2025 оны гуравдугаар сарын 25-нд Дууяа А.Б гэх хаягаас “Сайн байна уу ? Миний дүү Г.Гантогос минь өсөж дэрвэх 15 насандаа гэнэт нуруу нугасны хорт хавдар гэж оншлогдлоо. Өдөр хоног биш секунд минутаар охины минь амь хэмжигдэж байгаа болохоор олон түмэнд түгээж хандив цуглуулах аян явуулж байна. Өмнө нь Солонгос улсаас эмчлэх боломжтой гэх хариу авсан боловч эмчилгээний төлбөр 200-250 сая болохыг сонсож улмаар өөр бусад орнуудыг судалсан. Бидний судалсан орнуудаас миний дүүгийн хавдарыг бүрэн авч эмчлэх боломжтой гэсэн хариу энэ удаа Турк улсын Мемориал эмнэлэгээс ирсэн. Хагалгаа болон хагалгааны дараах хими эмчилгээний төлбөр нь ойролцоогоор 100 сая болохыг сонсоод Солонгос улсыг харьцуулахад хоёр дахин хямд үнээр эмчлэгдэх тул илүү боломжтой гэж үзсэн. Иймээс хөөрхөн дүүг минь нарт хорвоод дахин амьдруулж туслаач гэж ард түмэн ,найз нөхөд, хамаатан садан та бүхнээсээ гуйж байна. өвдөлт ихсэж унтаж чадахгүй байгааг хараад суух хамгийн хэцүү, зовиураа тэсэж тэвчиж эдгэрэнэ гэж хүүхдийн гэнэн сэтгэлээр ээждээ итгэж найдаж байгааг харахаар өрөвдөх юм. Дүүд минь туслаач энэ хорвоод сайхан сэтгэлтэй хүмүүс маш их байдаг гэдэгт би итгэдэг. Миний дүүд хөл дээрээ босоход та бүхэн минь мэдэх чадах бүхнээрээ тусалж сэтгэлиин дэм хайрлаач
ХААНБАНК ~5312… Хандив өргөөрэй. Маш сайн шэйр хийж өгнө үү” гэсэн пост нийтэлжээ. Уг пост 605 удаа цааш түгээгдсэн байна.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Тухайн хандивын постыг Баагий Б.Бат-Эрдэнэ гэх нэг л хаягаас 605 удаа янз бүрийн Facebook бүлгэмүүд рүү цааш түгээсэн байна. Түүнчлэн сэтгэгдэл бичих хэсгийг хааж, реакц дарсан хэрэглэгчдийн тоог нуусан. Мөн өвчний шинж тэмдэг, шалтгааныг тодорхой дурдаагүй, холбоо барих утасны дугаар зэрэг мэдээллээ оруулж өгөөгүй нь залилангийн шинжтэй үйлдэл тул баримт шалгалт хийлээ.
Бид “Г.Гантогос хандив” гэх түлхүүр үг ашиглан Google хайлтын системээс хайж үзэхэд 2020 онд нугасны хорт хавдартай Гантогос охинд “Халуун сэтгэл амь нэг” хандивын аян зохион байгуулж байжээ. Тухайн үеийн постын зураг болон бичвэрээс ашиглаж хуурамч хандив хүссэн пост нийтэлсэн байна.
2020 онд Нандин Мэлмий НҮТББ гэх газраас тус хандивын аяныг зохион байгуулж байжээ. Нандин Мэлмий НҮТББ албан ёсны хуудсаараа дамжуулан хандив өгсөн байгууллагууд болон хагалгааны тухай мэдээллийг олон нийтийн цахим сүлжээнд нийтэлдэг байсан байна. Тэрхүү мэдээллийн хандив хүлээн авах данс Хаан банк 5955006147 /ээж Н.Нарантуяа/ гэж байсан бол дахин ашигласан хуурамч мэдээлэлд 5312…-оор эхэлсэн Бат-Эрдэнэ Пүрэвсүрэн нэртэй данс байршуулсан байна.

Эх сурвалж: Нандин Мэлмий НҮТББ
Иймд цахим орчинд хандив хүсэж буй мэдээллүүдэд хэрсүү хандаж, тухайн хандив хүссэн хаягийг болон нэр, утасны дугаар зэрэг мэдээллийг сайн нягталсны дараа мөнгө шилжүүлэх эсэхээ шийдэж байгаарай.
Залилах гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зүйл заалт
Эрүүгийн хуулийн 17.3-д “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.