Search

“Элэгний өвчлөл, хорт хавдраас сэргийлэх Green Detox” гэх мэдээлэл худал

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1351

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Green Detox гэх бүтээгдэхүүнийг “бие дэх хорт бодисыг гадагшлуулж, элгийг хоргүйжүүлэн, эрүүл байлгахад тусална. Элэгний өвчлөл, В гепатит, элэг өөхлөх, элэгний халуун, хатуурал, дутагдал зэргээс урьдчилан сэргийлнэ. Мөн эсийг нөхөн төлжүүлж, элэгний хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй. Хоолны дэглэм барих, дасгал хийх шаардлагагүйгээр илүүдэл өөхийг хурдан шатааж, турахад тусална. Долоо хоногийн дотор үр дүнгээ үзүүлнэ” гэх мэтээр сурталчлан түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Гаднын улсын бүртгэлтэй, холбогдох дугаар, нэмэлт мэдээлэлгүй хаягаас баталгаагүй бүтээгдэхүүнийг богино хугацааны үр дүн, олон төрлийн үйлчилгээ зэрэг хэт дэвэргэн сурталчилж, нотлогдоогүй мэдээллийг түгээж байна.

2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр “Green Detox- Монголын 1 элэг хоргүйжүүлэгч” нэртэй хаягаас “Green Detox нь бие дэх хорт бодисыг гадагшлуулж, элгийг хоргүйжүүлэн, эрүүл байлгахад тусална. Элэгний өвчлөл, В гепатит, элэг өөхлөх, элэгний халуун, хатуурал, дутагдал зэргээс урьдчилан сэргийлнэ. Мөн эсийг нөхөн төлжүүлж, элэгний хорт хавдраас сэргийлэх нөлөөтэй. Цусан дахь сахрын хэмжээг тэнцвэржүүлж, нойрны чанарыг сайжруулж, стрессийг бууруулна. Арьсны шаргалт, шар нүд, загатнаа, батгыг багасган, арьсыг илүү гэрэлтсэн, толигор болгох үйлчлэлтэй. Хоолны дэглэм барих, дасгал хийх шаардлагагүйгээр илүүдэл өөхийг хурдан шатааж, турахад туслах Green Detox нь GMP болон АНУ-ын FDA-ийн баталгаажуулалтад нийцсэн бүтээгдэхүүн юм. Ердөө 7 хоногийн дараа та өөрийн биед гарах өөрчлөлтийг мэдрэх болно” гэсэн агуулгатай мэдээлэл нийтэлж элэг хоргүйжүүлэг бүтээгдэхүүний талаар сурталчилжээ. Уг постыг 1500 гаруй реакц, 4100 сэтгэгдэл авч, 985 удаа цааш түгээгджээ.

Дээрх мэдээллийг шалгахын тулд мэдээлэл түгээж буй хаягийг нягталлаа.

Уг хуудсыг хөтлөн явуулж буй газрын байршлыг харахад Вьетнам, Филиппин зэрэг гаднын улсын бүртгэлтэй байна. Үүнээс гадна холбогдох хаяг, утасны дугааргүйгээр зөвхөн чатаар харилцахыг уриалжээ. Энэ нь залилангийн шинжтэй постод илэрдэг түгээмэл хэлбэр юм.

Мөн уг бүтээгдэхүүний үр дүн, аюулгүй байдлын талаар батлагдсан судалгаа илэрсэнгүй. Элэг цэвэрлэх  болон бусад эрхтэн тогтолцоонд ашигтай гэх детокс ундаануудын үр дүнтэй байдалд хийсэн шинжлэх ухааны судалгаа хязгаарлагдмал байна.

