Search

В12 витамины хэмжээ хорт хавдартай холбоотойг нотлоогүй ч дур мэдэн судсаар хийлгэхээс татгалзаарай

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1380

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цусан дахь илүүдэл витамин ба хавдар. Хүн хүнсээр илүүдэл тэжээл, витамин авбал биеэс шимэгдэлгүй гадагшилчихдаг. Хүний бие бүхнийг зохицуулдаг смарт систем юм. Харин судсаар хүчээр хийх нь биед шууд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд хоол хүнсээрээ л хэрэгтэй юмсан авч бай” гэсэн пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Хэдийгээр судсаар B12 тарих боломжтой ч булчинд тарих нь илүү үр дүнтэй, удаан үйлчилдэг, аюулгүй гэж үздэг байна. Учир нь судсаар тарьсан тохиолдолд B12 витамин уусамтгай шинж чанартай тул богино хугацаанд шээсээр гадагшилж болзошгүй.

2025 оны гуравдугаар дугаар сарын 16-нд T Khuvsguluu Angela нэртэй хуудсаас “Цусан дахь илүүдэл витамин ба хавдар. Чухам ядарч сульдаад л хавар эмнэлэгт эсвэл сайн дураараа витамин судсандаа шахуулж санаа нь амардаг билүү? Тэгвэл доторхыг нэг уншаарай. Цусанд эргэлдэж буй В12-н төрлийн витамины хэмжээ өндөр байх ба хэд хэдэн төрлийн хорт хавдартай холбоотой байгаа талаар судалгаанууд сүүлийн жилүүдэд цөөнгүй нийтлэгдэж байна. Энэ нь яг витамин ихдээд хавдар болж байна гэсэн баталгаа биш ч витамины илүүдэлтэй хүмүүст хавдартай байх магадлал байна гэсэн үг юм. Хүн хүнсээр илүүдэл тэжээл, витамин авбал биеэс шимэгдэлгүй гадагшилчихдаг. Хүний бие бүхнийг зохицуулдаг смарт систем юм. Харин судсаар хүчээр хийх нь биед шууд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй. Иймд хоол хүнсээрээ л хэрэгтэй юмсан авч бай! Жич: Манайд хүнсээр авч чадахгүй зүйл бараг байхгүй дээ” гэсэн пост нийтэлжээ.

Тус постыг 2023 оны тавдугаар сарын 1-нд Б.Түвшин гэх хаягаас анх нийтэлж байсныг дахин идэвхжүүлж эхэлсэн учир баримт шалгалт хийлээ. Энэхүү хаягийн постод АНУ-ын Биотехнологийн үндэсний хүрээлэнгийн “Их хэмжээний витамин B12 ба хатуу хавдрын хамаарлын хүч” судалгааг эх сурвалжаар дурдсан байна. Тус судалгаа нь B12-ын өндөр түвшний шалтгаанууд болох миелоид цусны хорт хавдар, хурц болон архаг элэгний өвчнүүд, архаг бөөрний дутагдал, аутоиммун болон үрэвсэлт өвчнүүд, B12-ын хэт их нэмэлт хэрэглээг судалсан байна. Судалгааны дүнд “B12-ын өндөр түвшинтэй хамгийн их хамааралтай хавдар болон үсэрхийллийн байршлууд нь нойр булчирхай, бүдүүн гэдэс/шулуун гэдэс, уушги, түрүү булчирхай, шээсний зам (уротелий), яс болон элэгний үсэрхийлэл байв” гэж дүгнэжээ. Мөн үүнтэй ижил үр дүнтэй хэд хэдэн судалгаа байна.

