Search

АУ-ны доктор Б.Сэдэд: Зүүн эмчилгээгээр хавдрын эсүүдийг шээсээр гаргана гэсэн ойлголт огт байхгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1358

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Хавдрын бүх шатыг зүүн эмчилгээ хийх, мацаг барихаар бүрэн эдгээх боломжтой” гэх агуулга бүхий мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уламжлалт зүүн эмчилгээ болон мацаг барих аргаар хорт хавдрыг бүрэн эдгээхийг баталсан судалгаа байхгүй.

2025 оны 02 дугаар сарын 01-нд Мөнчанар  Хүнчанар нэртэй хаягаас Byambabayar Mishigdoj нэртэй хаягаас оруулсан мэдээллийг screenshot хийж 15 секундийн бичлэг болгон оруулжээ. Мэдээлэлд “Хорт хавдартай хүнийг 8 мин 20 сек наранд байлгаж байгаад баруун зүүн гарын хэгү, хөлийн тай, тайчуу цэг дээр зүү тавьдаг юм байна. Ингэж эмчлэхэд хэдхэн цагийн дотор хорт хавдрын эсүүд шээсээр гараад алга болдог юм байна. Хорт хавдар бол аймаар зүйл биш… 3 хоногоос 1 сар өлсөхөд арилдаг гэж бичжээ. Гэхдээ дан ус ууж өлсөх юм байна. Тэгээд хар өнгөтэй ялгадас гарвал хорт хавдар арилсан гэж үздэг  байна. Хорт хавдрын аль ч шатанд үйлчилдэг юм байна” гэх агуулгыг тусгасан байна. Тус постыг 1,100 реакцаар идэвхжүүлж, 7,400 гаруй удаа цааш түгээжээ.

Уламжлалт зүү эмчилгээгээр хорт хавдрыг эдгээнэ гэдгийг баталсан судалгаа, шинжилгээ байхгүй.

Их Британы хорт хавдрын судалгааны байгууллага Cancer Research UK-ийн сайтад орсон уламжлалт зүү эмчилгээ болон хорт хавдрын тухай мэдээлэлд “Зүү эмчилгээ нь хорт хадрыг эмчилдэг гэдгийг нотлох судалгаа байхгүй. Гэхдээ хорт хавдрын зарим шинж тэмдгийг сааруулах, химийн болон бусад эмчилгээний гаж нөлөөг арилгахад тустай” тухай мэдээлжээ. Хорт хавдрын химийн эмчилгээ, эм бэлдмэлийн хажуугаар ядрах, сульдах, амьсгал давчдах, хорт хавдрын эмилгээнээс үүдсэн улайлт, тайвширахад зориулж зүү эмчилгээний судалгаа чиглэдэг. Харин дан зүүн эмчилгээгээр хорт хавдрыг эдгээхийг баталсан судалгаа огт байхгүй.

АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгээс гаргасан уламжлалт эмчилгээний тухай мэдээлэлд “Одоог хүртэл судалж байгаа ба дийлэнх уламжлалт эмчилгээний арга барилд хангалттай судалгаа хийгдээгүй, нарийвчлан судлах шаардлагатай. Хорт хавдартай өвчтөн уламжлалт эмчилгээг хийлгэхээсээ өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй” гэх зөвлөмжийг хүргэжээ.

Анагаах ухааны доктор Б.Сэдэдийн мэдээлэл

Бид АШУҮИС-ийн гэрээт багш, анагаах ухааны доктор Б.Сэдэдтэй холбогдож, түгсэн мэдээлэл дэх зүүн эмчилгээгээр хорт хадрыг эдгээх тухай тодрууллаа.

Тэрээр “Уламжлалт анагаах ухааны салбарт дээрх зүүний сүвнүүдийг түгээмэл хэрэглэгддэг ч хорт хавдартай хүмүүс зүү эмчилгээ эсрэг заалттай байдаг. Мөн дээрх цэгүүдэд эмчилгээ хийгээд хавдрын эсүүд шээсээр гарна гэсэн ойлголт огт байхгүй” хэмээн мэдээлсэн. Түүнчлэн интернэт орчинд гарын хэгү, хөлийн тай, тайчуу цэгт зүүн эмчилгээ хийснээр хорт хавдрыг эдгээнэ гэх судалгаа, мэдээлэл огт байхгүй байна.

