Search

Стандарт хангасан усыг дахин буцалгаж хэрэглэхэд аюулгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1364

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Усыг олон буцалгаж хэрэглэхгүй байх гурван шалтгаан гэх тайлбартай “Олон дахин буцалгасан усанд хүчилтөрөгч, кальци зэрэг ашигтай эрдэс бодисууд ууршиж алга болдог. Мөн буцалгах явцад нитрат, нитрит зэрэг химийн нэгдлүүд үүсэж, хорт хавдар үүсгэх аюултай. Усыг олон дахин буцалгах нь усны хатуулаг чанарыг ихэсгэдэг” гэх агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Ундны усны чанарын стандарт шаардлагад нийцсэн усыг дахин буцалгаж хэрэглэж болно. Хамгийн чухал усны анхдагч молекул, шинж чанар, агуулж буй сав зэрэг нь стандарт хангасан, аюулгүй, цэвэрхэн байх хэрэгтэй. Мөн усыг буцалгах явцад ууршиж, хэмжээ нь багасаж буйгаас шалтгаалан зарим эрдсийн хэмжээ нэмэгдэж болох ч эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлэх хэмжээнд хүрэхгүй. Ходоодны хүчил нь кальци, магнийг боловсруулах боломжтой тул бие махбодод хуримтлагддаггүй бөгөөд усанд агуулагдах хүчилтөрөгч нь амьсгалаар авах хүчилтөрөгчтэй харьцуулахад маш бага хэмжээтэй.

  • Жил бүр давтан түгээдэг мэдээллүүдийн нэг нь “усыг олон дахин буцалгаж болохгүй” гэх мэдээлэл юм. Баримт юу өгүүлснийг харцгаая.

2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Жаргалтай гэр бүл гэсэн нэртэй хуудаснаас “Яагаад усыг олон дахин буцалгаж болдоггүй вэ?  Усыг олон дахин буцалгаж хэрэглэхгүй байх 3 шалтгаан. 

– Усыг дахин дахин буцалгахад хүчилтөрөгч үгүй болно. Хүчилтөрөгчгүй ус хүний биед ямар ч ашиггүй. Хүн загас биш учраас уснаас хүчилтөрөгчийг сорж биедээ шингээж чадахгүй. Насанд хүрсэн хүн минутад цэвэр агаараас 360мл хүчилтөрөгчийг сорж ойролцоогоор 16-20 удаа амьсгалдаг байна. Харин нэг аяга цэвэр уснаас 6-10мл хүчилтөрөгчийг авдаг байна. Тиймээс олон дахин буцалгасан уснаас авах хүчилтөрөгч ямар болох нь ойлгомжтой . 

– Усыг дахин дахин буцалгаснаар хатуулаг чанар нь ихэсдэг. Усанд ууссан кальци, магнийн давсны агуулга их байх тусам түүний хатуулаг нь их байдаг. Усыг буцалгахад эдгээр давсны зарим нь (голдуу карбонатын давснууд) задарч тунадас болдог. 

Хатуулаг ихтэй усыг дахин дахин буцалгаснаар кальцийн карбонат, магнийн карбонат үүсэх бөгөөд эдгээр нь давс шиг уусаж алга болдоггүй. Өөрөөр хэлбэл ус буцалгагчид тогтсон байдаг цагаан өнгөтэй шохой шиг зүйлтэй адилтгаж болно. Энэ тунадас бидний ходоодонд үлддэг  

– Олон дахин буцалгасан усан дахь хүчилтөрөгч, кальци зэрэг ашигтай эрдэс бодис ууршиж, дэгдэж алга болдог. Усыг олон дахин буцалгахад нитрат, нитрит үүсэх үү? /Нитрат нь хортой давсанд орохгүй ч исэлдэлтийн дүнд давсны дутуу исэл нитроз агуулсан нэгдлүүд үүсгэдэг. Эдгээр нь хүний эс болон ДНК-г гэмтээж, эсийн гаж өөрчлөлт, хорт хавдар үүсгэдэг. Нитритийг хиам болон нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд өргөн хэрэглэдэг ба их хэмжээгээр хэрэглэвэл хүний биед гаж нөлөөлдөг” гэсэн тайлбартай пост нийтэлжээ. Уг пост 45 реакц, 5 сэтгэгдэл авч, 29 удаа цааш түгээгдсэн байна. 

2020 онд нийтлэгдсэн “Чанарын өөрчлөлтийн механизм ба олон удаа буцалсан ус ба удаан буцалгасан усны аюулгүй байдал” харьцуулсан судалгаанд олон удаа буцалгасан ус, удаан хугацаанд буцалгасан усны аюулгүй байдал, уух боломжтой эсэхийг харуулсан байна. Ингэхээ усыг олон удаа буцалгах болон удаан хугацаанд буцалгах хоёр төрлийн туршилтыг хийж, 44 чанарын үзүүлэлтийг хэмжжээ. 

