Search

“Богино хугацаанд 10 кг хасах Япон ногоон цай” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1386

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тураах япон ногоон будааны цай гэх бүтээгдэхүүн сурталчилсан бичлэг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаягаас хурдан хугацаанд тураана гэж амласан худал сурталчилгаа бүхий баталгаагүй бүтээгдэхүүн худалдаалж байна.

2024 оны 12 дугаар сарын 08-нд B.A store нэртэй хуудаснаас японы ногоон будаатай цай гэх бүтээгдэхүүн сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгт “10 кг хасахын тулд зөвхөн 1 хайрцаг хэрэглэхэд хангалттай, битгий шуналтаад хэд хэдэн хайрцаг хэрэглээрэй. Би 60 кг-аас 42 кг болчихлоо шүү. Доорх линк дээр дарж аваарай” гэх агуулгыг дурдсан ба тайлбар хэсэгтээ “Японы ногоон будаатай цай – Япончуудын арьсыг цагаан, жинг нь төгс байлгах нууц. Нэгэн үйлчлүүлэгч ердөө 2 өдрийн дотор Японы ногоон будаатай цай хэрэглээд жингээ хассан талаарх сэтгэгдлээ хуваалцлаа.3 хайрцгийг бүгдийг нь хэрэглэсний дараа таны бүсэлхий 10–15 см-ээр мэдэгдэхүйц багасах болно: https://www.umiko.net.vn/green-xxxx Энд дарж хямдралтай үнээр худалдаж аваарай!” хэмээн оруулжээ. Бичлэгийг нийт 1,100 гаруй реакц, 1,400 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 627 удаа цааш түгээжээ.

Хаяг шалгах нь

B.A Store хуудасны мэдээллийг шалгахад 2024 оны 07 дугаар сарын 10-нд нээгдсэн ба Вьетнамаас 6, Энэтхэгээс 1 админ удирдаж байна. Танилцуулга хэсэгтээ “Шашны байгууллага- Үнэт эдлэл, бугуйн цагны компани” гэсэн ангиллыг сонгож оруулсан байна. Гэвч дэлгүүрийн тухай үүнээс өөр мэдээлэл огт байхгүй. Холбогдох дугаар, байршил зэрэг ерөнхий мэдээлэл оруулаагүй байна.

Түгээсэн мэдээлэлд хавсаргасан линкний домэйн өргөтгөл нь “vn” буюу вьетнам сайт болохыг илтгэж байна. Уг хуудаст оруулсан бусад бүтээгдэхүүний тайлбар хэсэг мөн “vn” гэх Вьетнам сайтын өргөтгөлтэй сайтын линк хавсаргасан боловч домэйн нэр нь бүгд өөр байгааг доор зургаас харах боломжтой.

Бараа сурталчилж буй хуудасны админ нь Вьетнамд байрлалтай, холбогдох утасны дугаар, хаяг огт бичээгүй ба өөр өөр домэйн нэртэй хуурамч сайтыг руу орж худалдаа хийхийг уриалж байгаа нь хуурамч хаяг болохыг илтгэж байна. Мөн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээлэл огт бичээгүй, орц найрлагыг дурдаагүй, зөвхөн богино хугацаанд 10-аас дээш кг турна гэж амласан нь худал сурталчилгааны нэг илрэл юм. АНУ-ын Холбооны Худалдааны Комиссоос “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа жин хасах бүтээгдэхүүн сурталчлахдаа хурдан хугацаанд жин хасах тухай дурддаг хэмээн оруулсан. Ялангуяа хэрэглэгчээс ирсэн дэмжлэг бүхий жин хаясан түүх зэргийг оруулдаг байна. Тураах ногоон цай сурталчилж буй мэдээллийг ажиглахад зохиомол түүх буюу нэг хайрцаг хэрэглээд 60 кг-аас 42 кг хүртэл турсан гэх агуулгыг дурдсан.

Үргэлжлүүлэн тураах япон ногоон будааны цай гэх бүтээгдэхүүнийг зургаар хайхад интернэт орчинд вьетнам хэл дээр гадаад сайтуудад худалдаалагдаж буй илэрцүүд гарч ирлээ. Бүтээгдэхүүний тухай баталгаатай мэдээлэл өгсөн албан ёсны эх сурвалж огт байхгүй байна.

Ногоон цайны ханд нь жин хасахад бага зэргийн нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч дангаар нь хэрэглээд богино хугацаанд их хэмжээгээр жин хаях боломжгүй.

Ногоон цайны нэмэлт тэжээл таргалалт үзүүлэх нөлөө- санамсаргүй хяналттай туршилтын системчилсэн тойм, тунгийн хариу урвалын мета-шинжилгээ” судалгаанд Ногоон цайны хэрэглээ нь таргалалтын индексийг сайжруулж байгааг харуулсан ба илүүдэл жинтэй өвчтөний эмчилгээнд тэнцвэртэй эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөнтэй хослуулахыг зөвлөсөн байна.

“Жин хасахад өндөр тунтай ногоон цайны хандны үзүүлэх эмчилгээний үр нөлөө” эмнэл зүйн туршилтын судалгаанд ногоон цайны хандыг өндөр тунгаар 12 долоо хоног эмчилснээр биеийн жин мэдэгдэхүйц буурч, бүсэлхийн тойргийн хэмжээ багасаж, цусны сийвэн дэх холестрин болон бага нягтралтай липопротеины түвшин тогтмол буурсныг харуулжээ.

  • Ногоон цай нь жин хасах, жингээ барихад бага зэргийн нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч маш бага нөлөөтэй, нөлөөгүй гэсэн судалгаа мөн бий.

2012 онд нийтлэгдсэн “Илүүдэл жин, таргалалттай насанд хүрэгчдэд жин хасах, жингээ барихад зориулсан ногоон цай” тойм судалгаагаар 15 судалгаанд анализ хийсэн бөгөөд ногоон цайны бэлдмэл нь таргалалттай насанд хүрэгчдэд жин хасахад чухал нөлөө үзүүлээгүй хэмээн дүгнэжээ.

2019 онд нийтлэгдсэн “Жингээ хасахад зориулсан хоолны дэглэмийн стратеги” мета-шинжилгээ судалгаанд ногоон цай, түүний бүрэлдэхүүн хэсэг болох EGCD нь жингээ хасахад эерэг нөлөө үзүүлдэг гэсэн нотолгоо одоогоор байхгүй тухай дурджээ.

Мөн хурдан хугацаанд их хэмжээний жин хасах нь эрүүл бус бөгөөд булчин сулрахцөсний чулуу үүсэххоол тэжээлийн дутагдалд орохбодисын солилцоо буурах зэрэг эрсдэл учруулж болзошгүй. АНУ-ын Зүрх, уушги, цусны үндэсний хүрээлэнгийн сайтад 7 хоногт ойролцоогоор 1-2 фунт буюу 0.5-1кг хасах нь зүйтэй хэмээн зөвлөжээ. Мөн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвҮндэсний эрүүл мэндийн албанаас эрүүлээр жин хасахад 7 хоногт 0.5-1 кг жин хасахыг зөвлөсөн байна.

Хуурамч хаягаас хурдан хугацаанд тураана гэж амласан худал сурталчилгаа бүхий баталгаагүй бүтээгдэхүүн худалдаалж байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document