Уламжлалт зүүн эмчилгээ хорт хавдраас үүдсэн өвдөлтийг намдаахад нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч эдгээр судалгаанд илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатайг дурджээ.

2024 онд нийтлэгдсэн “Хорт хавдрын үеийн зүү эмчилгээний үр нөлөө: Системчилсэн тойм, мета-анализ” судалгаагаар зургаан онлайн судалгааны сангаас 2022 он хүртэл нийтлэгдсэн холбогдох судалгаануудад дүн шинжилгээ хийсэн байна. Тус судалгаагаар нийт 1124 хүн оролцсон 16 санамсаргүй хяналтын туршилтаар зүү эмчилгээ нь ямар нэг эмчилгээ хийхгүй байснаас илүү өвчин намдаах үр дүнтэй арга байж болохыг харуулсан. Гэвч уг судалгаанд зөвхөн нийтлэгдсэн туршилт, судалгаанд дүн шинжилгээ хийсэн ба хорт хавдрыг эдгээх талаар бус үүнээс шалтгаалсан өвдөлтийг намдаахад уламжлалт зүү эмчилгээний үр дүнг харуулсан байна.

360 хүн хамруулж 12 долоо хоногийн турш хийсэн эмнэл зүйн туршилтын судалгаагаар цахилгаан зүү эмчилгээ болон чихний зүү эмчилгээ нь хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн булчингийн өвдөлтийг намдаахад нөлөөтэйг харуулжээ. Гэвч судалгаанд оролцогчдоос чихний зүүн эмчилгээ хийлгэсэн  143 хүн тутмын 15 буюу 10.5 хувьд,  цахилгаан зүү эмчилгээ хийлгэсэн 145 өвчтөний 1 нь буюу 0.7 хувьд нь сөрөг нөлөө илэрсэн тухай судалгаанд буулгажээ.

2022 онд нийтлэгдсэн Хавдар судлалын өвдөлтийн менежментийн нэгдсэн анагаах ухаан: нэгдсэн онкологийн нийгэмлэгийн удирдамжид  1990-ээс 2021 он хүртэлх  нийтлэгдсэн системчилсэн тойм, мета-шинжилгээ, санамсаргүй хяналтын туршилт судалгаа зэргийг хамруулан нийт 227 судалгааг суурь болгон зөвлөмж хүргэсэн байна. Тус зөвлөмжид “хавдрын ерөнхий өвдөлт, булчингийн тогтолцооны өвдөлтийн үед зүү, рефлекслоги, цэгэн массаж хийлгэхийг зөвлөж байна… Хорт хавдартай өвчтөнүүдийн эмчилгээнд нэгдсэн анагаах ухааны оролцооны үүргийг илүү сайн тодорхойлохын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай байна” хэмээн мэдээлжээ.

Зүү эмчилгээ хорт хавдрын өвдөлтийг намдаах арга байж болохыг харуулсан судалгаанууд бий ч эдгээрт дан ганц зүү эмчилгээг ашиглаад хорт хавдрыг эдгээсэн гэх судалгаа байхгүй.

Мацаг барих нь хорт хавдрыг аль ч шатанд бүрэн эдгээхийг баталсан судалгаа байхгүй.

2021 онд “Эс ба Био Шинжлэх Ухаан” сэтгүүлд (Cell&BioScience) нийтлэгдсэн судалгаанд аутофаги механизм (Аутофаги нь эсийн цитоплазм дахь хуучин, гэмтсэн, хэвийн бус уураг болон бодисыг задалж, устгаж, эсийн шинэчлэлтийг дэмждэг бие махбодын өөрийгөө хамгаалах механизм юм) хорт хавдрын эсийн өсөлтийг эхэн үе шатанд дарангуйлахад тусалдаг болохыг харуулсан боловч хорт хавдар, хавдрын хожуу үе шатанд шилжсэн, биеийн бусад эрхтэнд тархсан үед аутофаги нь хэвийн бус эсийн тархалтыг хурдасгадаг байна.  Мөн судалгаанд “аутофагийн хяналтгүй байнгын идэвхжил нь эсийн задралд хүргэж, эсийг устгадаг. Аутофагийн зохицуулалт алдагдах нь мэдрэлийн дегенератив өвчин, халдварт өвчин, элэг, бүдүүн гэдэс, ходоод, хөхний, өндгөвчний хорт хавдар болон бусад олон өвчинд нөлөөлдөг” тухай дурджээ.

