2025 оны гуравдугаар сарын 16-ны өдөр Харьцуулалт нэртэй Facebook хуудсаас “Шүүгч өөрийн итгэл үнэмшлээр хэргийг шүүнэ гэдэг энэ байх” гэх тайлбартай АНУ-д болсон нэгэн шүүх хурлын түүх гэх мэдээлэл нийтэлжээ. Уг постод “АНУ-д 14 настай хүү супермаркетаас талх хулгайлж, зугтах гэж байгаад баригджээ. Хүүхдийг баривчилж, шүүх хурал болж хулгай хийсэн учраас гэмт хэрэг үйлдсэн гэж үзжээ. Шүүх хурлын үeэр шийдвэр гаргахаасаа өмнө шүүгч хүүгээс сүүлчийн үгийг сонсохыг хүсч
Шүүгч: Яагаад хулгай хийсэн бэ? Гэж асуув
Хүүхэд: Надад талх хэрэгтэй байсан.
Шүүгч: Хулгайлж байхаар талхыг худалдан авч болоогүй хэрэг үү гэв
Хүүхэд: Надад авах мөнгө байгаагүй.
Шүүгч: Гэхдээ та гэр бүлээсээ мөнгө асууж болох байсан шүү дээ.
Хүүхэд: Гэрт ганцхан ээж байгаа. Ээж маань хүнд өвчтэй. Ажилгүй.. Тийм болохоор би бяслаг, талх хулгайлсан.
Шүүгч: Чи насанд хүрээгүй хүүхэд байна. Гэхдээ өөрт тохирсон ажил эрхэлж болох байсан.
Хүүхэд: Би машин угаалгын газар ажиллаж байсан. Долоо хоногийн өмнө ээжийгээ асрах зөвшөөрөл авсан тул халагдсан.
Шүүгч: Үнэхээр өөр тусламж гуйх хүн байхгүй гэж үү?
Хүүхэд: Өдөр бүр гэрээсээ гарахдаа хамгийн багадаа ажилтан хайж байгаа тавин газар очидог. Намайг ажилд аваагүй.Эцэст нь би хулгай хийхээр шийдсэн.
Гэмт хэрэг хийсэн хүүг шүүх хурал хэсэг завсарласны дараа шүүгч шийдвэрээ зарласан:
– Хулгай, ялангуяа ТАЛХ хулгайлах бол маш ичгүүртэй гэмт хэрэг. Тэгээд ийм нийгмийн хувьд бид бүгд үүнд буруутай. Энэ өрөөнд байгаа хүн бүр би энэ хүүгийн хулгайн үйлдэлд буруутай.
Шүүх хуралдаанд оролцогчдыг $ 10 торгоно. Хэн ч шүүхээс 10 доллар төлөх хүртэл шүүх хурлыг орхиж явахгүй гэжээ.
Шүүгч ч мөн $ 10 торгуулж. Торгуулиа төлөөд, өлсгөлөн хүүхдийг цагдаа нарт өгсөн супермаркетийн эзэн $ 1000 торгуульжээ.
Шүүхийн шийдвэрийг сонссон хүү нулимсаа барьж чадахгүй, шүүгчийн хоёр дахь өгүүлбэрийг сонсох ч сөхөөгүй уйлж байжээ.
Шүүгч шүүхийн танхимаас гараад нулимсаа барих гэж оролдов. Шүүгчдийн эцсийн үг нь: ′′ ХҮН ТАЛХ ХУЛГАЙЛЖ БАРИГДСАН БОЛ нийгэм, ийм нийгмийг удирдаж байгаа төрийн удирдах албан тушаалтнууд бүх хүмүүс ичих хэрэгтэй” гэсэн байна.
Тус пост 91 реакц, 3 сэтгэгдэл авч, 49 удаа цааш түгээгджээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Google хайлтын системээс шалгасан мэдээлэлд ашигласан зургаар хайхад тус зураг нь 2012 онд АНУ-ын Висконсин мужид болсон шүүх хурлын үеийн зураг юм байна. Тухайлбал, 2012 оны наймдугаар сарын 13-ны өдөр NYDailyNews сайтад “Висконсин мужид элэнц эмээгээ хөнөөсөн өсвөр насны хүүхэд 36 жилийн хорих ял авчээ” хэмээх гарчигтай нийтлэлд тус зургийг хавсаргажээ.


Харин шалгасан мэдээллийг агуулгаар нь Google хайлтын системээс хайж үзэхэд 2021 оноос эхлэн олон нийтийн цахим сүлжээгээр тархаж, (энд, энд бас энд) өндөр хандалт авсан байна. Мөн адил түүхийг өөр нэгэн зураг хавсаргаж түгээснийг доор харууллаа. Тухайн зургийг Google хайлтын системээс хайж үзэхэд 2011 онд Florida Times Union мэдээллийн сайтад “Гуравдугаар сард 2 настай дүүгээ зодож хөнөөсөн хэргээр баривчлагдаж, пүрэв гарагт Дувал тойргийн тангарагтны шүүхээс яллагдагчаар татагдсан Фернандес өнгөрсөн бямба гарагт дүүргийн шүүхийн шүүгч Уодделл Уоллесийн өмнө насанд хүрэгчдийн шүүхэд анх удаагаа оролцов” гэх тайлбартай нийтэлсэн байна.


Мөн 2020 онд Энэтхэгийн баримт шалгах, дата сэтгүүл зүйн байгууллага болох Factly 15 настай хүү дэлгүүрт талх, цөцгийн тос хулгайлж байгаад баригдаж, харин шүүгч дэлгүүрийн эзнийг 1,000 ам.доллароор торгох шийдвэр гаргалаа гэх мэдээллийг шалгаж худал болохыг мэдээлж байсан.
Дүгнэхэд, шалгасан мэдээлэлд дурдсан үйл явдал болсон талаарх баталгаатай эх сурвалжийн мэдээлэл одоогоор байхгүй байна. Түүнчлэн АНУ-ын шүүхийн практикт шүүх хуралд оролцож буй иргэдийг торгох тохиолдол гардаг ч шүүхийн журам зөрчсөн, шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон, худал мэдүүлэг өгсөн зэрэг үйлдэлд оролцогчдыг торгох боломжтой аж.
Үүнээс харахад сэтгэл хөдөлгөсөн зохиомол түүхээр цахим хуудасныхаа хандалтыг нэмэгдүүлдэг, олон дахин түгээдэг үзэгдэл зөвхөн манай улсад ч биш дэлхийн олон улсад хэрэглэгддэг арга байна. Иймээс сэжигтэй санагдсан мэдээллүүддээ эхлээд зургаар болон агуулгаар нь хайн баримт шалгалт хийж, худал тохиолдолд тэднийг репортлох мөн манай төв рүү илгээх боломжтой.