Search

Япон улс хугацаа нь дуусаж буй ковидын вакциныг устгалд оруулсан нь үнэн, харин вакцин хийлгэсэн хүнийг донор болгохгүй гэдэг нь худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар 1375

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Японы ЗГ 2тэрбум $-ын ковидын вакцин устгалд оруулах шийдвэр гаргалаа вакцин хийлгэсэн хүнээс цусны донор авахыг хориглов” гэх агуулгатай пост түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Японы засгийн газар 1.6 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий хэрэглээгүй, хугацаа нь дуусаж буй вакциныг устгалд оруулсан бөгөөд Японы Улаан Загалмайн нийгэмлэг “Вакцин хийлгэсэн хүмүүс цусаа хандивлах боломжтой хэвээр байгаа” гэжээ.

2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр И.Цэрэнхүү нэртэй Facebook хэрэглэгч “Японы ЗГ 2 тэрбум $-ын ковидын вакцин устгалд оруулах шийдвэр гаргалаа вакцин хийлгэсэн хүнээс цусны донор авахыг хориглов” гэх агуулгатай пост түгээжээ. Тус постыг нэг мянга гаруй реакц, 221 сэтгэгдлээр идэвхжүүлж, 796 удаа цааш түгээжээ.

Японы засгийн газар хугацаа нь дуусаж буй вакцины тунг устгалд оруулсан

Японы топ хэвлэл мэдээллийн нэг болох The Mainichi Shimbun-ийн (Өдөр тутмын сонин) вэбсайтад 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “1.6 тэрбум ам.долларын үнэ өртөг бүхий 77.8 сая Ковидын вакциныг устгалд оруулжээ” гэх гарчигтай мэдээ гарчээ.

Эх сурвалж: Mainichi Shimbun Японы өдөр тутмын сонин

Уг мэдээнд “Япон улс нийт гэрээгээр худалдан авсан вакцины 9 хувийг буюу хугацаа нь дуусаж буй тунг устгалд оруулсан бөгөөд нөөцөд үлдсэн вакцины хугацаа дуусахын хэрээр устгал ажил үргэлжлэх төлөвтэй байна” гэжээ. Mainichi уг тоог Японы Эрүүл мэндийн яамны олон нийтэд нээлттэй мэдээллийг судалж, тус улсын томоохон орон нутгийн захиргаануудад асуулга явуулсны үндсэн дээр гаргажээ.

Японы засгийн газар COVID-19 вакцины нэг тунгийн худалдан авах үнийг албан ёсоор зарлаагүй тул хаягдсан тунгуудын нийт үнийг нарийн тооцоолох боломжгүй. Гэсэн хэдий ч Сангийн яам вакцин худалдан авах 2.4 их наяд иений (ойролцоогоор 18.23 тэрбум ам.доллар) төсвийг 882 сая тун вакцин худалдан авна гэсэн мэдээлэлд тулгуурлан нэг тунгийн үнэ 2,725 иен (ойролцоогоор 20.70 ам.доллар) гэж гаргажээ.

Энэ нэгж үнэд үндэслэн, Mainichi-ийн тооцоолсноор устгалд оруулсан вакцинуудын нийт өртөг 212 тэрбум иен буюу ойролцоогоор 1.6 тэрбум ам.доллар болсон байна. Эрүүл мэндийн яамны ахлах албан тушаалтан Mainichi-д “Нэгж үнийг тооцох энэ арга нь үндэслэлтэй, нэг их зөрөхгүй байж болох юм” хэмээн мэдэгдэж, уг тооцоолол бодит үнэнд ойрхон гэдгийг илэрхийлжээ.

Японы засгийн газар вакцин хийлгэсэн хүнээс цусны донор авахыг хориглосон гэдэг нь худал

2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Францын AFP (Agence France-Presse) Тайланд, Өмнөд Солонгос, Их Британи зэрэг улсуудаар түгээд байсан “Япон улс вакцин хийлгэсэн хүмүүсийг цусны донор болохыг хориглосон” гэх постод баримт шалгалт хийж, худал болохыг тогтоожээ. Японы Улаан Загалмайн албан ёсны вэбсайтад вакцин хийлгэсэн хүмүүс цус хандивлах хэвээр байгааг эндээс харж болно.

Эх сурвалж: Японы Улаан Загалмай Нийгэмлэг

Дүгнээд хэлбэл, Японд хугацаа нь дуусах гэж буй ковидын вакциныг устгалд оруулсныг төөрөгдүүлсэн утгаар түгээж, мөн Япон улс ковидын вакцин хийлгэсэн хүмүүс цусаа хандивлахыг хориглосон гэх худал мэдээлэл түгээжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document