Бид аутофаги механизмын тухай хийсэн өмнөх баримт шалгалтаараа “Амьтанд хийсэн судалгаагаар 24-48 цаг мацаг барих нь аутофагийг хурдан эхлүүлэхэд хангалттай гэж үзсэн боловч хүний аутофагийг өдөөх хамгийн тохиромжтой хугацааны талаар хангалттай судалгаа хийгдээгүй” тухай мэдээлсэн.

Европын клиникийн ангаах ухааны сэтгүүлд 2024 онд нийтлэгдсэн “Хорт хавдрын үед завсарлагатай мацаг барих” судалгаагаар “Завсарлагатай мацаг барих нь хорт хавдрын явцыг дарангуйлж, эмчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэх бодисын солилцоо, дархлаа, эсийн механизм бүхий хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эмчилгээ болох олон талт арга юм. Хорт хавдрын төрөл, өвчтөний хариу урвалын ялгаатай байдал нь хорт хавдрын үед завсарлагатай мацаг барих стандартчилсан удирдамжийг бий болгохыг тулд нэмэлт судалгаа хийх шаардлагатай” гэх дүгнэлт гаргажээ.

Техасийн Их сургуулийн МД Андерсоны хорт хавдрын төвийн албан ёсны сайтад “Хорт хавдрын эмчилгээний үед мацаг барихад хоол тэжээлийн, шим тэжээлийн дутагдалд орох эрсдэлтэй. Мөн мацаг барих нь дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршил буурах зэрэг сөрөг үр дагавартай ба энэ тохиолдолд шим тэжээлээ авахад хэцүү болдог ба хорт хавдрын эмчилгээний үед мацаг барих нь стрессийг нэмнэ” хэмээн мэдээлжээ. Мөн Клиникийн хоолны дэглэмийн эмч Жухина Фаруки , Андерсоны Нэгдсэн Анагаах ухааны эмнэлгийн эмч доктор Мерое Морс хорт хавдартай өвчтөнүүд эмнэлгийн мэргэжилтний хяналт дор мацаг барих хэрэгтэй хэмээн зөвлөсөн. Энэ нь зохих шим тэжээлээр хангагдаж, жингээ хэвийн хэмжээнд барьж, хоол тэжээлийн дутагдал орохоос сэргийлэх тухай онцолсон байна.

Түгээсэн мэдээлэлд дурдсан “нэг сар мацаг бариад хорт хавдрыг аль ч шатанд эмчилдэг” болохыг харуулсан судалгаа байхгүй. Харин хорт хавдраас урьдчилан сэргийлэх эсвэл эмчилгээний үед мацаг барих нь эерэг нөлөөтэйг харуулсан судалгаа бий ч илүү нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай. Мацаг барих нь хорт хавдрын хожуу үе шатанд хэвийн бус эсийн тархалтын хурдасгах, бусад өвчлөлд нөлөөлөх зэргийг харуулсан судалгаа ч мөн бий. Иймд дур мэдэн мацаг барих, эсвэл зүү эмчилгээ хийлгэх нь эрүүл мэндэд эрсдэлтэй учир заавал мэргэжлийн эмчийн зөвлөгөөг аваарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

Cancer Research UK- ийн албан ёсны сайт

АНУ-ын Хавдар судлалын үндэсний хүрээлэнгийн албан ёсны сайт 

Хорт хавдрын үеийн зүүн эмчилгээний үр нөлөө: Системчилсэн тойм, мета-анализ” судалгаа

“Хорт хавдартай өвчтөнүүдийн  булчингийн архаг өвдөлтийн үед цахилгаан зүү эсвэл чихний зүүний эмчилгээний үр нөлөө: PEACE-ийн санамсаргүй эмнэлзүйн туршилт” судалгаа 

Хавдар судлалын өвдөлтийн менежментийн нэгдсэн анагаах ухаан: нэгдсэн онкологийн нийгэмлэгийн удирдамж

Эс ба Био Шинжлэх Ухаан” сэтгүүл

“Японы эрдэмтэн 15 цагаас хойш хүнд хоол идэхгүй, элэгнийхээ өөхлөлтийг идүүлж эрүүлжинэ” гэх нээлт хийсэн гэдэг нь төөрөгдүүлсэн мэдээлэл” баримт шалгалтын тайлан

Хорт хавдрын үед завсарлагатай мацаг барих” судалгаа

Техасийн Их сургуулийн МД Андерсоны хорт хавдрын төвийн албан ёсны сайт

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document