2025 оны 03 дугаар сарын 12-нд Amedia гэх хаягаас “ЭМД-ын татварыг 240% нэмэгдүүлэхээр болжээ. Иргэд татварын дарамт, авлига, ажилгүйдэлд сөхөрч байна. Ерөнхий сайдыг огцруулах том хэмжээний эсэргүүцлийн жагсаалыг Эрх чөлөөний эвсэл сөрөг хүчний зүгээс зарлахаар болсон гэв” гэх пост нийтэлжээ. Тус пост нийт 44 реакц, 13 сэтгэгдлээр идэвхжүүлж, 89 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Постод дурдсан тоо баримт үнэн эсэхийг шалгах хамгийн эхний арга бол тухайн мэдээллийн холбогдох газрын албан ёсны мэдээллийн сайт руу орж үзэх юм. Энэ тохиолдол “ЭМД-ын татварыг 240% нэмэгдүүлэхээр болжээ” гэх мэдээлэл байгаа учир Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын албан ёсны мэдээллийн сайт болох emd.gov.mn руу орж, сүүлд нийтлэгдсэн мэдээллүүдийг шүүж харлаа.
Ингэхэд 2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс цалингийн доод хэмжээ нэмэгдэж, 792 мянга болж байгаатай холбоотой сард 15,840 төгрөгийн шимтгэл төлөхөөр болсон тухай мэдээлэл байсан юм. Харин 240 хувиар нэмэх болсон гэх мэдээлэл байхгүй байна.
Өмнө нь ЭМД-ын шимтгэлд сард 13,200 төгрөг төлдөг байсан бол дөрөвдүгээр сараас эхлэн 20% нэмэгдэж 15,840 төгрөг төлөх аж.
Түүнчлэн Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий газрын мэдээллийн ажилтнаас постод дурдагсан мэдээллийг тодруулж асуухад ЭМД-ын шимтгэл цалингийн доод хэмжээнээс хамаарч нэмэгдсэнээс өөр нэмэлт өөрчлөлт ороогүй байгааг бидэнд мөн мэдээлсэн юм.
