2025 оны 03 дугаар сарын 17-нд Sanuulga.mn гэх Facebook хуудсаас “2.5 саяын цалинтай бол сард 809 мянга, жилд 9.700.000 төгрөг улс татдаг. 10 жил ажил хийсэн хүн 97 сая буюу 1 өрөө байр улсад тушаана гэсэн үг. Гэтэл 22-той сургууль төгсөөд ажилд орсон залуу 32 хүрэхдээ дөнгөн данган байрны урьдчилгаа хийдэг ба үлдэгдэл мөнгөө банкнаас зээлдэг. Банктай 20 жилийн зээлийн гэрээ хийх ба авсан зээлээ нугалж төлнө. Энэ хооронд дахиад 1 өрөө байр авах мөнгө улсад өгнө НӨАТ, автомашины, замын, агаарын бохирдлын, хотын гээд татвар, шимтгэлийг оруулж тооцоогүй болно” гэсэн пост (архивласан хувилбар) нийтэлжээ.
Тус пост 2025 оны дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар 2,100 гаруй реакц, 57 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 2,900 гаруй удаа цааш түгээсэн байна. Мөн уг постыг 04 дүгээр сарын 15 хүртэл нийт 63 хаягаас хуулж оруулсан байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ажилтан цалингаасаа НДШ болон ХХОАТ гэсэн хоёр төрлийн татвар сар бүр төлдөг
Нийгмийн даатгалын шимтгэлд цалингийн 26 хувийг ажилтан болон ажил олгогч хуваан төлдөг. Ажил олгогч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт ялгаатай байдлаар төлдөг. Харин ажилтан цалингаасаа 13.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэж нийгмийн даатгалын тухай хуулиар зааж өгсөн.

Түүнчлэн, ХХОАТ-ын 10%-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй.
Тэгвэл 2.5 саяын цалинтай ажилтнаас 835,000 төгрөгийг улсад төвлөрүүлдэг
Хэрэв ажилтан 2.5 сая төгрөгийн цалинтай бол ажил олгогчоос хамгийн багаар буюу 12.5 хувь, ажилтнаас 13.5 хувь, нийт 26 хувийг НДШ-д төлдөг. Харин энэ суутгалаас үлдсэн дүнгээс ХХОАТ-ын 10 хувийг суутгадаг гэж үзвэл нийт төлөх татварын хэмжээ 835,000 төгрөг байна.
Татварын төрөл | Тооцоолол | Дүн (төгрөгөөр) |
---|---|---|
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ажилтнаас | 13.5% | 337,500 |
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) ажил олгогчоос | 12.5% | 312,500 |
ХХОАТ | (2,500,000 – 650,000) × 10% | 185,000 |
Нийт төлөх татвар | НДШ + ХХОАТ | 835,000 |
Дүгнэхэд “2.5 сая төгрөгийн цалинтай бол 809 мянган төгрөг улс татдаг” гэсэн мэдээлэл хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд дундажаар тооцоолоход 835,000 төгрөгийн татвар төлж буйгаас харахад үнэн байна.