Search

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд татвар, хураамж нэмсэн нь үнэн ч зарим тоо баримт нь төөрөгдүүлжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1373

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Шинэ сэргэлтийн бодлого: Тогны үнэ 85% нэмсэн, Дулааны үнэ 85% нэмсэн, Авто машины татвар 300% нэмсэн…” гэх тайлбартай пост нийтэлсэн

Баримт шалгалтын үр дүн

Энэхүү мэдээлэл нь татвар, хураамж нэмэгдүүлсэн тухай дурдахдаа зарим тоо баримтыг зөрүүлэн, төөрөгдөл үүсгэсэн байна. Гэхдээ автомашины татвар, агаарын бохирдлын хураамж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь үнэн.

2025 оны гуравдугаар сарын 12-нд Октябрийн Баасанхүү нэртэй Facebook хаягаас “Шинэ сэргэлтийн бодлого: Тогны үнэ 85% нэмсэн, Дулааны үнэ 85% нэмсэн, Авто машины татвар 300% нэмсэн, Гаалийн татвар 20% нэмсэн, Нийгмийн даатгал 26% нэмсэн, Газрын төлбөр 45% нэмсэн, Агаарын бохирдлын татвар 50% нэмсэн, Усны төлбөр 66% нэмсэн, Гаалийн татвараа Хятдадуудад зориулж Цемент, Гурил 0% болгож үндэсний үйлдвэрүүдийг дампууруулсан, Цалингын доод хэмжээг нэмэгдүүлэн бүх төрлийн торгуулиудыг 2 дахин, Өргөн хэрэглээний бараа 50-300% Жш нь: талх 3000 болсон, Ипотекийн 6% зээл бүрэн зогсож, барилгын компаниуд НӨАТ-ын өрөнд орсон” гэсэн тайлбартай пост нийтэлсэн.

Тус пост 2025 оны гуравдугаар сарын 19-ний байдлаар 708 реакц, 61 сэтгэгдэл авч, 1400 гаруй удаа цааш түгээгджээ.

Тус мэдээллийн анхдагч эх сурвалж нь 2025 оны гуравдугаар сарын 11-нд Otgonbayar Jadambaa гэх Threads хаягаасаа нийтэлсэн байна.

Шалгасан мэдээлэлд дурдсан Шинэ сэргэлтийн бодлогыг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн симтемийн сайтад “Шинэ сэргэлтийн бодлого” нь Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050″ Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм” гэж тодорхойлсон байна.

Бид тухайн постод дурдагдсан тоо баримт тус бүрд албан ёсны мэдээллийн сайтууд болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн симтемийн сайт, холбогдох албанаас тодруулга авч баримт шалгалаа.

Тогны үнэ 85% нэмсэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ) 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн цахилгааны дундаж тариф нэмэгдэж байгааг мэдээлсэн. Тухайлбал, эхний 150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон байна.

“Цахилгааны дундаж тариф 1 кВт.ц тутамд 216 төгрөг байгааг 280 төгрөг болгож бодит өртөгт хүргэж байна” гэж ЭХЗХ-оос мэдэгдсэн нь 29.63% буюу 30% өссөн тооцоолол гарч байна.

Дулааны үнэ 85% нэмсэн гэх мэдээлэл үнэн

Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын газрын дарга Б.Эрдэнчулуун “Баримт нэн тэргүүнд” сүлжээний гишүүн Graph.mn сайтад өгсөн ярилцагадаа 2025 оны тавдугаар сарын 16-ны өдрөөс “Аж ахуйн нэгж байгууллагын дулааны тарифыг 73 хувиар, айл өрхийн дулааны тарифыг 100 хувиар нэмэгдүүлэх тооцоолол хийгдэж шийдвэр гарсан” гэжээ.

2025 оны гуравдугаар сарын 14-ний байдлаар дулааны тариф
Эх сурвалж: Эрчим хүчний зохицуулах хороо

Авто машины татвар 255% нэмэгдсэн

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн legalinfо сайтад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” зааж өгсөн байна. Энэ нь 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Уг тогтоолын хавсралтад “суудлын тэрэг” нэрээр таван төрлийн ангилал тогтоосон байна.

Тухайлбал, зам ашигласны төлбөрт:

Татварын удирдлагын нэгдсэн системийн itax.mta.mn сайт руу орж, жишээ болгон тээврийн хэрэгслийнхээ 2025 оны нийт төлөх татварын хэмжээг харвал зам ашигласны төлбөр, автын агаарын бохирдлын төлбөр, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар гэсэн гурван төрлийн татварын нэхэмжлэл үүсгэсэн байна. 1.800 см³ хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл 2024 онд 69,700 төгрөг төлж байсан бол 2025 онд 247,450 төгрөгийн татвар гарсан байна.

