2025 оны гуравдугаар сарын 22-ны өдөр “Эрүүл мэндээ хайралдаг хүн бүрд зориулав” нэртэй хуудаснаас “Ходоодны шарх гэж нэрлэгдэх энэ эмгэг нь ходоод, дээд гэдэсний ханыг гэмтээн шархлаа үүсгэдэг, архаг, дахилтат өвчин юм. Уг өвчин нь насанд хүрэгсдийн 5-10 хувьд тохиолддог. 50 хүртэлх насны эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс илүү тохиолдож байна. Гол шалтгаан нь дээд гэдэсний шархлааны 95, ходоодны шархлааны 87 хувь нь хеликобактери байдаг. Бид энэ удаад ходоодны шархыг гэрийн нөхцөлд эмчлэх аргууд болон өвдсөн үед ямар арга хэмжээ авах талаар зөвлөгөөг бэлтгэлээ.
1. Нэг аяга тараг дээр 2-3 халбага ургамлын тос хийгээд сайтар хутгана. Арваас дээшгүй хоног өглөө энэхүү таргийг уухад ходоодны шарх эдгэрдэг байна.
2. Нэг ширхэг өндөгний хальсыг угааж цэвэрлээд, нунтаглах хэрэгтэй. Ойролцоогоор 14 хоногийн турш өглөөний цайгаа уусныхаа дараа тал халбага өндөгний хальсыг усаар даруулж ууна. Өндөгний хальс ходоодны хүчил ихэдсэнийг эмчилдэг аж.
3. Нэг ширхэг алимыг сайтар буцалгана. Дараа нь 1-2 литр усанд алимны нухшаа хийгээд уухад ходоодны өвдөлт багасаж, эдгэрдэг байна.
4. Өглөө бүр бага зэргийн иодтой ус уувал ходоодны шархаар өвчилдөггүй сайн талтай байдаг.
5. Хэрвээ таны ходоод олон цагаар өвдөх, цусаар бөөлжих зэрэг шинж тэмдэг илэрвэл заавал эмчид үзүүлээрэй.
6. Ходоодны шархтай хүн архи, тамхи хэрэглэх хориотой.
7. Мөн газтай ундаа, халуун ногоотой хоол идэхээс зайлсхийгээрэй.
8. Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглэх, худалдан авахыг зөвлөж байна.
9. Цэцэгт байцааг буцалгаж, шүүсийг нь уувал таны биед нэн тустай” гэсэн тайлбартай мэдээллийг түгээжээ. Уг пост 1300 гаруй реакц, 33 сэтгэгдэл авч, 3400 орчим удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Ходоодны шарх нь ходоодны ханыг бүрхэж буй салст гэмтсэнээс болж үүсдэг. Ходоодны шарх үүсэх гол шалтгаан нь хеликобактери (H. pylori) юм. Уг бактери нь ходоодны салстад тогтнож, гэмтээснээр үрэвсэл үүсгэж, өвчлүүлдэг байна. Мөн үрэвслийн эсрэг эмийн зохисгүй хэрэглээ, ходоодны хүчил хэт их ялгарал, архи, тамхи, буруу хооллолт, стресс зэргээс үүдэн салст гэмтэх тохиолдол бий. Ходоодны шархтай хүмүүс ихэвчлэн ходоод орчмоор өвдөх, цээж хорсох, хоолны шингэц муудах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Өгөгдсөн мэдээллийг шалгахын тулд уг зөвлөмжүүдийг баталсан шинжлэх ухааны судалгаа бий эсэхийг шүүж, хайлт хийлээ. Хайлтын үр дүнд шалгаж буй мэдээллийн зөвлөгөө нь төөрөгдүүлсэн агуулгатай байна. Үүнд,
“Өглөө бүр бага хэмжээний иодтой ус уух нь ходоодны шархлаанаас сэргийлдэг” гэх арга нь шинжлэх ухаанаар батлагдаагүй ойлголт юм. “Архаг шархыг эмчлэхэд иодын хэрхэн нөлөөлж буйг харуулсан” судалгаанд, энгийн шарханд иодыг цэвэрлэх зорилгоор хэрэглэж эдгэрэлтэд нөлөөлж буйг харуулсан. Гэвч ходоодны шархнаас урьдчилан сэргийлж, эергээр нөлөөлөхийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй. Мөн иодыг хэтрүүлэн хэрэглэх нь ходоод, гэдэсний салстыг цочроож, хордлого үүсгэх магадлалтай.
Үүнээс гадна өндөгний хальсыг нунтаглаж хэрэглэснээр 14 хонгийн дотор ходоодны хүчлийн ихэссэн байдлыг эмчлэх боломжгүй. Өндөгний хальс нь ойролцоогоор 40% кальцитай бөгөөд нэг грамм нь 381-401 мг кальци агуулдаг. Тиймээс өндөгний хальсны мембранаас гаргаж авсан нэмэлтүүд нь үений эрүүл мэндийг сайжруулахад туслах боломжтой гэж “Өндөгний хальсны мембраныг өвдөгний остеоартритын улмаас үүсэх өвдөлт, хөшүүн байдлын эмчилгээнд ашиглах нь” судалгаагаар үзсэн. Гэвч уг нэмэлтүүдийн үр дүнг баталгаажуулахад илүү судалгаа шаардлагатай гэж дүгнэсэн бөгөөд одоогоор өндөгний хальсыг ходоодны эрүүл мэндээд нөлөөтэйг баталсан судалгаа хийгдээгүй байна. Мөн өндөгний хальсыг гэрийн нөхцөлд хэрэглэх нь хахах, салмонелла бактериас гаралтай хордлого өгөх зэрэг эрсдэлтэй.
“Нэг аяга тараг дээр 2-3 халбага ургамлын тос хийгээд сайтар хутгана. Арваас дээшгүй хоног өглөө энэхүү таргийг уухад ходоодны шарх эдгэрдэг байна” гэсэн агуулгыг түгээсэн. 2016 онд нийтлэгдсэн “Ходоодны шархны эмчилгээнд пробиотикийн гүйцэтгэх боломжит үүрэг” судалгаанд тарганд агуулагдах ашигтай бактериудыг (пробиотик) нь ходоодны бичил орчныг сайжруулах, ходоодны хүчил ялгаралтыг тэнцвэржүүлэх, ходоодны бүрхүүлийн эдийг сэргээхэд тусалдаг гэж үзжээ. Гэсэн ч илүү өргөн хүрээтэй, нэмэлт судалгаа шаардлагатайг онцолсон байна. Учир нь хувь хүний биеийн онцлогоос хамааран өтгөн хатах, улаан хоолойн сөргөө (рефлюкс) зэрэг асуудал ходоодны шархтай үед үүсэж болзошгүй бөгөөд дангаараа шархыг бүрэн эдгээх боломжгүй. Тиймээс богино хугацааны үр дүнг амласан баталгаагүй аргыг эмчийн зааваргүйгээр бүү ашиглаарай.
Эцэст нь тараг, цэцэгт байцаа, алим зэрэг нь эрүүл тустай боловч ходоодны шархыг бүрэн эдгээхгүй бөгөөд эм, эмнэлгийн эмчилгээг орлох боломжгүй. Үр дүнтэй эмчилгээ нь ихэвчлэн антибиотик, ходоодны хүчлийг бууруулах эмийг зэргийг агуулдаг. Тиймээс шинжлэх ухааны судалгаа дутмаг, аюулгүйн баталгаагүй аргуудаас илүү зөв оношилгоо, зохих эмчилгээг мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх нь чухал юм.