Search

Хятадын бүс нутгаас хамааран НДШ-ийг өөр өөр дүнгээр төлдөг

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1369

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Хятад улсын нийгмийн даатгалын систем, түүний эзлэх хувь хэмжээ, хөнгөлөлтүүдийн талаар “ “Хятадын Нийгмийн даатгал цалингийн ердөө зөвхөн 3 хувь. Хамгааллын хэлбэрээ даатгуулагч сайн дураараа сонгож төлбөрөө ахин бууруулж болдог.Бүх даатгуулагч ижил тэгш 15 жил төлөөд тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгддэг. Бүгд ижил. Ийм салбар тийм салбар гэж ялгаварлах юм байхгүй. Төлбөрийн чадваргүй болбол Бүх төрлийн зээл, бусад төлбөрийг хариуцдаг. Гурваас дээш жил төлөх юм бол ямар ч нэмэлт судалгаагүй орон сууц авч болдог. Төлж эхэлсэн өдрөөс бүх шатны эмнэлэг, сургууль бусад үйлчилгээ бүгд үнэгүй болдог…” гэх тайлбартай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хятад улсын даатгалын тогтолцоо нь орон нутгийн түвшинд өөр өөр хүүтэй, зарим улсын иргэдийг чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр явагддаг байна. 2011 оны 10-р сарын 15-наас эхлэн, Хятадад ажил эрхэлж буй гадаадын иргэд нь заавал нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай болсон. Үүнд, тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг даатгалууд хамаарна. Эдгээр даатгалын шимтгэл нь ажил олгогч, ажилтнаас хамааран цалингийн 10%-29% ийг эзэлж буй үзүүлэлттэй байна.

2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Batzaya гэх хуудаснаас “Хятадын Нийгмийн даатгал цалингийн ердөө зөвхөн 3 хувь. Хамгааллын хэлбэрээ даатгуулагч сайн дураараа сонгож төлбөрөө ахин бууруулж болдог.Бүх даатгуулагч ижил тэгш 15 жил төлөөд тэтгэвэр тогтоолгох эрх нь нээгддэг. Бүгд ижил. Ийм салбар тийм салбар гэж ялгаварлах юм байхгүй. Төлбөрийн чадваргүй болбол Бүх төрлийн зээл, бусад төлбөрийг хариуцдаг. Гурваас дээш жил төлөх юм бол ямар ч нэмэлт судалгаагүй орон сууц авч болдог. Төлж эхэлсэн өдрөөс бүх шатны эмнэлэг, сургууль бусад үйлчилгээ бүгд үнэгүй болдог. Хүн бүр жилд нэг удаа сувилал амралтад явж болдог. Залуу хөгшин хамаагүй. Гарааны бизнес эрхэлсэн бол жилийн 2 хувийн хүүтэй зээл авч болдог. Жилийн 2 хувь шүү. Сарын биш жилийн. Ажил олгогч талаас төлбөр төлөхийг шаарддаггүй. Зөвхөн сайн дурын үндсэн дээр суурилсан. НДШ төлүүлээгүй байна, төлөөгүй байна гээд торгож дарамтлах зүйл байхгүй. Хөдөлмөрийн чадвараа алдвал Нэг удаа цалинг 76 дахин нэмэгдүүлсэн нэг удаагийн тэтгэмж авдаг. Дээр нь нэмээд сар бүр тэтгэмж өгдөг. Анх удаа цахилгаан машин авч байгаа бол 20 хувийг нь улсаас нэг удаа төлж өгдөг. Хятад улсад олон ажлын байр бий болгож 10 дээш хүнд НДШ төлүүлдэг компанид татварын хөнгөлөлт үзүүлдэг гээд дурдаад баршгүй олон давуу талтай юм” гэсэн тайлбартай мэдээллийг түгээжээ. Уг пост 2600 орчим реакц, 160 сэтгэгдэл авч, 4600 гаруй удаа цааш түгээгджээ.

Хятад улсад нийгмийн даатгалын систем нь заавал төлөх үндсэн 5 төрлийн схемээс бүрдэнэ. Үүнд, Тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдсаны, жирэмсний даатгал зэргээс бүрдэнэ. Нэмэлтээр орон сууцны үйлчилгээтэй холбоотой даатгалд зөвхөн Хятадын ажил олгогч иргэд хамрагддаг байна.

