Search

ОХУ-д электрон тамхи татсанаас үүсдэг EVALI өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн гэх мэдээлэл үнэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1370

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Massnews.mn Мэдээ нэртэй хуудсаас “Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ. Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна” гэсэн пост нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

2025 оны гуравдугаар сарын 19-нд тус өвчний анхны тохиолдол Орос улсад илэрсэн байна. EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) буюу электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушгины гэмтэл нь хүний уушги электрон, тамхины төрлийн бүтээгдэхүүний агуулагдах бодисоос болж гэмтэх ноцтой эмгэг юм.

2025 оны гуравдугаар дугаар сарын 24-нд Massnews.mn Мэдээ нэртэй хуудсаас “Электрон тамхи татсаны улмаас үүсдэг EVALI гэх өвчний анхны тохиолдол энэ сарын 19-нд ОХУ-д бүртгэгджээ. Энэ өвчтөн нь Томск хотын өсвөр насны хүүхэд бөгөөд түүний уушгийг чагнахад эрдэнэшишийн халсан бөмбөлгүүд тэсрэхтэй төстэй шуугиан сонсогдож байгааг эмч нар тогтоосон байна” гэсэн пост нийтэлжээ. Тус пост 377 реакц, 37 сэтгэгдэл авч, 589 удаа цааш түгээгджээ.

Бид “EVALI Russia” гэх түлхүүр үг ашиглан google хайлтын системээс тус өвчин Орос улсад бүтгэгдсэн эсэхийг нягталахад 2025 оны гуравдугаар сарын 19-нд Томск хотын албан ёсны мэдээллийн портал tomsk.ru сайтад EVALI (E-cigarette or Vaping use-Associated Lung Injury) буюу “электрон тамхи татсаны улмаас үүссэн уушгины гэмтэл” өвчин Орост анх удаа илэрсэн тухай мэдээлжээ.

Мөн Оросын Москва24 телевиз 2025 оны гуравдугаар сарын 23-нд EVALI өвчин Орост анх удаа илэрсэн тухай мэдээлсэн байна.

Evali өвчнийг электрон тамхины шингэнд агуулагдах химийн бодисуудтай холбоотой гэж үздэг байна

EVALI (e-cigarette or vaping product use-associated lung injury) нь электрон тамхины төрлийн бүтээгдэхүүний хэрэглээтэй холбоотой уушги гэмтэх ноцтой эмгэг юм. Ялангуяа витамин Е ацетат (Vitamin E acetate) хэмээх бодис нь уушгинд хортой нөлөө үзүүлдэг гэж АНУ-ын Кливленд клиник мэдээлсэн байна. Энэхүү бодис нь ихэвчлэн витамин Е ацетат (каннабисын идэвхтэй найрлага) агуулсан вэйпийн шингэнд агуулагддаг.

Тус өвчний үед цээжээр өвдөх, ханиалгах, амьсгал давчдах, хэвлийгээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих, халуурах, даарах, шалтгаангүй жин хасах зэрэг шинж тэмдэг илэрдэг ч энэ нь уушгины бусад өвчинтэй ижил шинж тэмдэгтэй байдаг тул оношлоход бэрхшээлтэй байдаг ажээ.

Зарим үйлдвэрлэгчид электрон тамхиндаа цөцгийн амт нэмэхийн тулд диацетил гэх химийн бодисыг ашигладаг байна. Энэхүү химийн бодис нь амьсгалын замд орсноор гуурсан хоолойг гэмтээж сорвижилт, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй байдаг. Гуурсан хоолойн энэхүү үрэвслийг “попкорн уушги” хэмээн нэрлэдэг байна.

“Эрүүл ба попкорн уушгины гуурсан хоолойн харьцуулалт” Эх сурвалж: Klarity Health

2020 оны байдлаар АНУ-д EVALI өвчний 2,807 тохиолдол бүртгэгдсэнээс 68 нь нас баржээ

  • 2020 оны хоёрдугаар сарын байдлаар АНУ-д EVALI бүртгэгдсэн нийт 2,807 тохиолдол, нас барсан хүний тоо 68 хэмээн АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Судлаачид THC (марихуаны үндсэн химийн бодис) агуулсан электрон тамхины шингэнд ордог өтгөрүүлэгч Витамин Е ацетат (Витамин Е-ийн нийлэгжсэн хувилбар) бодис EVALI-тай холбоотой гэж үзсэн байна.

  • 2019 онд хийсэн судалгаагаар АНУ-ын 16 мужаас дээж авсан EVFLI-тай 51 өвчтөний 48-ынх нь уушгины шингэнд витамин Е ацетат илэрсэн. Харин эрүүл хүмүүсээс авсан уушгины шингэний дээжид витамин Е ацетат агуулаагүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document