Search

Орчуулгын алгоритмаар дамжин, хуурамч мэдээлэл түгж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1359

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Фэйсбүүкийн автомат орчуулгын алгоритмаар дамжсан “Хорт хавдрын эсийг ердөө 48 цагийн дотор устгадаг ургамал! Хими эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэсэн тайлбартай мэдээлэлд монгол хэрэглэгчид олноор сэтгэгдэл үлдээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Бурдок (Arctium lappa) нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, антиоксидант үйлчлэл үзүүлэх боломжтой ургамал боловч одоогоор хүн дээр бүрэн батлагдсан эмчилгээний үр дүнгүй байна. Энэ чиглэлийн судалгаанууд одоо ч хийгдсээр байгаа тул уг ургамлыг хорт хавдрын эмчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мөн уг ургамлыг хяналтгүй хэрэглэх нь хордлого, харшил өгөх сөрөг нөлөөтэй.

2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Garden Crafts Ideas гэх Турк улсаас хөтлөн явуулдаг хуудаснаас “Хорт хавдрын эсийг ердөө 48 цагийн дотор устгадаг ургамал! Хими эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэсэн тайлбартай нэгэн ургамлын зургийг хавсаргасан мэдээллийг түгээжээ. Уг постыг тайлбар хэсэг англиар бичигдсэн ч алгоритмын улмаар автоматаар монгол хэл рүү орчуулагдсан байна. Үүнээс үүдэн уг мэдээллийн доор олон тооны монгол хэрэглэгч сэтгэгдэл үлдээжээ.

Уг мэдээллийг шалгахын тулд зургаар хайх аргыг ашиглалаа. Хайлтын үр дүнд уг ургамал нь Бурдок (Arctium lappa) буюу багваахай овгийн нэгэн төрөл бөгөөд уламжлалт анагаах ухаанд эмийн ургамал, хүнсний зориулалтаар ашиглагддаг байна. Голдуу биеэс хорт бодис гадагшлуулах, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй гэгддэг ба сүүлийн жилүүдэд уг ургамалд агуулагдах арктигенин (arctigenin) хэмээх биоидэвхтэй нэгдлийг хавдрын эсрэг нөлөөтэй байх магадлалтай гэж үзэн, холбогдох судалгаанууд идэвхтэй хийгдэж байна.

Арктигенин нь бурдокын үндэс, үрэнд агуулагддаг нэгдэл бөгөөд хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулж, апоптоз (эс өөрийгөө устгах механизм)-ыг идэвхжүүлдэг болохыг зарим судалгаагаар нотолжээ. Тухайлбал,

2012 онд нийтлэгдсэн Бурдок (Arctium lappa) ургамлаас гаргаж авсан арктигениний хавдрын эсэд үзүүлэх нөлөө судалгаагаар 364 төрлийн ургамлын хандны хоруу чанарыг хорт хавдрын болон хэвийн эсийн өсгөвөр дээр шинжилсэн байна. Уг судалгаагаар А549 (хүний уушгины аденокарцинома) эсэд онцгой нөлөө үзүүлсэн 9 ургамал илэрсэн бөгөөд тэдгээрийн дундаас бурдок хамгийн хүчтэй үйлчлэлтэй байжээ. Үүнээс гадна хорт хавдрын эсийн өсөлтийг сааруулахад нөлөө үзүүлж, хэвийн эсүүдэд сөрөг үйлдэл үзүүлээгүй болохыг тэмдэглэсэн байна. Энэ нь арктигенин нь хавдрын эсэд хариу үйлдэл үзүүлэх боломжтой фитохимийн нэгдэл гэж дүгнэжээ.

Мөн “Бурдок ургамлын үр, үндэс, навчинд агуулагдах биоидэвхт нэгдлүүдийн метаболизмын шинжилгээ”-г харуулсан судалгаанд “Бурдокын үндэс, үр, навч нь лигнан, флавоноид, полифенол зэрэг антиоксидант агуулдаг тул дархлааны системийг дэмжих магадлалтай гэж үздэг. Шинжилгээгээр бурдокын эдүүд нь чөлөөт радикалуудыг саармагжуулах чадвартай байна. Энэ нь бурдокыг хоолны нэмэлт, эмийн зориулалтаар ашиглах боломжтой байгалийн антиоксидантын эх үүсвэр байх боломжтой” гэж дурдсан байна.

Хэдийгээр арктигенин нь хорт хавдрын эсрэг үйлчлэх боломжтой нэгдэл болохыг зөвхөн лабораторийн түвшинд (in vitro) болон амьтан дээр хийсэн судалгаанууд харуулж байгаа ч, нарийвчлан судлах шаардлагатай.

Уг ургамал хорт хавдрыг бүрэн эмчилдэг гэдгийг баталсан шинжлэх ухааны судалгаа байхгүй. “Бурдокыг хорт хавдрыг 48 цагийн дотор устгадаг, химийн эмчилгээнээс 100 дахин илүү үр дүнтэй” гэх мэт батлагдаагүй мэдээллийг хэт дэвэргэн тайлбарлаж, түгээсэн байна. Энэхүү мэдээлэл нь уг тайлбарын хамт гаднын мэдээллийн бүлгүүд, фэйсбүүкийн алгоритм зэргээр дамжин хэрэглэгчдийг төөрөгдүүлэх магадлалтай юм.

Уг ургамлыг лабораторийн түвшинд боловсруулж, эмийн хэрэглээнд нэвтрүүлснээр эрүүл мэндэд нөлөөтэй. Энэ чиглэлийн судалгаанууд нь хөгжүүлэлт хийж, илүү өргөн хүрээтэй судлагдсаар байгаа. Тиймээс боловсруулаагүй ургамлын үндэс, навч, цэцэг зэргийг дур мэдэн хэрэглэх нь харшил, хордлого үүсгэх эрсдэлтэй.

Дүгнэхэд, Бурдок (Arctium lappa) нь хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, антиоксидант үйлчлэл үзүүлэх боломжтой ургамал боловч одоогоор хүн дээр бүрэн батлагдсан эмчилгээний үр дүнгүй байна. Энэ чиглэлийн судалгаанууд одоо ч хийгдсээр байгаа тул уг ургамлыг хорт хавдрын эмчилгээ гэж үзэх боломжгүй. Тиймээс шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээгдэхүүнийг хэрэглэж, мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай. Мөн уг ургамлыг хяналтгүй хэрэглэх нь хордлого, харшил өгөх сөрөг нөлөөтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document