2025 оны 03 дугаар сарын 21-нд Аминаагийн Аав нэртэй хаягаас “Казахстанд уусган баяжуулж УРАН олборлосон тосгон 17.000 хүнтэй байсан бол одоо 200 хүрэхгүй хүн амьд үлдсэн гэнэ” гэсэн пост нийтэлжээ. Тус пост нийт 689 реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1900 гаруй удаа цааш түгээгджээ.
Энэ нь сүүлийн үед олон нийтийн цахим орчинд тархаад буй Казахстаны Калачи тосгоны тухай өгүүлжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Казахстанд уран олборлосон тосгон болох Красногорск тосгон ойролцоогоор 6500 оршин суугчдаас 130 гаруй оршин суугчид тосгоноосоо нүүлгүй үлдсэн гэж TheGuardian.com сайтад мэдээлжээ. Тус хотыг хуучин ЗХУ-ын үед хүдэр олборлох газар ажиллуулж, 1960-1990-ээд онд ураны хүдэр олборлож байжээ. 1991-1992 онд ЗХУ задран унасны дараа тэнд ураны үйлдвэрлэл зогссон байна.
2013 онд унтах өвчнөөр Казахстаны Калачи тосгоны зарим иргэд өвчилсөн тухай мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Красногорский дүүргийн ойролцоох 800 гаруй хүн амтай Калачи тосгонд хүмүүс унтах өвчинд нэрвэгдсэн тухай мэдээлэл олны анхаарлыг татжээ. Красногорский нь 6500 хүн амтай, ихэнх нь уурхайчид амьдардаг байсан аж. Одоо уурхай хаагдсан ба хүн ам нь 130 орчим болжээ.
Казахстаны Калачи тосгонд нойрны эмгэг гарснаас үүдэж тус тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн
2013 оноос эхлэн нойрны эмгэгээр Казахстаны Калачи, Красногорск хотын 140 гаруй хүн өртсөн бөгөөд үүнээс болж 800 гаруй оршин суугчтай Каличи тосгоны иргэдийг уг өвчний дараа нүүлгэн шилжүүлсэн байна.
Харин тус өвчний шалтгааныг TheGuardian.com сайтад мэдээлснээр “Казахстаны засгийн газар нойрны өвчний нууцыг тайлсан гэж мэдэгдэв” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Тухайлбал, бүх оршин суугчдын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнд дүн шинжилгээ хийсний дараа эрдэмтэд агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрс устөрөгчийн (CH) хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Ураны уурхай хаагдсан ч заримдаа тэнд нүүрстөрөгчийн дутуу ислийн концентраци үүсдэг гэв. Түүнчлэн агаар дахь хүчилтөрөгч зохих хэмжээгээр буурч байгаа нь тосгонд нойрмоглох өвчний жинхэнэ шалтгаан болж байна гэж тайлбарлажээ.
Мөн тухайн үед Казахстаны Tengrinews.kz сайтын мэдээлснээр, “Уурхайн хог хаягдал болон нойрны өвчин хоёр хоорондоо холбоотой боловч уран олборлолттой шууд хамааралгүй” гэжээ. Тухайлбал, Казахстаны Үндэсний цөмийн төвийн радиоэкологийн ерөнхий дэд захирал Сергей Лукашенко “Уурхайн үйл ажиллагаанд бэхэлгээ, шал зэрэгт их хэмжээний мод ашиглагддаг. Харин уурхай хаагдсаны дараа усанд автсанаар мод устай харилцан үйлчилж, улмаар нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч эхэлсэн” хэмээн тайлбарлажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай өмнөх баримт шалгалтаас авах боломжтой.