2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баяраагийн Батхүү нэртэй Facebook пэйж “Уранаар хордсон гэр бүл гэнэ дээ!” гэсэн гарчигтай бичлэг түгээжээ. Тус бичлэгийг 2600 гаруй реакц, 369 сэтгэгдлээр идэвхжүүлж, 11 мянга гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бичлэгийн эх сурвалж болох Бүгд Найрамдах Доминикан улсын Capricornio TV гэх нэртэй 1.5 сая дагагчтай Facebook пэйж 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдөр түгээсэн нь 110 мянга гаруй реакц, 3900 гаруй сэтгэгдэл авчээ.
Бид Capricornio TV Facebook пэйжийн рийлс хэсэг рүү орж, түгээсэн бичлэгийн нийтлэгдсэн огноогоор хайхад хамаарал бүхий 11 бичлэг гарч ирлээ. Тус бичлэгүүдэд Capriocornio TV нэгэн гэр бүл дээр очиж аж амьдрал, ажлынх нь талаар яриа авч байгаа гарах бөгөөд уран болон уранаас болж ийм дүр төрхтэй болсон талаар огт дурдагдаагүй.

Харин шалгасан мэдээлэлд ашигласан доорх бичлэг нь бусад бичлэгүүдийн үзэлтээс өндөр буюу 11 сая үзэлттэй байна. Уг бичлэгийн англи хэлээр хадмал орчуулгатай хувилбарыг хавсаргалаа.
Дээрх гэр бүл Бүгд Найрамдах Доминикан Улсын San Juan хотод байгааг бичлэгийн гарчгаас харж болно.
Бүгд Найрамдах Доминикан Улс нь ураны нөөцгүй орнуудын нэг гэдгийг эндээс болон доорх зургаас хараарай.


Дүгнээд хэлбэл, ураны нөөцгүй Бүгд Найрамдах Доминикан улсын San Juan хотод амьдарч буй нэгэн гэр бүлийн бичлэгийг “уранаар хордсон гэр бүл” хэмээн түгээж төөрөгдүүлжээ.