Search

Никотинамидтай шүдний ооны үр нөлөөний талаарх судалгаа хязгаарлагдмал байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1356

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Никотинамид нь шүдний шарлалтыг эрчимтэй арилгаж, шүдний паалан гэмтээхгүй улам илүү бат бөх болгоно. Амны хөндийг эмчилж, эвгүй үнэрийг арилгана. Кофe, цай, тамхи, улаан дарс, жимсний шүүс, кола болон хөгшрөлтийн улмаас шүд өнгөө алдсаныг ор мөргүй арилгана” гэсэн мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Никотинамид нь арьсанд тустай боловч шүдний дотоод өнгөний өөрчлөлтийг цайруулах баттай нотолгоо байхгүй. Шүдний оо нь амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг ч дангаараа шүд, амны хөндийн өвчлөлийг бүрэн эмчлэхгүй. Шүдний өнгөө сэргээхийг хүсэж байвал шүдний эмчтэй зөвлөлдөж, мэргэжлийн аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй.

2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Type videos shop хуудаснаас “Никотинамид нь шүдний шарлалтыг эрчимтэй арилгаж, шүдний паалан гэмтээхгүй улам илүү бат бөх болгоно. Амны хөндийг эмчилж, эвгүй үнэрийг арилгана. Кофe, цай, тамхи, улаан дарс, жимсний шүүс, кола болон хөгшрөлтийн улмаас шүд өнгөө алдсаныг ор мөргүй арилгана” гэсэн тайлбартай шүдний шарлалтын эсрэг ооны талаар мэдээлжээ. Уг пост 302 гаруй реакц, 578 сэтгэгдэл авч, 192 удаа цааш түгээгджээ.

Никотинамид буюу витамин B3 нь усанд уусдаг амьд нэгдэл юм. Үүнийг эмчилгээний зориулалтаар ашиглахаас гадна хүнсний нэмэлт, арьс арчилгааны чиглэлд судлагдсан ч шүд цайруулж, амны хөндийг эмчилгээний хэлбэрийн шинжлэх ухааны судалгаа хязгаарлагдмал байна. Уг нэгдэл шүдний шарлалтыг арилгах эсэх талаар шүдний эрүүл ахуйн зөвлөгөөг мэргэжлийн эмч нар бэлтгэж хүргэдэг “Yellow Teeth Solution” сайт мэдээлжээ. Үүнд, “Никотинамид (Ниацинамид- ижил нэршил) агуулсан шүдний оо нь шүдний өнгийг бага зэрэг цайруулж, амны хөндийн нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлэх магадлалтай ч батлагдаагүй. Шүдний гадаргуу дээрх толбыг аажмаар арилгах ч хурдан, мэдэгдэхүйц үр дүн өгөхгүй. Никотинамид өөрөө аюулгүй боловч өндөр агууламжтай, хүчтэй үйлчилгээтэй нь шүдний пааланг элэгдүүлж, мэдрэмтгий болгох эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай” гэсэн байна.

Шүдний оо амны хөндийн өвчнийг эмчилж чадах уу?

Зарим оо нь буйлны үрэвсэл, өнгөр зэргээс сэргийлэх найрлага агуулсан байдаг. Гэвч энэ нь амны хөндийн өвчнийг бүрэн эмчлэх боломжгүй бөгөөд зөвхөн урьдчилан сэргийлэх болон дэмжих үүрэгтэй. BioMed Central судалгааны санд 2025 онд нийтлэгдсэн амны хөндийн эрүүл мэндийн талаарх судалгаагаар амин нэгдэл, цайрын лактат (0.5%) агуулсан оог ердийн фтор (1400 ppm)-ын агууламжтай оотой харьцуулан судалсан байна. Уг судалгааг санамсаргүй түүврийн аргаар сонгосон Бангкок, Тайландын насанд хүрэгчдийг хамруулж, 10,778 шүдний талбайд ажиглалт хийжээ. Судалгааны үр дүнд зургаан сарын турш амин нэгдэл, цайрын лактат бүхий шүдний оог хэрэглэснээр,

 ·  Өнгөрийн хэмжээ 31.2%-аар,

·  Буйлны үрэвслийн индекс 32.3%-аар,

·  Буйлны үрэвслийн эрсдэл 49.3%-аар буурсан үзүүлэлт гарчээ.

Гэвч ийм төрлийн оо нь зөвхөн үрэвслийг багасгах, хамгаалах үүрэгтэй бөгөөд хувь хүний дадал зуршил, шүд угаах хэв маягаас ихээхэн хамаарахыг дурдаж илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзжээ. Мөн хүнд хэлбэрт шилжсэн амны хөндийн өвчнийг дан ганц оогоор эмчлэх боломжтойг баталсан шинжлэх ухааны судалгаа хомс байна. Иймээс  мэргэжлийн шүдний эмчид хандах нь хамгийн зөв шийдэл юм.

Шүдний өнгө өөрчлөгдөх нь кофе, тамхи, дутуу арчлах, нас ахих, гэмтэл, шүдний өвчин зэрэг олон шалтгаантай.

Шүдний өнгө өөрчлөлт нь хоёр үндсэн төрөлтэй:

Гаднах өнгөний өөрчлөлт : Шүдний гадаргуу буюу эмальд нөлөөлдөг бөгөөд зарим хоол хүнс, ундаа зэрэг орчны хүчин зүйлсээс болж үүсдэг.

Дотоод өнгөний өөрчлөлт : Шүдний дотор тал буюу дентинд үүсдэг бөгөөд шүдний гэмтэл, өвчлөл зэрэг шалтгаануудаас болж үүсэх нь элбэг байдаг. Энэ үед энгийн оо, ам зайлагчаас илүү мэргэжлийн үзлэг, эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй.

Хөгшрөх тусам шүдний паалан нимгэрч, доторх дентин давхарга илүү харагдаж эхэлдэг учраас шүдний өнгө шарлах хандлагатай байдаг. Никотинамид агуулсан оо нь ийм төрлийн шарлалтад мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй. Энэ талаар батлагдсан шинжлэх ухааны судалгааны материал хязгаарлагдмал байна.

Дүгнэхэд, никотинамид нь арьсанд тустай боловч шүдний дотоод өнгөний өөрчлөлтийг цайруулах баттай нотолгоо байхгүй. Шүдний оо нь амны хөндийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг ч дангаараа шүд, амны хөндийн өвчлөлийг бүрэн эмчлэхгүй. Шүдний өнгөө сэргээхийг хүсэж байвал шүдний эмчтэй зөвлөлдөж, мэргэжлийн аргуудыг хэрэглэх нь үр дүнтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document