2025 оны 04 дүгээр сарын 10-нд Horiotoi.mn (архивласан хувилбар) хуудаснаас “ОХУ-д ирсэн Хятад тогооч нарыг хууран фронтын галын шугам руу явуулсан” гэх агуулгатай мэдээллийг Хятадын 2 иргэний зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 55 реакц, 17 сэтгэгдлээр идэвхжүүлж, 72 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Украины аюулгүй байдлын албаны Телеграм сувагт 2025 оны 04 дүгээр сарын 10-нд мөрдөн байцаагчид Донецк мужид олзлогдсон БНХАУ-ын хоёр цэргийг байцаасан тухай мэдээлжээ. Тодруулбал, “БНХАУ-ын хоёр иргэний нэгийг нь Тарасивка суурины ойролцоох 157-р салангид бригадын 2-р батальоны цэргүүд, нөгөөг нь Билогоривза орчмын 81-р тусгай бригадын 1-р батальоны цэргүүд олзолсон” хэмээн мэдээлсэн.

“Хоёр цэргийн нэг нь 1991 онд төрсөн, тодорхой эрхэлсэн ажилгүй, БНХАУ дахь Оросын төлөөлөөгчөөр дамжин элссэн ба 2025 оны 02 дугаар сард Москва хотод очиж, гэрээнд гарын үсэг зурсан. Харин нөгөөх нь 1998 онд төрсөн бөгөөд 2024 оны 12 дугаар сард ОХУ-д жуулчны зорилгоор ирсэн. Түүний хэлснээр Орост байхдаа 2 сая рублийн ажилд зуучлах зар интернэтээс хараад хүсэлт гарган гарын үсэг зуран, нэгдсэн” гэдгийг Украины аюулгүй байдлын алба оруулсан мэдээлэлдээ дурджээ.
Украины ерөнхийлөгч Зеленский албан ёсны X хаягтаа 2025 оны 04 дүгээр сарын 10-нд олзлогдсон хятад цэрэгтэй ярилцаж буй бичлэгийг нийтэлжээ. Тайлбар хэсэгтээ Украины тагнуулын албанд ОХУ-аас Украины эсрэг дайнд оролцсон 150 гаруй хятад иргэний мэдээлэл байгаа тухай дурджээ. Бичлэгт Жяyси мужийн иргэн Жан Рэнбо “…Энэ миний анхны байлдааны даалгавар байсан. Өмнө байлдааны ажиллагаанд оролцож үзээгүй, тэнд очихоосоо өмнө зэвсэг огт байрьж үзээгүй” хэмээн ярьсан. Хэнань мужийн Жэнжоу хотын иргэн 34 настай Ван Гуанжун “Дэд командлагчтайгаа гурвуулаа бууж өгсөн. Бүгд ийш тийш тарж байхдаа замдаа нэг орос цэрэгтэй нийлсэн. Үлдсэн хоёр хятадаасаа салсан. Биднийг бууж өгөхөд оросууд хийтэй тэсрэх бодис хаяж, хийгээр амьсгалж байхад Украины цэргийн албан хаагч ирээд хүзүүгээр чирч гаргасны дараа ухаан алдаж унасан” гэх тайлбар өгчээ.
The first two captured Chinese citizens. Today, investigators from the Security Service of Ukraine spoke with them. We are working to establish all the facts regarding the involvement of these and other Chinese citizens being part of the Russian occupation army. Ukrainian… pic.twitter.com/PkBpBjI2Qm
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) April 9, 2025
Украины Аюулгүй байдлын албанаас гаргасан мэдээлэлд цэргүүдийн нэг нь хятад дахь оросын төлөөлөгчөөр дамжин армид элссэн бол нөгөө нь интернэт дэх их мөнгөний зар харан, элссэн байна. Эдгээр хятад иргэний Орост ирсэн хугацаа нь мөн өөр байна. Шалгасан мэдээлэлд дурдсан “Улаан-Үдийн хятад ресторанд ажиллаж байсан хятад иргэдийг буу тулган хүчээр дайны шугамд үлдээсэн” гэх мэдээлэл огт байхгүй.