Search

Нарны гэрэл хангалттай үед D витаминаас татгалзахыг зөвлөдөг ч үүнээс үүдсэн өвчлөл “дэгдсэн” тоо баримт байхгүй байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1392

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Tserenkhuu Ishtseden нэртэй Facebook хаягаас “Вит D амин дэм биш стеройдын гормон! Цагаан идээ нарны туяа хангалттай Гипервитаминоз өвчин хаврын астеник синдромтой зэрэгцэн дэгдлээ Эрхэм эмч нараа! вит D сурталчилхаа зогсоо та хэдийн ажил биш” гэсэн тайлбартай пост нийтэлсэн.

Баримт шалгалтын үр дүн

Дүгнэвэл, нэг талаас дархлаа суларч, сэтгэл санаа хямарч, астеник шинж тэмдэг илрэх, нөгөө талаас аливаа витаминыг эмчийн зааваргүй их хэмжээгээр ууж, түүнээс үүдэлтэй гипервитаминоз оношлогдох тохиолдол ихсэх боломжтой. Гэхдээ үүнээс үүдсэн өвчлөл ихэссэн, эсвэл шалгасан мэдээлэлд дурдсан шиг “дэгдсэн” мэт ойлголт төрүүлэхүйц тоо баримт байхгүй байна.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны гуравдугаар сарын 17-нд Tserenkhuu Ishtseden нэртэй Facebook хаягаас “Вит D амин дэм биш стеройдын гормон! Цагаан идээ нарны туяа хангалттай Гипервитаминоз өвчин хаврын астеник синдромтой зэрэгцэн дэгдлээ. Эрхэм эмч нараа! вит D сурталчилхаа зогсоо та хэдийн ажил биш” гэсэн тайлбартай пост нийтэлсэн. Тус пост 675 реакц, 232 сэтгэгдэл авч, 165 гаруй удаа цааш түгээгджээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан “витамин Д амин дэм биш стеройдын гормон” гэх түлхүүр үгээр Google хайлтын системээс хайж үзэхэд ScienceDirect судалгааны нээлттэй мэдээллийн сан, АНУ-ын Үндэсний Биотехнологийн Мэдээллийн Төв зэрэг эх сурвалжууд витамин Д нь хүний биед идэвхтэй хэлбэрт шилжсэний дараа стероид дааврын нэгэн адил үйл ажиллагаа үзүүлдэг болохыг онцолсон байна.

Тухайлбал, хүний бие нарны гэрэл (хэт ягаан туяа)-д өртөхөд Д витаминыг арьсанд өөрөө нийлэгжүүлдэг бөгөөд бие махбодод орсноор дараалсан химийн хувирлуудаар идэвхтэй хэлбэртээ шилждэг байна. Энэ процесс нь гидроксилаз гэх тусгай ферментүүдээр явагддаг бөгөөд тус үйл ажиллагааг энгийнээр тайлбарлабал:

  • Витамин Д нь анх арьсанд нарны тусгалаар үүсэхдээ идэвхгүй төлөвт үүсэж, эхлээд элгэнд очдог. Тэнд элэгний 25-гидроксилаза хэмээх ферментийн оролцоотойгоор витамин Д нь 25-гидроксивитамин Д болж хувирдаг байна.
  • Дараа нь тус витамин бөөрөнд очиж дахин өөрчлөгдөнө. Энэ үед 1.25-дигидроксивитамин Д буюу “Calcitriol” гэдэг хэлбэрт ордог бөгөөд энэ нь жинхэнэ идэвхтэй витамин Д юм.

Гипервитаминоз гэдэг нь аливаа амин дэмийг хэт их тунгаар хэрэглэснээс үүдэн бие махбодод хордлогын шинж тэмдэг илрэх эмгэг байдал юм

Амин дэм(vitamin) нь бие махбодод хэвийн хөгжих, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай бодис юм гэж АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Хүрээлэнгээс тодорхойлжээ. Мөн амин дэмүүд нь хүний бие махбодод хангалттай хэмжээгээр нийлэгждэггүй органик нэгдэл бөгөөд энэ нь тэдгээрийг гадаад орчноос, ялангуяа хоол хүнсээр дамжуулан авах шаардлагатай аж. Харин витамин D бусад амин дэмүүдээс ялгаатай нь хүний арьсанд нарны хэт ягаан туяаны (UVB) нөлөөгөөр тодорхой хэмжээгээр нийлэгжих чадвартай тул “нарны амин дэм” гэж нэрлэдэг байна.

