Search

Ковид-19 вакцины талаар 2024 онд гарсан судалгааны бодит үр дүнг гуйвуулан түгээж байна 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1365

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

COVID-19 вакцин ноцтой гаж нөлөөтэй болохыг баталжээ. гэх агуулгатай пост түгээжээ. 

Баримт шалгалтын үр дүн

Өнөөдрийн байдлаар Ковид 19-ийн эсрэг вакцинуудын эерэг үр дүн, ашиг тус нь эрсдэлт нөхцөлүүдээсээ хамаагүй илүү гэдгийг тухайн судалгаанд онцолсон.

Эрдэнэ Эрдэнэс нэртэй пэйжээс 2025.03.26-нд “COVID-19 вакцины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаархи хамгийн том судалгаа дуусчээ. Эрдэмтэд дэлхий даяар вакцин хийлгэсэн 99 сая хүний мэдээллийг судалсан бөгөөд сайн дүгнэлт гарсангүй. Судалгаагаар вакцинжуулалт нь нэмэлт судалгаа шаарддаг, ноцтой гаж нөлөөтэй болохыг баталжээ.” гэх тайлбарын хамт доорх зургийг хавсаргасан нь 2025.03.27-ны байдлаар 100 реакц, 52 гаруй сэтгэгдэл авч, 700 гаруй удаа цааш түгээжээ.

Шалгасан пост дахь судалгааны эх мэдээлэл, бодит үр дүн болон энэ талаар олон улсад хийгдсэн баримт шалгалтын хүрээнд шалгав. 

Постод дурдсан судалгааны нэр (COVID-19 vaccines and adverse events of special interest: A multinational Global Vaccine Data Network (GVDN) cohort study of 99 million vaccinated individuals)-ээр интернэтэд хайж үзэхэд ScienceDirect судалгааны нээлттэй мэдээллийн санд 2024.02.12-ны өдөр байршсан судалгаа байна.

Түгээж буй мэдээллийн эх судалгаа. 2024 он

“COVID 19-ийн вакцинууд ба онц анхаарал татахуйц гаж нөлөө: Олон Улсын Вакцины Мэдээллийн Сүлжээ болон олон улс хамтран 99 сая вакцинжсан иргэнд хийсэн судалгаа” нэртэй уг судалгаагаар COVID-19 вакцинжуулалтын дараах ховор эрсдэлүүдийг нийт найман улсын 10 газраас шинжилжээ. 

  • Судалгаагаар COVID-19 вакцинуудтай холбоотойгоор онц чухал гаж нөлөө бүхий эрүүл мэндийн өгөгдлийг цуглуулсан бөгөөд (мэдрэлийн, цусны, зүрх судасны нөхцөлүүдийг багтааж) оролцогчид нь:
    • Аргентин,
    • Австрали – Шинэ Өмнөд Уэльс,
    • Австрали – Виктория,
    • Канад – Британийн Колумб,
    • Канад – Онтарио,
    • Дани,
    • Финланд,
    • Франц,
    • Шинэ Зеланд, болон
    • Шотландаас бүрдсэн байна. Вакцин хийлгэгчдийн ихэнх нь 20-39 болон 40-59 насны хүмүүс байжээ. 
  • Судлаачид,
    • Pfizer/BioNTech вакцины 184 сая тун,
    • Moderna вакцины 36 сая тун,
    • AstraZeneca вакцины 23 сая тун тариулснаас хойш вакцин хийлгэсэн хүмүүсийн эрүүл мэндэд 42 хоногийн дотор ямар үр нөлөө гарсныг шинжилсэн аж. 
  • Энэхүү судалгаа нь вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд мэдрэлийн болон зүрхний өвчний зарим эрсдэл нэмэгдэж байгааг илэрхийлсэн байна. Гэхдээ эдгээр өвчний тохиолдол нь нийт вакцин хийлгэсэн хүн амд харьцангуй бага бөгөөд судалгаа нь эдгээр эрсдэлийг цаашид дэлгэрүүлэн судлах хэрэгтэй гэсэн байна.

Судалгаанд илэрсэн эмгэгүүд маш ховор тохиолдолд буюу 1,750,000 хүнд нэг илэрч болох магадлалтай гэжээ

Олон Улсын Баримт Шалгах Сүлжээний баталгаажуулалттай Factcheck.org төвийн хийсэн баримт шалгалт

АНУ-д хуурамч мэдээллийг бууруулах зорилгоор ажилладаг уг байгууллагын баримт шалгалтад тухайн судалгаа нь голчлон ховор гаж нөлөөнүүдтэй холбоотойг онцолжээ. Онцлох баримтууд:  

