2025 оны 03 дугаар сарын 30-нд 𝐓𝐨𝐘𝐨𝐓𝐚.𝑭𝒂𝒏𝒔• нэртэй хуудаснаас “TOYOTA компанийн 57 жилийн ойг тохиолдуулан 04.05.25-аас өмнө 3 шинэ машин бэлэглэхээр боллоо. Төрсөн сараа оруулна уу, жишээ нь “11-р сар”. манай хуудсан дээр:” гэх тайлбартай хэд хэдэн шинэ машины зураг нийтэлжээ. Тус постыг нийт 891 реакц, 4,600 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 13 мянга гаруй удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Хаяг шалгах
Toyata Fans хуудасны мэдээллийг шалгахад 2025 оны 03 дугаар сарын 30-нд нээгдсэн хуудас байна. Уг хуудсыг нээсэн өдрөө азтан шалгаруулах постыг шууд оруулжээ. Мөн хуудасны танилцуулга хэсэгт “Манай хуудсыг дагахаа бүү мартаарай” гэхээс өөр мэдээлэл огт оруулаагүй байна. Дөнгөж нээсэн, огт мэдээлэл оруулаагүй хаягтаа үнэ бүхий эд зүйл бэлэглэнэ гэх пост оруулж буй нь хуурамч хаяг байх магадлалтайг харуулж байна.

Зургаар хайх
Нийтэлсэн зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд түгээмэл тархсан, тэр дундаа шалгасан посттой ижил “ойн хүрээнд азтан шалгаруулна” гэх агуулгаар гадаад хэл дээр түгжээ. Мөн гадаад хэлээр түгээсэн хаягууд адил нэртэй байгааг доорх зургаас харах боломжтой. Үүнээс харахад гадаадаас явуулж буй залилан байж болзошгүй юм.

Агуулгыг нягтлах
Шалгасан мэдээлэлд “Toyata компанийн 57 жилийн ойд зориулан” гэж онцолсон. Toyata Motor компани 1937 онд үүсгэн байгуулагдсан ба энэ жил 88 жилийн ой тохиож байна. Мөн үнэ бүхий эд зүйл бэлэглэнэ гэж амласан ч шалгуур нь амархан байхаас гадна хэзээ азтанаа шалгаруулах, коммент бичсэн хэрэглэгчдээс ямар шалгуураар сонгох эсэх нь тодорхойгүй, бүрэн мэдээлэл өгөөгүй байна. Энэ нь хуурамч мэдээлэл болохыг илтгэж буй сэжүүр юм. Facebook-ээс “Toyata“,”Toyata Mongolia” гэж хайхад цэнхэр баталгаат тэмдэгтэй, байгууллагын сайт, холбогдох дугаар зэрэг мэдээллийг бүрэн оруулсан албан ёсны дистрибьютер хаягийг олох боломжтой.
Танигдсан компани, брэндийн логог ашиглан хуурамч хаяг нээж богино хугацаанд хандалт авах зорилготойгоор азтан шалгаруулах пост оруулжээ. Иймд аливаа эргэлзээтэй мэдээллийг хаяг шалгах, зургаар хайх, агуулгыг нягтлах гэсэн гурван аргаар шалгаж хэвшээрэй.