Дээр дурдсанчлан идэвхтэй болсон витамин Д (calcitriol) нь даавартай төстэй байдлаар биеийн олон эрхтэн, эсүүдэд нөлөөлж, үйл ажиллагааг нь удирдан чиглүүлдэг. Тухайлбал:

  • Хоол хүнснээс кальцийг шимэгдүүлэх үйл явцыг дэмждэг
  • Яс сийрэгжилтээс сэргийлж, ясны бат бөх байдалд нөлөөлдөг
  • Дархлааны системийн үйл ажиллагааг зохицуулдаг
  • Бөөр, булчингийн тогтолцоо зэрэг бусад эрхтэнүүдэд ч мөн чухал нөлөөтэй

Харин шалгасан мэдээлэлд дурдсан гипервитаминоз нь витамин (A, D, E, K)-ны хэт их хэрэглээнээс үүдэн биеийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх нөхцөл байдал үүсэхийг хэлдэг гэж АНУ-ын Cleveland Clinic төвөөс тайлбарлажээ. Жишээлбэл, Д витамины хэт их хэрэглээ нь цусан дахь кальцийн хэмжээг нэмэгдүүлж, энэ нь бөөрний дутагдал, зүрхний хэмнэл алдагдах зэрэг эрүүл мэндийн асуудал үүсгэдэг байна. Өөрөөр хэлбэл, витамины хэт их хэрэглээнээс үүдэн бие хямардаг.

Өдрийн нарны гэрэлтэй байх хугацаа уртсаж ирэхэд биед ялгарах зарим дааврын хэмжээ өөрчлөгддөгтэй холбоотойгоор хаврын улиралд астеник хам шинж үүсэх нь бий

Мөн архаг ядаргааны хам шинж гэж нэрлэгддэг астеник синдром нь хүн байнга ядарч сульдах, анхаарал төвлөрөхөд хэцүү байх, хариу үйлдэл үзүүлэх хугацаа удаашрах, уцаартай болох, нойрны асуудал, сэтгэл санааны тогтворгүй байдал зэрэг сэтгэцийн эмгэг юм. Тухайлбал, энгийн ядаргаа болон астеник синдром хоёрын ялгааг доор харууллаа.

  • Ядаргаа: (хэвийн физиологийн байдал), бие махбод эсвэл сэтгэл зүйн байдал түр хугацаанд алдагдаж, амрах хэрэгтэй болсны дохио
    -Шалтгаан нь тодорхой байдаг (ажил ихсэх, нойр дутуу, стресс гэх мэт)
    -Амралтаар сэргэдэг
    -Түр зуурын, эмгэг бус байдал
  • Астеник синдром: (эмнэл зүйн эмгэг шинж), сэтгэл гутрал, мэдрэлийн ядаргаа бөгөөд бие сулрах, сульдах, тэнхээ барагдах, амархан ядрах байдал удаан хугацаанд үргэлжилдэг
    -Амралтаар сэргэдэггүй
    -Ихэнхдээ энэ нь архаг явцтай, нөхөн сэргээхэд хэцүү байдаг тул тусгай эмчилгээ шаардагддаг

Астениа нь ихэвчлэн улирал солигдох үед үүсдэг байна. Хаврын астеник синдром гэж нэрлэдэг шалтгаан нь ихэвчлэн өвлөөс хаврын улирал солигдох үед тохиолддог бөгөөд температурын өөрчлөлт, мөн нарны гэрлийн хэмжээ өөрчлөгдөх зэргээс шалтгаалдаг гэж Оросын Психиатрийн Нийгэмлэгийн (РОП) албан ёсны сайтад мэдээлжээ. Энэ үеэр биологийн цаг, хэмнэл өөрчлөгдөж, хүний бие организм шинэ нөхцөлд дасан зохицоход бэрхшээлтэй болж, хэт ядарч, сэтгэл санааны таагүй байдал үүсдэг байна.

  • Түүнчлэн Монгол-Японы эмнэлгийн Мэдрэл судлалын тасгаас астеник синдромын талаар тодруулахад “Улирал солигдоход хүний бие махбодод хэд хэдэн өөрчлөлт гардаг. Ялангуяа хүйтэн цаг агаараас дулаан руу шилжихэд мөн өдрийн нарны гэрэлтэй байх хугацаа уртсаж ирэхэд биед ялгарах зарим дааврын хэмжээ өөрчлөгддөг. Үүнтэй холбоотойгоор хаврын улиралд астеник хам шинж үүсэх нь бий” гэж бидэнд мэдээлсэн юм.

Дүгнэвэл, нэг талаас дархлаа суларч, сэтгэл санаа хямарч, астеник шинж тэмдэг илрэх, нөгөө талаас аливаа витаминыг эмчийн зааваргүй их хэмжээгээр ууж, түүнээс үүдэлтэй гипервитаминоз оношлогдох тохиолдол ихсэх боломжтой. Гэхдээ үүнээс үүдсэн өвчлөл ихэссэн, эсвэл шалгасан мэдээлэлд дурдсан шиг “дэгдсэн” мэт ойлголт төрүүлэхүйц тоо баримт байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Tserenkhuu Ishtseden нэртэй Facebook хаягаас “Вит D амин дэм биш стеройдын гормон! Цагаан идээ нарны туяа хангалттай Гипервитаминоз өвчин хаврын астеник синдромтой зэрэгцэн дэгдлээ Эрхэм эмч нараа! вит D сурталчилхаа зогсоо та хэдийн ажил биш” гэсэн тайлбартай пост нийтэлсэн.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document