Гэхдээ В12 витамины илүүдлээс болж хавдар үүсдэг бус, хавдартай хүмүүст В12 их байх хамаарлыг гаргаж ирсэн байна. Тухайлбал, Швейцарьт төвтэй эрдэм шинжилгээний нээлттэй сэтгүүл MDPI-д 2005 оны 1-р сараас 2022 оны 3-р сарын хооронд PubMed-д хэвлэгдсэн энэ төрлийн ​​​​судалгаануудад нэгдсэн дүгнэлт хийсэн “Цусны сийвэн дэх В12 витамины өндөр агууламж ба хорт хавдар” судалгаануудын тоймдХорт хавдар болон B12-ийн шалтгааны хамаарлыг дүгнэх боломжгүй. В12 витамины өндөр хэрэглээ эсвэл В12 витаминыг эмийн тунгаар хэрэглэх нь хорт хавдар үүсэх шалтгаантай холбоотой гэж үзэх хангалттай нотолгоо байхгүй” гэжээ. Зарим судалгаанд, тухайлбал элэгний хавдрын үед В12 элгэнд хэт хуримтлагдсан тохиолдлууд байдаг ч энэ нь В12-ыг судсаар хийлгэснээс үүдэлтэй гэж тайлбарлахгүй. Ихэнх тохиолдолд генетикийн шалтгаанаар В12-ын төвлөрөл, хавдар ажиглагддаг. Өөрөөр хэлбэл, В12 уушги, шулуун гэдэсний хавдар зэргийн хооронд корреляц байгаа ч энэ нь В12-оос болсон гэхээсээ илүү гаж нөлөө, суурь шалтгаанаас болж цусанд В12 ихсэж, хавдар үүсэх магадлалтай гэжээ.

В12 витамин гэж юу вэ?

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэдээллийн сайтад витамин B12 нь “кобаламин” гэж нэрлэгддэг, усанд уусдаг, амин чухал шим тэжээлт бодис юм. Энэ нь улаан эс үүсэх, мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагааг хангах, ДНХ-ийн нийлэгжилтэд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тайлбарлажээ.

Мөн витамин В12 нь загас, мах, өндөг, сүүн бүтээгдэхүүн зэрэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг байна. Насанд хүрэгчдэд өдөрт ойролцоогоор 2.4 микрограмм (мкг) витамин В12 шаардлагатай байдаг ба жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүдэд илүү их хэрэгцээтэй байдаг гэж АНУ-ын Cleveland Clinic төвийн мэдээллийн сайтад мэдээлжээ.

Хэдийгээр судсаар B12 тарих боломжтой ч булчинд тарих нь илүү үр дүнтэй, удаан үйлчилдэг, аюулгүй гэж үздэг байна

Шалгасан мэдээлэлд “Цусанд эргэлдэж буй В12-ын төрлийн витамины хэмжээ өндөр байх ба хэд хэдэн төрлийн хорт хавдартай холбоотой” гэжээ.

  • Витамин B12-ыг нэмэлтээр хэрэглэх үед B12-ын түвшин ихэсч болох ч үүнээс хорт хавдар үүсдэггүй, харин хорт хавдартай хүмүүсийн B12-ын түвшин өндөр байх нь хавдрын физиологитой холбоотой гэж үздэг талаар хэд хэдэн судалгаанууд байна. (Энд, энд бас энд)

Мөн шалгасан мэдээлэлд “Хүн хүнсээр илүүдэл тэжээл, витамин авбал биеэс шимэгдэлгүй гадагшилчихдаг, харин судсаар хүчээр хийх нь биед шууд хортой нөлөө үзүүлэх эрсдэлтэй” гэсэн байна.

  • Хэдийгээр судсаар B12 тарих боломжтой ч булчинд тарих нь илүү үр дүнтэй, удаан үйлчилдэг, аюулгүй гэж үздэг байна. Учир нь судсаар тарьсан тохиолдолд B12 витамин маш хурдан цусанд орж, богино хугацаанд шээсээр гадагшилж болзошгүй. B12 витамин нь усанд уусдаг витамин бөгөөд энэ нь бие махбодын шаардлагад нийцсэн хэмжээгээ ашиглаад, илүүдэл нь шээсээр гадагшилдаг.
  • АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс B12 витамины дутагдалд ахмадууд, цус багадалттай болон цагаан хоолтон зэрэг хүмүүс өртөх нь элбэг тохиолддог гэж мэдээлжээ.
  • Түүнчлэн эмч нар цусан дахь В12 витамины дутагдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор тус витаминыг судсаар тарихыг зөвлөдөггүй. Харин зайлшгүй шаардлагатай буюу В12-ын ноцтой дутагдал, ходоод гэдэсний мэс засал хийлгэсэн өвчтөн зэрэг тохиолдлуудад судсаар тарихыг зөвлөдөг гэжээ.

Дүгнэхэд, витамин В12-ын нэмэлт хэрэглээг зөвхөн эмчийн заавраар, шаардлагатай тохиолдолд хэрэглэх нь зүйтэй юм. Та судсаар витамин хийлгэхээс илүүтэй эрүүл, тэнцвэртэй хооллолтоор В12 витамины хэрэгцээг хангах нь хамгийн тохиромжтой арга юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document