Зарим судалгааны материалд детокс бүтээгдэхүүнээс илүүтэйгээр эрүүл амьдралын хэв маяг, тэжээллэг хоолны дэглэм нь элэгний эрүүл мэндийг дэмжихэд илүү үр дүнтэй гэдгийг дурджээ. Тухайлбал, АНУ-ын хамгийн нэр хүндтэй эрүүл мэндийн байгууллагуудын нэг болох “Johns Hopkins Medicine”-ы сайтад элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийн талаар тайлбарласан байна. Үүнд, “Элэг цэвэрлэх бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын элэгний эрүүл мэндийг дэмжих, элэгний асуудлыг шийдэх арга гэж сурталчилдаг ч стандартчлагдаагүй, клиникийн туршилтаар хангалттай шалгагдаагүй байдаг. Детокс бүтээгдэхүүний зарим найрлага элэгний үрэвслийг бууруулах, элэгний гэмтлээс хамгаалах нөлөөтэй гэж үздэг ч урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол хэрэглэхийг зөвлөсөн баталгаатай клиникийн судалгаа байхгүй. Энэ төрлийн бүтээгдэхүүний зарим нэмэлт бүтээгдэхүүнүүд нь эмийн гаралтай элэгний гэмтэл үүсгэж, элгэнд хортой нөлөө үзүүлж болзошгүй тул болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Элэгний эрүүл мэндээ хамгаалахын тулд согтууруулах ундааны хэт их хэрэглээнээс зайлсхийж хооллолтдоо анхаарч, дасгал хөдөлгөөн хийх нь хамгийн сайн арга юм” гэжээ.

АНУ-ын Хоол хүнс, Эмийн Удирдлагын Агентлаг болон Холбооны Худалдааны комиссоос олон төрлийн ургамлын гаралтай цэвэрлэх, хоргүйжүүлэх үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүдэд худал мэдээлэл тараасан, хортой орц агуулсан, шошгын зөрүү гэх мэт үндэслэлээр арга хэмжээ авсан байдаг. Учир нь тэдгээр бүтээгдэхүүн зарим төрлийн эмийн үйлчлэлийг ихэсгэх эсвэл багасгах, элэгний гэмтэл зэрэг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй гэж үзжээ. Үүнээс гадна, Детокс хоолны дэглэмийн үед жин хасах боломжтой ч хэвийн хооллолтдоо шилжсэний дараа эргэж жин нэмэгдэх магадлалтай, урт хугацааны үр нөлөөний талаар батлагдсан судалгаа байхгүйг АНУ-ын Үндэсний Эрүүл Мэндийн Институтийн мэдээлэлд дурджээ.

Элэг нь бие махбодын байгалийн хоргүйжүүлэх системийн нэг хэсэг бөгөөд хорт бодисыг боловсруулж, шээс болон өтгөнөөр гадагшлуулах үүрэгтэй. Эрүүл элэг өөрөө биеийн хоргүйжүүлэх үйл явцыг байнга явуулж байдаг тул нэмэлт “цэвэрлэгээ” хийх шаардлагагүй. Гэвч эрүүл мэндийн байдал, удамшил, хэрэглэж буй эм, хоолны дэглэм зэрэг хүчин зүйлсээс үүдэн элэгний үйл ажиллагаа буурах нь бий.

Энэ тохиолдолд янз бүрийн орц найрлагатай детокс бүтээгдэхүүн хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авч, мэргэжлийн хүний зааврын дагуу тохирох эм, бэлдмэлийг хэрэглэх нь зүйтэй.

Шалгасан мэдээллийг түгээж буй хаяг нь гаднын улсын бүртгэлтэй, холбогдох дугаар, нэмэлт мэдээлэлгүй буюу баталгаагүй хаяг байна. Иймд, хэт богино хугацааны үр дүн, олон төрлийн үйлчилгээний амлалт зэрэгт итгэж худалдан авахгүйгээр мэргэжлийн эмчийн зөвлөгөөг дагаж, баталгаатай газраар үйлчлүүлээрэй.

Мөн элэг цэвэрлэх ундаа, бэлдмэл зэрэг детокс нэмэлт бүтээгдэхүүний үр дүн, аюулгүй байдлыг нотолсон шинжлэх ухааны судалгаа хангалттай хийгдээгүй байна. Хувь хүний нас, эрүүл мэндийн байдал зэргээс хамаарч эрүүл мэндэд үзүүлэх нөлөө нь харилцан адилгүй. Тиймээс энэ төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхээс өмнө мэргэжлийн эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Элгээ хамгаалж, эрүүл мэнддээ анхаарах хамгийн аюулгүй бөгөөд ээлтэй арга нь зөв хооллолт, согтууруулах ундаа, тамхи зэрэг хорт зуршлаас татгалзах, идэвхтэй дасгал хөдөлгөөнийг хэвшүүлэх явдал юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document