Search

Астма, ханиалганы наалт үр дүнтэй эсэх нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1383

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

”Бронхит, хуурай болон цэртэй ханиалга, хоолой сэрвэгэнэж загатнах үед нааж хэрэглэх астма, ханиалгын наалт гэх бүтээгдэхүүний талаарх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ханиадны наалт нь түр зуурын тайвшруулах үйлчилгээ үзүүлэх магадлалтай ч өвчнийг бүрэн эмчлэх эсэх нь шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй. Астма нь бүрэн эдгэдэггүй өвчин бөгөөд шинжлэх ухааны үндэслэлтэй, эмчийн зөвлөсөн эмчилгээний аргуудыг хэрэглэснээр шинж тэмдгийг бууруулах боломжтой юм. Тиймээс ханиалгах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж, цээж өвдөх, цэр гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл баталгаагүй бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийж, мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй.

2025 оны хоёрдугаар сарын 21-нд Star online shop гэх хуудаснаас “Бронхит, хуурай болон цэртэй ханиалга, хоолой сэрвэгэнэж загатнах үед нааж хэрэглэх астма, ханиалгын наалт ирлээ. Уг бүтээгдэхүүнийг нааснаас 6-8 цагийн дараа хуулж авна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг пост 800 реакц, 651 сэтгэгдэл авч, 863 удаа цааш түгээгджээ.

Уг мэдээллийг шалгахын тулд агуулгаар хайх аргыг ашиглаж, холбогдох судалгааны материалыг шүүлээ. Астма болон ханиалга нь амьсгалын замын өвчин бөгөөд гуурсан хоолойн нарийсал, үрэвсэл, салст ихсэх зэрэг физиологийн өөрчлөлтүүдтэй холбоотой үүсдэг. Үүнийг наалтаар эмчлэх нь үр дүнтэй болохыг баталсан найдвартай эмнэл зүйн судалгаа байхгүй. Энэ талаар “Ургамлын гаралтай астмын наалт: Санамсаргүй түүврийн аргын туршилт” мета шинжилгээ судалгаанд “Энэхүү наалт нь уушгины үйл ажиллагааг бага зэрэг сайжруулж, астмын шинж тэмдгийг бууруулж магадгүй гэж үзсэн байна. Гэвч бүтээгдэхүүн хоорондоо өөр өөр орц, найрлагатай тул ялгаатай үр дүн үзүүлэх магадлалтай. Иймээс эдгээр наалтын үр нөлөө бүрэн батлагдаагүй байна. Одоогийн байдлаар наалтыг астмын тогтсон эмчилгээний оронд хэрэглэх нь зохимжгүй бөгөөд илүү нарийн судалгаа хийх шаардлагатай. Тиймээс эмчийн зөвлөгөөг дагаж, батлагдсан эм хэрэглэх нь чухал” гэж тэмдэглэсэн байна. Мөн уг наалтуудын үр дүн хангалттай батлагдаагүй, илүү олон судалгаа шаардлагатай байгаа үед мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаж, баталгаагүй бүтээгдэхүүнийг хэрэглэж эрсдэл хүлээхгүй байхыг онцлон сануулжээ.

Зарим ханиалгын наалт нь тайвшруулах үйлчилгээтэй орц (жишээлбэл, ментол) агуулдаг учир түр зуур өвдөлт намдаах магадлалтай. Гэвч ханиалгыг бүрэн эдгээдэг эсэхийг баталсан эмнэл зүйн судалгаа хангалттай хийгдээгүй байна. Мөн тухайн бүтээгдэхүүний аюулгүй байдлын баталгаа ч бүрэн бус байгаа юм. 2006 оны NBV News мэдээллийн сайтад “Ханиалга намдаах наалтыг зажилсан хүүхдэд таталт өгсөн тохиолдол гарсан байна. Тухайн бүтээгдэхүүнийг буцаан татсан. Уг наалт нь камфор, эвкалиптын тос, ментол агуулдаг бөгөөд хоёроос дээш насны хүүхдүүдийн цээж, хоолойд наах замаар хэрэглэдэг. Санамсаргүй тохиолдлоор камфор, эвкалиптын тосыг залгих нь толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, таталт өгөх зэрэг гаж нөлөөтэй” гэх тохиолдлыг нийтэлж байжээ.

Энэ төрлийн шинжлэх ухаанаар бүрэн батлагдаагүй бүтээгдэхүүний сурталчилгаа нь олон нийтийг төөрөгдүүлж, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Үүдэл эсийн эмчилгээ, хөгшрөлтийн эсрэг, сэтгэцийн эмгэгийг эмчлэх наалт гэх мэт баталгаагүй бүтээгдэхүүнийг хэтрүүлэн сурталчилдаг. Эдгээр сурталчилгааны бүтээгдэхүүний эсрэг олон улсын мэргэжлийн байгууллага, тухайн улс орны эрүүл мэндийн салбараас сэрэмжлүүлэх мэдээллийг түгээж, батлагдсан эмчилгээг ашиглахыг зөвлөдөг. Тухайлбал, Израил улсын Эрүүл мэндийн яамнаас “Олон нийтэд мэдээлж буй эмчлэх чадвартай, өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэл гэх мэтээр сурталчилж буй эм, нунтаг, ханд, тос, наалт зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэхээс сэрэмжлүүлж байна. Эдгээр сурталчилгаа нь эмчилгээний хуурмаг дүр төрхийг бий болгож, шаардлагатай эмчилгээг авахаас зайлсхийж, эрүүл мэндээ эрсдэлд оруулах зэрэг нөхцөл байдлыг бий болгож байна. Иймээс үр дүнтэй, аюулгүй, чанартай нь батлагдсан эм, эмийн бэлдмэлийн сонгохыг олон нийтэд сануулж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Иймд ханиалгах шинж тэмдэг удаан хугацаанд үргэлжилж, цээж өвдөх, цэр гарах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах хэрэгтэй. Мөн астма нь архаг өвчин бөгөөд зөвхөн эмчийн зааврын дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй эмчилгээгээр хянах боломжтой. Наалт, ургамлын гаралтай бэлдмэл зэрэг баталгаагүй бүтээгдэхүүн нь астмад үр нөлөө үзүүлэхгүй бөгөөд эрсдэл учруулж болзошгүй юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document