээгдэхүүний найрлага дахь турмерик нь гэдэсний өвдөлтийг буруулдгийг харуулсан судалгаа бий ч мөн дотор муухайрах, хоол боловсруулах эрхтэний асуудал үүсгэх, ходоодны хямрал зэрэг сөрөг нөлөөг харуулсан судалгаа мөн бий.

Nano Cadiso бүтээгдэхүүний гол найрлагад турмерик орсон гэж мэдээлсэн.

Куркумин нь турмерикийн нэгдэл бөгөөд турмерик амтлагчид ихэвчлэн 2-9 хувь, турмерикийн нэмэлт бэлдмэлд 95 хувийн куркумин агуулагддаг. 2022 онд нийтлэгдсэн “Гэдэс цочролын хам шинжийн турмерик эмчилгээ: Хүн амд суурилсан баримтын системчилсэн үнэлгээ” судалгаагаар үрэвслийн эсрэг үйлчилгээтэй куркумин болон турмерик ханд агуулсан бэлдмэлүүд нь гэдэс цочролын хам шинжийн шинж тэмдгүүд, ялангуяа гэдэсний өвдөлт сулруулдаг болохыг харуулсан. 51 хүнийг хамруулсан “Гэдэс цочролын хам шинжтэй (irritable bowel syndrome) өвчтөнүүдийн шинж тэмдэг болон амьдралын чанарт куркумины үзүүлэх нөлөө” судалгаагаар гэдэс дүүрэх, хэвлийгээр өвдөх зэрэг шинж тэмдгүүд сайжирсныг харуулжээ.

Мөн 22-27 насны 22 хүний дунд 4 долоо хоногийн хугацаанд куркумин, ногоон цай, селенометионин агуулсан нэмэлт бэлдмэл хэрэглүүлсэн туршилтаар оролцогчид гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд эерэг нөлөөтэй байсан гэж хариулжээ. Гэвч хэвлийн өвдөлт, хийгээр дүүрэх, болон гэдэс цочролын хам шинжийн шинж тэмдэгт огт өөрчлөлт гараагүй тухай тусгасан байна.

Куркуминыг өндөр тунгаар хэрэглэх нь ходоодны хямрал, толгой өвдөлт, харшил үүсгэх эрсдэлтэй. Мөн турмерик нь хэвлийн өвдөлт, хоол боловсруулах эрхтний асуудал, дотор муухайрах, цус шингэрэх, суулгах зэрэг сөрөг нөлөөтэй байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас өдөрт жингийн 1 кг тутамд 0-3мг куркумин хэрэглэх нь аюулгүй болохыг зөвлөсөн. Гэвч шалгасан бүтээгдэхүүний орц найрлагад хэр хэмжээтэй орсон эсэхийг тодорхой мэдээлээгүй байна.

Эрүүл мэндийн бүтээгдэхүүн хэрэглэхээсээ өмнө заавал мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл

Эх сурвалжууд

Hanoi production services import export joint stock company (Haprosimex JSC) компанийн албан ёсны сайт

Hoang Huy Development and Investment trading company limited компанийн мэдээлэл

Бүдүүн гэдэсний хорт хавдрын тухай мэдээлэл

Харвардын эрүүл мэндийн хэвлэлийн сайт

“Гэдэс цочролын хам шинжийн турмерик эмчилгээ: Хүн амд суурилсан баримтын системчилсэн үнэлгээ” судалгаа

“Гэдэс цочролын хам шинжтэй (irritable bowel syndrome) өвчтөнүүдийн шинж тэмдэг болон амьдралын чанарт куркумины үзүүлэх нөлөө” судалгаа

“Куркумин: Хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн тойм” судалгаа

 “Турмерик ба түүний эрүүл мэндэд үзүүлэх гол нэгдэл куркумины: Биологийн идэвхит нөлөө ба хүнсний бүтээгдэхүүн, эм зүй, биотехнологи, эмийн хэрэглээний аюулгүй байдлын танилцуулга” судалгаащ

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын сайт

“Гэдэс цочролын хам шинжийг куркумин, ногоон цай, селеноментиониныг хослуулан эмчлэх нь гэдэсний гүрвэлцэх хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлдэг” туршилт 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Бүдүүн гэдэсний хорт хавдрын шалтгаан болсон хэвлийн өвдөлт, суулгах, өтгөн хаталтыг эмчлэх бүтээгдэхүүний сурталчилгаа түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document