2025 оны 03 дугаар сарын 21-нд Аминаагийн Аав нэртэй хаягаас “Казакстанд цацраг туяанд хордсоноосоо болоод долоо хоног унтдаг хүмүүс байдаг юм байна ардуудаа УРАН аюултай шүү анхаар” гэсэн пост нийтэлжээ. Тус пост нийт 484 реакц, 16 сэтгэгдлээр идэвхжүүлж, 620 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Google хайлтын системээс тус мэдээллийг хайж үзэхэд анх 2015 оны гуравдугаар сарын 12-нд eurasianet.org мэдээллийн сайтад “Казахстан: Нойрмог хээр тал” гэсэн гарчигтай, шалгасан мэдээлэлд дурдагдсан агуулга бүхий нийтлэл нийтлэгджээ. Тус нийтлэлд “Казахстаны нийслэл Астана хотоос баруун тийш 500 км-ийн зайд орших Красногорскийн ураны хаягдсан уурхайн ойролцоо орших алслагдсан Калачи тосгонд учир битүүлэг нойрны өвчин тусч байна” гэсэн байв.
2013 оноос эхлэн тус учир битүүлэг өвчнөөр Казахын Калачи, Красногорск хотын 140 гаруй хүн өртсөн байна. Харин 2015 оноос эхлэн интернет сүлжээнд тархаж The Guardian, BBC world news зэрэг хэвлэл мэдээллийн байгуулагууд уг асуудлаар мэдээлэл бэлтгэн хүргэж байжээ.
Харин тус мэдээлэл гарснаас дөрвөн сарын дараа TheGuardian.com сайтад “Казахстаны засгийн газар нойрны өвчний нууцыг тайлсан гэж мэдэгдэв” гэх гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна. Тухайлбал, бүх оршин суугчдын эрүүл мэндийн үзлэгийн үр дүнд дүн шинжилгээ хийсний дараа эрдэмтэд агаарт нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), нүүрс устөрөгчийн (CH) хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж дүгнэсэн байна. Ураны уурхай хаагдсан ч заримдаа тэнд нүүрстөрөгчийн дутуу ислийн концентраци үүсдэг гэв. Түүнчлэн агаар дахь хүчилтөрөгч зохих хэмжээгээр буурч байгаа нь тосгонд нойрмоглох өвчний жинхэнэ шалтгаан болж байна гэж тайлбарлажээ.

Эх сурвалж: Google газрын зураг
Мөн тухайн үед Казахстаны Tengrinews.kz сайтын мэдээлснээр, “Уурхайн хог хаягдал болон нойрны өвчин хоёр хоорондоо холбоотой боловч уран олборлолттой шууд хамааралгүй” гэжээ. Тухайлбал, Казахстаны Үндэсний цөмийн төвийн радиоэкологийн ерөнхий дэд захирал Сергей Лукашенко “Уурхайн үйл ажиллагаанд бэхэлгээ, шал зэрэгт их хэмжээний мод ашиглагддаг. Харин уурхай хаагдсаны дараа усанд автсанаар мод устай харилцан үйлчилж, улмаар нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарч эхэлсэн” хэмээн тайлбарлажээ.
ШУА: Ураны уурхайн хог хаягдлыг зөв менежментээр хаагаагүйгээс нүүрстөрөгчийн дутуу исэл дэгдэх боломжтой
Бид ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайханаас “Уурхай хаагдсаны дараа мод газрын гүн дэх устай харилцан үйлчилж, нүүрстөрөгчийн дутуу исэл ялгарах” боломжтой эсэх талаар тодрууллаа. Тэрээр,
- “Хэрэв тухайн ураны уурхайн хаалтын дараах аюултай хог хаягдлын менежмент зөв хийгдээгүйгээс мод буюу органик бодисын задрал удаан хугацааны турш явагдсанаар нүүрстөрөгчийн дутуу исэл (CO) ялгаруулах боломжтой” гэж бидэнд мэдээлсэн юм.
Красногорскийн ураны уурхай нь Казахстаны Красногорск тосгоны ойролцоо байрладаг. ЗХУ-ын үед байгуулагдсан тус уурхай нь уран олборлолтын томоохон эх үүсвэр байжээ. 1990-ээд оны эхээр ЗХУ задран унасны дараа уурхайн үйл ажиллагаа зогссон байна. ГДУО аргаар уран олборлож эхлэхээс өмнө буюу 1950-1980-аад он хүртэл Казахстанд ураныг ил болон далд уурхайн аргаар олборлож байсан тухай Атомын энергийн хорооны судалгаанд дурджээ.
Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлогод нойрмоглох шинж илэрнэ
Нүүрстөрөгчийн дутуу ислийн хордлого нь тархи, зүрхэнд хамгийн ихээр нөлөөлдөг байна. Уг хордлогын үед толгой эргэх, дотор муухайрах, амьсгал давчдах, нойрмоглох, ухаан алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг тухай АНУ-ын Майо, Кливлэнд клиник зэрэг найдвартай эх сурвалжууд мэдээлжээ.
CO-ын агууламж (ppm) | Нөлөө, шинж тэмдэг |
10-аас бага | Байхгүй |
10-20 ppm | Бага зэрэг толгой өвдөх |
21-30 ppm | Толгой өвдөх, нойрмоглох, амьсгал давчдах |
31-40 ppm | Сэтгэх чадвар муудах, нойрмоглох ихсэх, нүд бүрэлзэх |
41-50 ppm | Ухаан алдах |
Дүгнэхэд, 2013 онд Казахстаны Калачи тосгоны зарим иргэдэд унтах өвчин илэрсэн шалтгааныг ураны уурхайн хаалтын дараах аюултай хог хаягдлын менежмент зөв хийгдээгүйгээс органик бодисын задрал явагдаж, олон жилийн дараа газрын ан цаваар нүүрстөрөгчийн дутуу исэл агаарт тархсантай холбоотой гэж үзжээ.