2024 оны 12 дугаар сарын 2-ны өдөр Toki&Fiber албан ёсны борлуулагч гэх хуудаснаас “Элэгний өөхлөлт арилгаж, элэгний хатуурлаас сэргийлж, биеийг хоргүйжүүлнэ” гэсэн тайлбартай элэг хоргүйжүүлэх DaiTea нэртэй бэлдмэлийн талаарх мэдээллийг түгээжээ. Уг пост 268 реакц, 1200 гаруй сэтгэгдэл авч, 147 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг олохын тулд зургаар хайх аргыг ашиглалаа. Хайлтын үр дүн тус бүтээгдэхүүнийг байгалийн орц найрлагаар бүтээгдсэн хоолны нэмэлт гэж худалдааны нэгдсэн платформ amazom-д байршуулсан мэдээлэлд тайлбарлажээ. Мөн ходоод болон элэгний үйл ажиллагааг дэмжихэд тусална гэсэн байна. Гэвч аливаа өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх, эдгээх зэрэг үйлчилгээгүй бөгөөд АНУ-ын Хүнс, эмийн захиргаанаас энэ төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нарийвчилсан байдлаар шалгадаггүйг онцлон тэмдэглэжээ. Уг бүтээгдэхүүний орц найрлагад багваахайн үндэс, Milk Thistle (силибум-шинжлэх ухааны нэршил), феннел, ликорис, фолийн хүчил, алфальфа, витамин B, витамин C, артишок зэрэг байгалийн нэгдлүүд агуулагдсан байна.
Шалгаж буй мэдээлэл дэх хүнсний нэмэлт бүтээгдэхүүний үр дүнг баталсан шинжлэх ухааны судалгаа илэрсэнгүй. Харин найрлагад агуулагдаж буй зарим төрлийн нэмэлт орцуудын судалгаа хийгдсэн байна. Тухайлбал, Силибум нь сарнайтан овгийн нэгэн төрөл ургамал юм. Уг ургамлыг элэгний үйл ажиллагааг дэмжихэд нөөлдөг талаар өргөн хүрээнд судалж байгаа. “Milk Thistle буюу силибумын эмчилгээний болон эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжууд”-ыг харуулсан судалгаагаар уг ургамлын ханд нь антиоксидант шинжийг агуулдаг бөгөөд силимарин гэх байгалийн нэгдэл нь элэгний эсийг хамгаалахад туслах магадлалтай. Гэвч албан ёсны эмчилгээ болгон зөвлөмж гаргах түвшинд хүрэх хангалттай нотолгоо байхгүй. Тиймээс уг ургамлыг илүү өргөн хүрээтэй, чанартай судалгааг хийх шаардлагатай гэсэн байна гэж дүгнэсэн байна.
Мөн фолийн хүчил нь эрүүл мэндэд тодорхой хэмжээний эерэг нөлөөтэй ч элэгний үйл ажиллагаанд үр дүнтэй гэдгийг батлахад нэмэлт судалгаа шаардлагатай байна. Элэгний эрүүл мэндэд фолийн хүчлийн гүйцэтгэх үүргийн талаарх судалгаанд “Фолийн хүчил нь ДНХ нийлэгжилт, эпигенетикийн зохицуулалт, хомоцистеин метаболизмыг дэмждэг. Уг хүчил дутагдсанаар элгэний өөхлөлт, үрэвсэл, элэгний фиброз зэрэг өвчнийг үүсгэхэд холбогдож болно. Тиймээс фолийн хүчлийг нөхөн сэргээх нь элэгний өвчнийг эмчилгээнд тустай байж болох ч хэт их хэрэглээ нь сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Иймд фолийн хүчлийг нөхөн сэргээх хэмжээг тодорхойлоход нэмэлт судалгаа шаардлагатай байна” гэжээ.
Элэг хоргүйжүүлэх бэлдмэлийн тухай
Элэгний хоргүйжүүлэх нэмэлт тэжээлүүдийн үр нөлөө нь шинжлэх ухааны үндэслэл муутайгаас гадна маргаантай байдаг. Энэ талаар Жонс Хопкинсийн Анагаах Ухааны Их Сургуулийн мэргэжилтнүүдийн мэдээлснээр “Эдгээр бүтээгдэхүүн нь АНУ-ын Хүнс, Эмийн Захиргааны зохицуулалтад хамаардаггүй, тэдгээрийг клиник судалгаагаар хангалттай нотолж дүгнээгүй байх нь бий. Мөн нэгэнт гэмтсэн элгэнд детокс, хүнсний нэмэлтүүд нөлөө үзүүлэх нь бага. Элэг нь өөрийгөө хоргүйжүүлэх чадвартай эрхтэн бөгөөд нэмэлт тэжээлээр хоргүйжүүлэх шаардлагагүй” гэж үзжээ. Тиймээс онцгой тохиолдолд мэргэжлийн хүнээс асууж, эмчийн зөвлөсөн бүтээгдэхүүнийг хэрэглэх нь зүйтэй.