  • Энэ нь 177,704 төгрөгөөр нэмэгдсэн буюу 255 хувиар нэмэгдсэн байна.
Татварын төрөл2024 (₮)2025 (₮)
Зам ашигласны төлбөр20,000100,000
Албан татвар47,952143,856
Агаарын бохирдлын төлбөр1,8003,600
Нийт69,752247,456
1800 мотортой автомашины татварыг харуулав. Эх сурвалж: МТА

Гаалийн татвар 20% нэмсэн гэх мэдээлэл худал

Гаалийн татвар 20 хувь нэмсэн гэх мэдээллийг Монгол Улсын гаалийн албаны мэдээллийн ажилтнаас тодруулахад “Одоогоор татвар нэмэгдсэн бараа бүтээгдэхүүн байхгүй байна” гэж бидэнд мэдээлсэн юм. Түүнчлэн нээлттэй эх сурвалжуудаас гаалийн татвар нэмэгдсэн гэх түлхүүр үгээр хайхад мэдээлэл гарч ирсэнгүй.

Нийгмийн даатгал 26% нэмсэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Нийгмийн даатгалын шимтгэлийн (НДШ) хувь хэмжээг Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн мэдээллийн сайтаас харах боломжтой. Тухайлбал, ажил олгогч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт ялгаатай байдлаар НДШ төлдөг. Харин ажилтан цалингаасаа 13.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэж нийгмийн даатгалын тухай хуулиар зааж өгсөн. Ингээд нийгмийн даатгалын шимтгэлд нийт 26 хувийг ажилтан болон ажил олгогч нар хуваан талдөг.

Эх сурвалж: Эрх зүйн мэдээллийн нэгдсэн сайт

Харин сайн дурын даатгуулагчийн хувьд нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан орлогоос 13.5 хувийн шимтгэл төлнө гэж тусгасан.

Эх сурвалж: Нийслэлийн Нийгмийн Даатгалын Газар

Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 792 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдсөн хэдий ч нийгмийн даатгалын хувь хэмжээ 13.5 хувь хэвээр байгаа юм. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр НДШ төлдөг сайн дурын даатгуулагч нарын хувьд нийгмийн даатгалын шимтгэлд 106,920 төгрөг төлөх буюу 20% нэмэгдсэн тооцоолол гарч байна. Үүнээс харахад нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдсэн гэх мэдээлэл иргэдийг төөрөгдүүлж байна.

Газрын төлбөр 45% нэмсэн гэх мэдээлэл худал

Газрын төлбөр 45 хувь нэмсэн гэх мэдээллийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын албаны мэргэжилтнээс тодруулахад “газрын төлбөр нэмэгдээгүй, нэмэгдэх талаар ч яригдаагүй” гэж бидэнд мэдээлсэн юм.

Агаарын бохирдлын татвар 50% нэмсэн гэх мэдээлэл үнэн

Татварын удирдлагын нэгдсэн системийн itax.mta.mn сайт руу орж, жишээ болгон тээврийн хэрэгслийнхээ 2024 болон 2025 оны агаарын бохирдлын төлбөрийг харьцуулан харлаа. Ингэхэд 2024 онд 1,800 төгрөг төлж байсан бол 2025 онд 3,600 төгрөг болон нэмэгдсэн байна.

Татварын төрөл2024 (₮)2025 (₮)
Зам ашигласны төлбөр20,000100,000
Албан татвар47,952143,856
Агаарын бохирдлын төлбөр1,8003,600
Нийт69,752247,456
1800 мотортой автомашины татварыг харуулав. Эх сурвалж: МТА

Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтооно” гэжээ.

Усны төлбөр 66% нэмсэн гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

Улаанбаатар хотын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф хамгийн сүүлд 2023 онд нэмэгдсэн бөгөөд орон сууцны айл өрхийн цэвэр усны төлбөр литр тутамд 1.34 төгрөг болж, өмнөхөөс 27 мөнгөөр нэмэгдсэн байна. Энэ нь нийт 25.2 хувиар өссөн гэх тооцолол гарч байна.

Цалингийн доод хэмжээг нэмэгдүүлсэн гэх мэдээлэл үнэн

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/, МҮЭХ, Монголын Ажил олгогч, эздийн холбоодын хамтарсан Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн үндэсний хорооны хурлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 20 хувь буюу 792 мянган төгрөг болгож нэмэх шийдвэр гаргасан байна.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн нь бүх төрлийн торгуулийг хоёр дахин нэмэх үндэслэл болохгүй. Учир нь Зөрчлийн хуульд торгуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бус торгуулийн нэгж хэмжээгээр тооцдог болсон.

Ипотекийн 6% зээл бүрэн зогссон гэх мэдээлэл худал

2013 оноос хойш Монгол Улсад орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор Засгийн газраас ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн.

Ипотекийн 6 хувийн зээл зогссон гэх мэдээллийг Голомт банк болон Хаан банкны мэдээллийн ажилтнаас тодруулахад тус зээлийг хэвийн олгож байгаа хэмээн бидэнд мэдээлсэн юм.

Энэхүү мэдээлэл нь татвар, хураамж нэмэгдүүлсэн тухай дурдахдаа зарим тоо баримтыг зөрүүлэн, төөрөгдөл үүсгэсэн байна. Гэхдээ автомашины татвар, агаарын бохирдлын хураамж, цахилгаан, дулааны үнэ нэмэгдсэн нь үнэн.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document