2025 оны гуравдугаар сарын 24-нд M-GOO beauty store нэртэй Facebook хуудаснаас “Солонгос эмэгтэйчүүдийн лаа, Эмэгтэйчүүдийн үтрээний үрэвсэлт өвчний үед, Мөөгөнцөр болон үтрээний загтнаа улайлтын үед, БЗХӨ болон трихоманадийн вирусийн халдвар авсан үед, Үтрээний эвгүй үнэр болон өнгөтэй ялгадас гарсан үед, Жилд 1-2 удаа үтрээний үрэвсэлт өвчинөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн үтрээг цэвэрлэх зорилгоор эмэгтэйчүүдийн лааг хэрэглэх эмнэлзүйн заалттай байдаг” гэсэн тайлбартай пост нийтэлсэн.
Тус постыг 2022 оны 11 дүгээр сарын 3-нд Facebook-д анх нийтэлж байсан бөгөөд одоог хүртэл boost хийж, борлуулсаар байна. 2025 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 3,100 реакц, 2,300 гаруй сэтгэгдэл авч, 1700 удаа цааш түгээгджээ.

FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Монголын Эм Эмнэлэгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас тус эмэгтэйчүүдийн лааг чанар, аюулгүй байдал нь тодорхойгүй гэж мэдээлсэн
Шалгасан мэдээлэлд дурдсан “Canemazole” лааны үндсэн найрлага нь Clotrimazole 100mg бөгөөд эмчийн зааврын дагуу үтрээний мөөгөнцөрийн халдварын үед хэрэглэнэ гэж заажээ. Clotrimazole нь мөөгөнцрийн эсрэг өргөн хэрэглэгддэг бодис бөгөөд үтрээний халдвар, арьсны мөөгөнцөр, хөлний мөөгөнцөр зэрэгт хэрэглэдэг байна. Харин үүнийг нь баталгаажуулсан баримт байхгүй байна. Тухайлбал, эмийн бүртгэлд ороогүй байна.

Монгол Улсад эм, эмнэлгийн хэрэгслийг бүртгэж, баталгаажуулдаг албан ёсны байгууллага бол Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ) болон Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар (ЭЭХХЗГ) юм. Тэгвэл тус газраас 2022 оны 10 дугаар сарын 20-нд “Canemazole 100мг” лааг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанар аюулгүй байдал нь тодорхойгүй тул иргэдийг баталгаагүй бүтээгдэхүүн худалдан авч эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлжээ.
Шалгасан мэдээлэлд дурдсан эм нь “Dongkwang Pharmaceutical” компанийн үйлдвэрлэдэг “Canemazol” эмээс өөр байна
Canemazole лаа нь Солонгос улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэж зарагддаг ч, Солонгосын эмийн зах зээлд албан ёсоор бүртгэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. Түүнчлэн Солонгос улсын эмийн мэдээллийн төвийн албан ёсны Health.kr сайтаас “Canemazole” лааг хайхад өөр савалгаатай, Canemazol гэх лаа байв. Харин үйлдвэрлэгч нь Dongkwang Pharmaceutical буюу шалгасан мэдээлэлд дурдсан лаатай ижил байна.

Солонгосын томоохон эмийн сангуудын вэбсайтад тус бүтээгдэхүүн байхгүй байна. (энд, энд бас энд) Мөн Монголын emonos.mn, apteka.mn зэрэг ЭМЯ, ЭЭХХЗГ-ын бүртгэлтэй албан ёсны эмийн сангуудад шалгасан мэдээлэлд дурдсан “Canemazole” эмэгтэйчүүдийн лаа нь зарагддаггүй бөгөөд тус бүтээгдэхүүнийг зөвхөн цахим орчинд хэд хэдэн online shop( энд, энд) болон хувь хүн худалдаалдаг байна.
Иймээс аливаа эм бэлдмэлийг эмчийн зааваргүйгээр худалдан авч хэрэглэхээс зайлсхийгээрэй. Мөн цахим орчинд сурталчилж буй бүтээгдэхүүний тухай мэдээллийг сайтар судалж, нягталдаг хэрсүү хэрэглэгч байгаарай.