Уг улсын нийгмийн даатгалын систем нь сайн дурын бус, ажил олгогч болон ажилчид заавал хамрагдах шаардлагатай тогтолцоо юм. Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг тухайн мужийн дүрэм журмаар зохицуулдаг бөгөөд бүс нутгаас хамааран харилцан адилгүй байдаг. Тухайлбал,

ШанхайБээжинГуанжоу
Даатгалын төрөлАжилтан/Ажил олгогчАжилтан/ Ажил олгогчАжилтан/ Ажил олгогч
Тэтгэвэр8% 16%8% 16%8% 15%
Эрүүл мэнд (жирэмслэлт орно)2% 9%2% 9.8%2% 5.35%
Ажилгүйдэл0.5% 0.5%0.5% 0.5%0.2% 0.8%
Хөдөлмөрийн чадвараа алдах (ажлын байрны осол)0% 0.16-1.52%0% 0.2-1.9%0% 0.2-1.4%
Нийт хувь хэмжээ10.5%

25.66%-27.02%
10.5%

25.5%-28.2%
10.2%

21.35%-22.55%

Хүснэгт 1: Хятад улсын нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ (Шанхай, Бээжин, Гуанжоу хотуудын жишээ)

Хятадын Хүний нөөц, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан “Гадаадын иргэдийн нийгмийн даатгалд хамрагдах түр журам“-ын дагуу гадаадын иргэд нийгмийн даатгалын тогтолцоонд хамрагдах ёстой. Үүнээс гадна, Хятад тодорхой улсуудтай нийгмийн даатгалын чөлөөлөлтийн гэрээ байгуулсан. Энэ тохиолдолд тухайн улсаас ирсэн гадаадын иргэд уг гэрээний дагуу нийгмийн даатгалаас чөлөөлөгдөх боломжтой. Уг гэрээнд Герман, Өмнөд Солонгос, Дани, Канад, Финлянд, Швейцарь, Нидерланд, Испани, Люксембург, Япон, Серби, Франц (одоогоор хүчин төгөлдөр биш) хамтран ажиллахаар нэгджээ. Эдгээр улсаас ирсэн гадаад ажилчид Хятадад ажиллах үедээ нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдөх, хөнгөлөлт эдлэх зэрэг урамшууллыг авах боломжтой. Гэвч тухайн гэрээний нөхцөлүүд бүс нутгийн нийгмийн даатгалын байгууллагын бодлогоос хамааран ялгаатай байдаг.

Мөн Хятадад 15 жилийн турш шимтгэл төлсөн ажилчид тэтгэвэр авах эрхтэй болдог байна. Тухайн улсын хуульд тэтгэврийн насыг эрэгтэйчүүд 60 наснаас, хөх захтан эмэгтэйчүүд (гар ажилчид, үйлдвэрт ажилладаг) 50, цагаан захтан эмэгтэйчүүдийг (албан байгууллагын ажилчид) 55 нас байхаар заасан байна. Гэвч энэ оны нэгдүгээр сараас эхлэн тэтгэврийн насыг аажим аажмаар нэмж, тэтгэврийн насыг дараах байдлаар тогтоожээ.

  • Эрэгтэйчүүд: 63 нас
  • Үйлдвэрлэлийн ажилтан эмэгтэйчүүд: 55 нас
  • Албан байгууллагын ажилчин эмэгтэйчүүд: 58 нас

Дүгнээд үзэхэд, Хятад улсын даатгалын тогтолцоо нь орон нутгийн түвшинд өөр өөр хүүтэй, зарим улсын иргэдийг чөлөөлөгдөх нөхцөлтэйгөөр явагддаг байна. 2011 оны 10-р сарын 15-наас эхлэн, Хятадад ажил эрхэлж буй гадаадын иргэд нь заавал нийгмийн даатгалд хамрагдах шаардлагатай болсон. Үүнд, тэтгэвэр, эрүүл мэнд, ажилгүйдлийн, хөдөлмөрийн чадвараа алдах зэрэг даатгалууд хамаарна. Эдгээр даатгалын шимтгэл нь ажил олгогч, ажилтнаас хамааран дунджаар цалингийн 10%-26% ийг эзэлж буй үзүүлэлттэй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document