2025 оны гуравдугаар сарын 25-нд Халзан бүрэгтэйг эсэргүүцэгчид гэх нэртэй Facebook хуудсаас “Мянгад суманд нохой хургалжээ Халзан бүрэгтэй төсөл бол сүйрэл” гэх тайлбартай пост нийтэлжээ. Уг пост нь 184 реакц, 29 сэтгэгдэл, 118 удаа цааш түгээгджээ.
Үүнээс 185 нь “хаха” буюу инээсэн эможи дарсан ба тус пэйжийн бусад постынх нь хандалт 1 шэйр, 2 коммент зэрэг байна. Тиймээс хүний сонирхлыг татаж, шоолуулах, доромжлуулахыг ч үл ойшоож, хандалтаа нэмэгдүүлэхийн тулд хуурамч мэдээлэл түгээсэн байхаар байна.
Олон нийтийн эрх ашигт хамааралтай, зайлшгүй мэдэж байх шаардлагатай чухал асуудлгыг хошигнож, маазарсан хэлбэрээр хүргэх, эсвэл хөндөж тавингуут мушгин маазруулах зэргээр гол зорилгоос нь хазайлгах үед ашигладаг пропогандагийн нэг төрлийг “хахаганда” хэмээн нэрлэж, судалж буй. Сүүлийн үед цахим орчинд онцгой содон харагдаж, “сэтгэцийн асуудалтай” гэж цоллуулсан ч үргэлжлүүлэн пост оруулж, лайв хийсээр байдаг хэрэглэгчдийг ч ямар нэг чухал сэдвийн үед идэвхжүүлж, түгээлтийг дэмжих үзэгдэл илэрсээр байна.
Тиймээс зургийн эх сурвалжийг мэдээлэх замаар шэйрлэсэн хүн бүрд бүрэн мэдээлэл өгөхийг зорилоо.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид шалгасан мэдээлэлд хавсаргасан зургийг Google хайлтын системийн зургаар хайх хэрэглүүр ашиглан хайлт хийхэд хамгийн анх 2024 оны гуравдугаар сарын 19-нд tugsuu.mgl хаягаас “Монгол банхар газар хөдлөлт, үер ус, байгалийн аюулт үзэгдлийг лав маш соргогоор мэдэрдэг гэдэг юм гэнэ лээ” гэх тайлбартай тус зургийг нийтэлсэн байна.

Цаашлаад интернэт орчинд янз бүрийн тайлбартай тархсан байна. Тухайлбал, 2024 оны гуравдугаар сарын 25-нд Сүлжээ нэртэй Facebook хаягаас “Сүргээс хоцорсон нялх хургыг манаж буй банхарууд” гэх гарчигтай тус зургийг нийтэлжээ. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сангийн wwfmongolia гэх цахим хуудсанд “Төллөсөн малаа хариулж буй банхарууд” гэх тайлбартай нийтэлсэн байна.


Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүргэтэй нь Монголиан нэшнл рийр ийрт корп компанийн нэр дээр ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй, уран биш, газрын ховор элементийн нөөцтэй орд. Тус ордтой холбоотой болон гажигтай мал төрсөн гэх мэдээллүүдэд хийсэн бидний бусад баримт шалгалтыг эндээс, мөн эндээс унших боломжтой.