Search

Оросын зүгээс идэвхтэй явуулсан мэдээллийг орчуулан түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1376

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Украины хэвлэл мэдээллийн байгууллагуудын 90 хувийг USAID санхүүжүүлдэг байсан ба Майданы хувьсгалын өмнө 500 тэрбум ам.долларыг, зөвхөн хэвлэл мэдээлллйин байгууллага, ТББ-д 52 тэрбум ам.долларыг хуваарилж байсан” гэх агуулга бүхий мэдээллийг түгээжээ. USAID-ээс Украинд 2013 онд

Баримт шалгалтын үр дүн

Украины хэвлэл мэдээллийн байгууллагын 35 хувь нь 2024 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар үйл ажиллагааныхаа 75-аас их хувийг санхүүжүүлсэн тухай Institute of Mass Infromation байгууллагаас гаргасан судалгаанд дурджээ. USAID-ээс Украинд 2013 онд 7.989 сая , 2014 онд 7.95 сая ам.долларыг тусламжаар илгээсэн.

2025 оны 03 дугаар сарын 27-нд Delgermaa beckbat (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “Бүх зүйл гэрэлд гарч байна. Украйны  хэвлэл мэдээллийн байгууллагуудын 90% ыг USAID-аас цалинжуулдаг байжээ. Одоо Украйны тв, хэвлэл мэдээллийн албадууд цөөрч, эрс суларсан байна. 2014 оны үед Жорж Сорос хэлэхдээ, Жо Байден их тэвчээртэй хүн. Оросын нөлөөллөөс Украйныг салгахын тулд, Украйнд “ардчилал” тогтох ёстой хэмээн хэлж байжээ. Украйны Майданы өмнөхөн USAID-c нийт 500 тэрбум доллар хувиарлаж байсан бол, зөвхөн хэвлэл мэдээллийнхэн, ТББ-уудад 52 тэрбум доллар хуваариласан байжээ. Д.Трамп дэлхий даяар USAID-аас цалинждаг гадаадын ТББ-ууд, бие даасан чөлөөт сэтгүүлчдийн  80%-ийн тусламжийг  одоогоор зогсоогоод байгаа ажээ” гэх мэдээллийг түгээжээ. Тус постыг нийт 523 реакц, 49 сэтгэгдлээр идэвхжүүлж, 212 удаа цааш түгээжээ.

Энэ нь Трамп сонгогдсоны дараа USAID-ийн үйл ажиллагааг 90 хоног царцаах шийдвэр гарсны дараа телеграм группээс эхлэн олон улсад цацагдсан мэдээлэл юм. Тухайлбал ОХУ-ын Ведмости төв хэвлэлд 02 дугаар сарын 06-нд нийтэлж байжээ.

Эх сурвалж: vedomosti.ru

АНУ-ын тусламжийг нээлттэй мэдээлдэг тайланд Майданы хувьсгалын өмнө 500 тэрбум ам.доллар өгсөн гэх мэдээлэл худал

Шалгасан мэдээлэлд “Украины Майданы хувьсгалын өмнө USAID Украинд 500 тэрбум доллар, хэвлэл мэдээллийн байгууллага, ТББ-д 52 тэрбум доллар өгсөн” гэх агуулгыг дурдсан. Майданы хувьсгал 2013 оны сүүлээр эхэлсэн. АНУ-ын гадаад руу чиглэсэн тусламжийн мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлдэг ForeignAssistance.gov сайтаас Украинд илгээсэн санхүүгийн тусламжийн мэдээллийг шүүж үзэхэд 2013 онд 254 сая ам.долларын тусламж амласнаас 234 сая ам.долларыг илгээсэн , 2014 онд 307 сая ам.доллар амласнаас 191 сая ам.долларыг илгээжээ. Харин тус жилүүдэд USAID агентлаг Украинд 7.989 сая, 7.95 сая ам.долларыг тусламжаар илгээсэн байна. 2013, 2014 оны АНУ-аас Украинд илгээсэн тусламжийн нээлттэй мэдээлэлд 500 тэрбум, 52 тэрбум ам.долларын тухай мэдээлэл огт байхгүй байна.

Эх сурвалж: Foreignassistance.gov 2013 онд АНУ-аас Украинд илгээсэн тусламжийн хэмжээ.
Эх сурвалж: Foreignassistance.gov 2014 онд АНУ-аас Украинд илгээсэн тусламжийн хэмжээ.

Украины хэвлэл мэдээллийн байгууллагуудын 84.2 хувь нь үйл ажиллагааныхаа 1-75 хувийг АНУ-ын буцалтгүй тусламжаар явуулсан гэжээ

Украинд иргэний нийгэм байгуулахад хэвлэл мэдээллийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг ашгийн бус, бие даасан, төрийн бус байгууллага болох Institute of Mass Information байгууллагаас гаргасан судалгаанд Украины хэвлэл мэдээллийн байгууллагын 35 хувь нь 2024 онд санхүүжилтийнхээ 75-аас дээш хувийг АНУ-ын буцалтгүй тусламжаар бүрдүүлсэн тухай мэдээлжээ. Тодруулбал тус судалгааг 2025 оны 1-р сарын 27-оос 2-р сарын 2-ны хооронд зорилгот бүлэгт асуулгын арга ашиглан Украины бүх бүс нутгаас олон төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн 120 төлөөлөгч оролцуулан авсан онлайн судалгаа аж. Тус судалгааны үр дүнд 2024 онд АНУ-ын буцалтгүй тусламжаар Украины хэвлэл мэдээллийн:

  • 35 хувь нь 75 хувийг,
  • 15.8 хувь нь 50-75 хувийг,
  • 15.5 хувь нь 25-50 хувийг,
  • 4.2 хувь нь 10-аас доош хувийг санхүүжүүлсэн бол
  • 15.8 хувь нь огт санхүүжилт аваагүйг харуулжээ.

Өөрөөр хэлбэл, Украины хэвлэл мэдээллийн байгууллагуудын 84.2 хувь нь их, бага хэмжээгээр АНУ-аас буцалтгүй тусламж авч байжээ.

Мөн уг судалгааны нэг үзүүлэлтэд Украины хэвлэл мэдээллийн байгууллагууд нэмэлт санхүүжилт дэмжлэггүйгээр хэдий хугацаанд үйл ажиллагаагаа явуулах чадамжтайг харуулсан байна. Үүнд 7.5 хувь нь  нэг сарын хугацаанд, 37.5 хувь нь гурван сарын хугацаанд, 32.4 хувь нь гурваас зургаан сарын хугацаанд, 5.8 хувь нь нэгээс илүү жилийн хугацаанд үйл ажиллагаа хэвийн явах боломжтой гэж гарсан бол 15 хувь нь ямар ч нөлөөгүй гэх үр дүн гарчээ.  

Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд санхүүжилтийн өөр эх үүсвэрүүдийг эрэлхийлж байгаа аж. Үүнд, Европын буцалтгүй тусламж, арилжааны түншлэл буюу зар сурталчилгаа, олон нийтийн санхүүжилт, дэмжлэг, төрийн санхүүжилт, төлбөртэй захиалга гэх мэт бусад эх үүсвэрийг бодолцох тухай судалгаанд тусгажээ.

Institute of Mass Information байгууллагаас гаргасан судалгааны инфографик

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Украины StopFake баримт шалгах төв “Украины хэвлэл мэдээллийн 90 хувь нь USAID-аас санхүүждэг” гэх мэдээллийг нягталж худал хэмээн тайлагнажээ.  


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document