Search

Хиймэл оюунаар бүтээсэн, өөр цаг хугацаанд болсон бичлэгүүдийг нийлүүлж түгээжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1374

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Тайландад газар хөдлөлтийн дараа гэх агуулгатай хэд хэдэн богино бичлэгийг нийлүүлж түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн болон хэдэн жилийн өмнө болсон үйл явдлуудыг нэмж оруулжээ.

 

2025 оны 03 дугаар сарын 29 -нд Focus.mn баримтыг фокуслана нэртэй хуудаснаас “#ФОКУСЛАВ Газар хөдлөлтийн дараах Тайланд” гэх тайлбартайгаар газар хөдлөлтөөс үүдсэн нуранги зэргийг харуулсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Тус бичлэгийг нийт 2,500 гаруй реакц, 369 сэтгэгдлээр идэвхжүүлж, 403 удаа цааш түгээжээ.

2025 оны 03 дугаар сарын 28-нд  Мьянмарын Сагайнг хотоос баруун хойд зүгт 16 км-ийн зайд  7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, Бангладеш, Энэтхэг, Тайланд, Хятад зэрэг улсад нөлөө үзүүлжээ. (BBC, CNN CBS, AP)

Бид шалгасан бичлэгийг inVid хэрэглүүрээр дүрс тус бүрд нь салгаж, тус бүрийг Google Lens хайлтын системд зургаар хайж үзлээ. Хайлтын үр дүнд Тайландад болсон газар хөдлөлттэй холбоотой бичлэг байсан хэдий ч хиймэл оюунаар бүтээсэн бичлэгт өөр газар, өөр цаг хугацаанд болсон үйл явдлуудыг нэмж, Тайландад гэх тайлбартай түгээжээ.

Түгээсэн бичлэгт хиймэл оюунаар бүтээсэн хоёр дүрс ашиглажээ. Эхний болон гурав дахь дүрсний баруун доод буланд “Wan” гэсэн бичигтэй лого байгааг харж болно. Wan нь бичлэг, зураг бүтээдэг хиймэл оюуны хэрэглүүр ба албан ёсны сайт дахь бичлэгүүд мөн адил шошготой байгааг доорх зургаас хараарай. Мөн Google Lens хайлтын системээр уг зургийг хайхад албан ёсны мэдээлэл огт байхгүй, интернэт орчинд хувийн хаягуудаар түлхүү түгээжээ.

Хиймэл оюунаар бүтээсэн бичлэг
Хиймэл оюунаар бүтээсэн бичлэг
Wan хиймэл оюуны жишээ бичлэг

Гүүр нурж буй бичлэг нь 2023 онд Тайландад болсон үйл явдлын бичлэг юм. Тодруулбал, 2023 оны 07 дугаар сарын 10-нд Тайландын Банконг хотын зүүн хэсэгт Лат Крабанг авто замын бүтээн байгуулалтын гүүрний дам нуруу нурж байх үед буулгасан бичлэг аж(энд, энд бас энд). Бичлэгийг @KhaosodOnline X хаягт 2023 оны 07 дугаар сарын 10 -нд нийтэлжээ. TaiwanPlus News мэдээллийн сайтын Youtube сувагт гүүр нурсан ослын тухай бичлэгийг нийтэлсэн ба бидний шалгасан бичлэгт гарсан хэд хэдэн дүрс багтжээ.

Түгээсэн бичлэгийн хэд хэдэн дүрсэд хийд нурж буй бичлэг багтжээ. Энэ нь Тайландад бус Мьянмарын Мандалайн зүүн өмнөд хэсэгт орших Шве Сар Ян суварга хүчтэй газар хөдлөлтийн улмаас нурсан тухай BBC, New York Times, Times of India зэрэг мэдээллийн сайт мэдээлж байжээ.

Осол, байгалийн гамшигт үзэгдлийн үеэр интернэт орчинд хуурамч мэдээлэл их түгдэг бөгөөд өөр үйл явдлын, эсвэл зохиомол зураг бичлэгийг яг одоо өрнөж буй мэтээр ашиглаж төөрөгдүүлдэг. Иймд аливаа мэдээллийг баталгаат эх сурвалжаас аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document