Search

Хөлс дарах цацлагаар биеийн эвгүй үнэрийг бүрэн арилгах боломжгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1378

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хөлрөлт зогсоож, хулмас арилгах эмчилгээний цацлагыг нэг удаа хэрэглэснээр хөлсний булчирхайн идэвхжилтийг зогсоож, суганы эвгүй үнэрийг ор мөргүй арилгана” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хөлс дарах бүтээгдэхүүн нь хөлсний үнэрийг түр хугацаанд дарж, сэргийлэх боломжтой ч хулмасыг бүрэн арилгаж, эмчлэх арга биш юм. Мөн өөрийн онцлогт тохирсон хөлс дарагчийг сонгоогүй тохиолдолд харшил, тууралт гарах эрсдэлтэй.

2025 оны хоёрдугаар сарын 11-ий өдөр Ochloo.mn гэх хуудаснаас “Хөлрөлт зогсоож, хулмас арилгах эмчилгээний цацлагагэсэн мэдээллийг нийтэлжээ. Мөн тухайн цацлагыг хэрэглэснээр хөлсний булчирхайн идэвхжилтийг зогсоож, суганы эвгүй үнэрийг ор мөргүй арилгах боломжтой гэх агуулгыг дурдсан байна. Уг пост 811 реакц, 702 сэтгэгдэл авч, 211 удаа цааш түгээгджээ.

Хулмас нь хөлс арьсан дээрх бактериудтай урвалд орсноор үүсдэг таагүй үнэр юм. Хөлс өөрөө үнэргүй боловч арьсан дээрх бактериуд хөлсний бүрэлдэхүүн хэсгүүдийг задалж, үнэр үүсгэдэг. Хөлсийг ялгаруулдаг эккрин, аппокрин гэх хоёр гол булчирхай бий. Аппокрин нь уураг, липид агуулдаг тул илүү зузаан, тослог хөлс ялгаруулж, хүчтэй үнэртдэг.

Харвардын Анагаах ухааны их сургуулийн албан ёсны мэдээллийн сайтад  хулмасны эвгүй үнэрийг арилгах хамгийн хялбар арга нь усанд орж, хувийн ариун цэвэртээ анхаарах юм. Гэвч идэвхтэй дасгал хийдэг, хэт их хөлс ялгардаг, ойр ойрхон усанд орох боломжгүй нөхцөлд хөлс дарагчийг ашигладаг. Ихэнх хөлс дарагч нь хулмасны үнэрийг үүсгэдэг бактерийг хучиж, нэмэлт үнэрээр хаах маягаар ажилладаг. Энэ нь хөлсний ялгаралтыг зогсоож, арьсан дахь бактерийг цэвэрлэхгүй тул хулмасыг бүрэн арилгаж чадахгүй гэжээ.

Харин хөнгөн цагааны нэгдлүүдийг агуулсан хөлс дарагчид нь булчирхайд хүрч, эвгүй үнэр гарахаас сэргийлдэг. Энэ талаар Охайогийн Их Сургуулийн мэргэжилтнүүд “Антиперспирант буюу хөнгөн цагааны нэгдэл агуулсан хөлс дарагч бүтээгдэхүүн нь хөлсний үйлдвэрлэлийг бууруулж, хөлсний сувгийн гадаргууд бөглөө үүсгэж, хөлсний ялгаралтыг зогсоох замаар ажилладаг” болохыг дурдсан. Хөлс дарагч нь богино хугацааны, бага хэмжээний хөлс ялгарч буй үед үйлчилж болох ч хулмасыг бүр мөсөн арилгаж, гиперхидрозыг (хөлс хэт их ялгардаг өвчин) эмчлэхгүй. Үүнийг “Дезодорант ба антиперспирантын идэвхтэй бодисуудыг туршилтын аргаар шинжилсэн” судалгаанд хөлс дарагчид түгээмэл ашигладаг хөнгөн цагаан, ургамлын ханд, эфирийн тос, бактерийн ханд зэрэг орцын үр ашиг, аюулгүй байдлыг судлахын тулд илүү нарийн судалгаа хийх шаардлагатайг онцолсон байна. Мөн хөлс дарагч нь ялгарч буй хөлс, бактерид хүрч үйлчлэх ч батлагдсан эмчилгээний хэмжээнд хөлсний булчирхайн үйл ажиллагаанд хүрч нөлөө үзүүлэхгүй гэжээ.

Тиймээс энгийн үед ч хөлс хэт их ялгарч, өөрт таагүй мэдрэмж өгч байгаа бол мэргэжлийн эмчид хандаж, зөвлөгөө авах хэрэгтэй. Хувь хүний онцлог, хөлсний булчирхай зэргээс хамааран эмчилгээний хэлбэр өөр өөр байдаг. Тухайлбал, Хэт их хөлс ялгарч, өдөр тутмын амьдралд нөлөөлж байгаа тохиолдолд мэс заслын аргаар хөлсний булчирхайн ажиллагааг зогсоож, хулмасны үнэрийг бүрмөсөн арилгах боломжтой. Мэс заслын арга нь хамгийн эцсийн шат бөгөөд хөнгөн тохиолдолд хүчтэй орц найрлага, үйлчилгээтэй хөлс дарах бүтээгдэхүүнийг жороор олгодог байна.

Хөлс ялгарч, үнэр үүсэх нь хэвийн үзэгдэл бөгөөд хувийн ариун цэврийг хангаснаар уг байдлаас сэргийлэх боломжтой. Дасгал хийхдээ, ус шингээх чадвартай даавуугаар хийсэн хувцас сонгож болно. Амьсгалдаг даавуун хувцас өдөр тутамдаа өмсөж, хөлстэй хувцас, хэрэглэлийг дор бүр нь угаах хэрэгтэй. Мөн суганы үсийг авснаар хөлс хурдан ууршиж, үнэр үүсэхээс сэргийлэх боломжтой байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document