  • Судалгааг хамтран бичсэн Андэрс Хвийд судалгааныхаа талаар factcheck.org-т ярихдаа “COVID-19 вакцинжуулалтын кампанит ажлууд ноцтой өвчнөөс урьдчилан сэргийлэхэд маш үр дүнтэй байсан нь ололт юм” хэмээн онцолсноос гадна энэ болоод бусад судалгаагаар “ковидын вакцинуудын хэдхэн л маш ховор ноцтой гаж нөлөө ажиглагдсан” гэжээ.  
  • Түүнчлэн, нийгмийн сүлжээгээр олон хүмүүс энэ судалгааны үр дүнг хуваалцахдаа вакцинууд үр дүнтэй, ашиг тустай байсан тухай агуулга контекстыг орхигдуулсан. Төрөл бүрийн бичлэг, үндэслэлгүй мэдэгдлүүд гаргаж, хүмүүс вакцин хийлгэх ёсгүй байсан, эрсдэл нь үр дүнгээсээ илүү байсан гэх мэтээр ташаа ойлголт төрүүлэхийг оролдож байгааг дурджээ.  
  • Энэ мэт төөрөгдүүлсэн мэдээлэл, бичлэгээр судалгааны тоон мэдээллүүдийг хуваалцахдаа вакцин хийлгэснээс хойш эрүүл мэндийн ноцтой асуудлууд ховор байсан, мөн эрсдэл нь вакцины төрлөөс болон тунгаас хамааран ялгаатай байсан зэрэг талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байжээ. 

Судалгаанд бодит сөрөг нөхцөлүүд: 

  • Moderna болон Pfizer/BioNTech вакцин ховор тохиолдолд миокардит (зүрхний булчингийн үрэвсэл) болон перикардит (зүрхний үнхэлцэг хальсны үрэвсэл)-тай холбоотой хэмээжээ. 
  • Миокардитийн түвшин хамгийн өндөр үе нь Moderna вакцины хоёрдугаар тунд илэржээ. Эрсдэл нь голцуу 18–25 насны залуучуудад хамгийн их илэрсэн бөгөөд энэ талаар анх 2021 онд мэдээлжээ. 
  • AstraZeneca вакцинтай холбоотойгоор мэдрэлийн болон цус бүлэгнэлтийн нөхцөлүүд үүсэж болзошгүй гэжээ.  
  • Moderna болон AstraZeneca вакцины эхний тунг хийлгэснээр ховор мэдрэлийн нөхцөлүүд үүсэж болзошгүйг тодорхойлжээ. Тодруулбал, эдгээр вакцины анхны тунг хийлгэснээр тархи болон нугасны үрэвсэл үүсгэдэг дархлааны өвчин үүсэж болзошгүй дохио илэрсэн байна. 
  • “Гэхдээ эдгээр дохио зөвхөн Moderna, AstraZeneca вакцины эхний тун дээр л илэрсэн бөгөөд хоёр дахь болон нэмэлт тун дээр илрээгүй. Мөн Pfizer/BioNTech вакцины аль ч тунд эдгээр дохио илрээгүй” гэж судлаач Хвийн хэлжээ. Мөн тэрээр маш ховор тохиолдлуудын тухай ярьж байгаагаа онцлоод “Жишээлбэл, Moderna вакцины эхний тун хийлгэсэнтэй холбоотойгоор тархи болон нугасанд хурц үрэвсэл үүссэн нь 1 сая 750 мянган вакцин хийлгэсэн хүн тутамд ганцхан л ийм тохиолдол гарч болно. Энэ боломжит ховор эрсдэлийг бид энэ судалгааныхаа ачаар илрүүлсэн” гэжээ. 

Судалгааны авторууд COVID-19 вакцин хийлгэсний дараа илэрсэн байж болзошгүй дархлааны ховор өвчлөлийн талаар нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглээд, “энэ тохиолдол маш ховор бөгөөд цөөн, мөн итгэлцүүрийн интервал өргөн байсан тул үр дүнг болгоомжтой тайлбарлах хэрэгтэй төдийгүй ирээдүйн судалгаагаар баталгаажуулах шаардлагатай” гэж бичсэн байна. Түүнчлэн, мэдрэлийн зарим эрсдэлт нөлөө нь вакцин хийлгэсэн гэхээс илүүтэйгээр Ковид-19 өвчнөөр халдварласны дараа өндөр түвшинд хүрснийг тэмдэглэжээ. 

Одоогийн байдлаар вакцинуудын эерэг үр дүн, ашиг тус нь эрсдэлт нөхцөлүүдээсээ илүү гэдгийг тухайн судалгаанд онцолсон байна. 

Дээрх мэдээллүүдээс харвал, сүүлийн өдрүүдэд эрчимтэй түгсэн вакцины судалгаатай холбоотой постууд нь 2024 оны судалгааны үр дүнг хуваалцахдаа “шинэ судалгаа”-ны дүн гэх мэтээр цаг хугацааг төөрөгдүүлэн анхаарал татаж эхлээд, цаашлаад цөөн тооны ховор тохиолдлын эрсдэлийг бүх хүнд нөлөөтэй мэтээр хачирлаж, үндсэн агуулгыг санаатайгаар орхигдуулж, олон нийтийг зохиомол түгшүүрт автуулах гэсэн оролдлого гэж харагдаж байна. Олон улсад ч энэ мэтийн төөрөгдүүлсэн мэдээллүүд түгээмэл тархдагийг дээрх судалгааны холбогдох хүмүүс ч онцолсон байв. 

Иймд, томоохон судалгааны үр дүн, агуулгыг санаатайгаар гуйвуулсан, үр дүн бүрэн батлагдаагүй, цаашид илүү олон судалгаагаар батлах шаардлагатай мэдээллүүдийг түгээхдээ хэрсүү байж, сайтар нягталж байхыг анхааруулж байна. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document