Хэмжилтийн үр дүнд удаан буцалгасан болон дахин буцалгасан усны чанар ойролцоо байсан. Ууршилтаас шалтгаалан усны pH (хүчил, шүлтлэг байдлын түвшин) натри, кали, магни, нитрат зэрэг үзүүлэлтүүд нэмэгдсэн. Харин дулааны задралын улмаас кальци, бикарбонат, сульфат зэрэг үзүүлэлт багассан байжээ. Гэсэн ч хорт хавдар үүсгэх бодис болон хүнд металлын аюултай түвшин илрээгүй гэж мэдээлсэн байна.

Усыг удаан буцалгаснаар ууршилтаас хамаарч, хүнцэл, нитрат, фтор зэрэг элементийн хэмжээ нэмэгдэх боломжтой. Гэвч хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдар үүсгэх хэмжээний биш байна. 2010 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон ДЭМБ-ын Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний мэргэжилтнүүдийн хамтарсан хороо хүний эрүүл мэндэд хүнцлийн үзүүлэх нөлөөг үнэлж, дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтэд ундны усанд агуулагдах органик бус хүнцлийн концентраци 50-100 микрограммаас хэтэрсэн тохиолдолд зарим сөрөг нөлөө илэрч болохыг дурдсан байна.

Энэ талаар Снүүпс баримт шалгах төвийн нийтлэлд дэлгэрэнгүй тайлбарлажээ. Үүнд, “АНУ-ын Байгаль орчны хамгааллын агентлагаас зөвшөөрсөн дээд хүнцлийн хэмжээ 10 микрограмм байна. Усыг 50-100 микрограмм түвшинд хүргэхийн тулд усныхаа 80%-ийг ууршуулах шаардлагатай болно. Гэхдээ энэ хэмжээний усыг буцалгах нь бараг боломжгүй. Учир нь архаг хордлого үүсгэх хэмжээ нь тогтмол хэрэглээний усныхаа 80%-ийг буцалгаж, ууршуулсантай ижил болно. Энэ нь данх дүүрэн усыг аяга кофе, цайнд ч хүрэхгүй ус үлдтэл нь буцалгаж, ууршуулна гэсэн үг” гэжээ.

Мөн “Өндөр температурын үйлчлэлээр нитратууд хорт хавдар үүсгэгч нитрит, нитрозамины нэгдэлд хувирна” гэх ойлголт нь худал гэж дүгнэжээ. Учир нь усанд анхнаасаа л нитрозамин агуулаагүй бол буцалгалаа гээд шинээр үүсэхгүй. Ундны усанд эдгээр бодисыг бүрэлдэхийн тулд хүрээлэн буй орчны нөхцөл, анхдагч молекулын хүчин зүйлс шаардлагатай. Анхдагч молекул, усыг хадгалан, агуулж буй орчин зэрэгт нитрит, нитозомин агуулагдаагүй тохиолдолд шинээр үүсэхгүй гэж мэдээлсэн байна.

Үүнээс гадна, “Ундны усыг удаан буцалгахад ус буцалгагчид тогтдог цагаан өнгийн “шохой шиг зүйл” бидний ходоодонд үлддэг” гэх агуулга нь бодит байдлыг хэтрүүлж мэдээлсэн байна. Энэ талаарх мэдээллийг хайхад, “Буцалсан уснаас үүссэн шохой (кальцийн карбонат) биед сөрөг нөлөөгүй байгалийн эрдэс бөгөөд биед амархан шингэж, ялгардаг. Ходоодны хүчил нь кальци, магнийг боловсруулах боломжтой тул бие махбодод хуримтлагддаггүй” гэж илэрлээ. Түүнчлэн усыг олон дахин буцалгах нь хүчилтөрөгчийн агууламжийг бууруулдаг боловч хүний биед шууд хор нөлөө үзүүлэхгүй. Усанд агуулагдах хүчилтөрөгч нь амьсгалаар авах хүчилтөрөгчтэй харьцуулахад маш бага хэмжээтэй. Хүмүүс агаар дахь өндөр концентраци бүхий хүчилтөрөгчийг 21% (ойролцоогоор) амьсгалаар авдаг бол усанд 0.5%-ийн агууламжтай хүчилтөрөгч байдаг.

Үүнээс дүгнэхэд ундны усны чанарын стандарт шаардлагад нийцсэн усыг дахин буцалгаж хэрэглэж болно. Хамгийн чухал усны анхдагч молекул, шинж чанар, агуулж буй сав зэрэг нь стандарт хангасан, аюулгүй, цэвэрхэн байх хэрэгтэй. Мөн усыг буцалгах явцад ууршиж, хэмжээ нь багасаж буйгаас шалтгаалан зарим эрдсийн хэмжээ нэмэгдэж болох ч эрүүл мэндэд хор хөнөөл үзүүлэх хэмжээнд хүрэхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакторын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document