Search

“Цалингийн бараг тал нь татварт явдаг” гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1349

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Цалингийн бараг шахуу тал нь татварт явдаг болсноор залуус Монголоос зугтаад байна гэх пост нийтэлсэн байна

Баримт шалгалтын үр дүн

Ажилтан цалингаасаа 13.5 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлд, үлдсэн дүнгээс 10 хувийг Хувь хүний орлогын албан татварт төлж, нийтдээ 23.5 хувийг татварт төлдөг. Харин цалингаас НӨАТ суутгадаггүй.

2025 оны 03 дугаар сарын 12-нд Gunzaya Victoria гэх Facebook хаягаас “Цалингийн бараг шахуу тал нь татварт явдаг болсноор залуус Монголоос зугтаад байнаа. Солонгост 57К, Шведэд 20К,Австрали,Япон,Чех руу цувсаар. Монголд ажиллах хүн олдохгүй байна. Хүнгүй болохоосоо өмнө бүх татвраа бууруулаа. Хүнийхээ төлөө ажилладаг сэтгэлтэй баймаар байнаа” гэсэн пост нийтэлсэн (архивласан хувилбар) байна.

Уг пост 2025 оны гуравдугаар сарын 13-ны байдлаар 10,000 гаруй реакц, 983 сэтгэгдэлээр идэвхжүүлж, 1,500 гаруй удаа цааш түгээсэн байна.

Тус мэдээллийг хамгийн анх Jargal Defacto гэх хаягаас 2024 оны гуравдугаар сарын 30-нд цахим сүлжээндээ нийтэлжээ. Харин уг мэдээллийг хуулж, дахин идэвхжүүлжээ.

Ажилтан цалингаасаа 13.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэж хуульчилсан

Шалгасан мэдээлэлд нийт 46% (НӨАТ-10%, НДШ-26%, ХХОАТ-10%) буюу цалингийнхаа бараг тал хувийг нь татварт төлдөг гэсэн байна. Ажилтан цалингийн задаргаагаа хүлээн авах ёстой бөгөөд тус хүснэгтэд НДШ болон ХХОАТ гэсэн хоёр төрлийн л татвар суутгасныг харж болно. Харин бидний худалдан авсан бараа, үйлчилгээнд НӨАТ-ын 10 хувь шингэсэн байдаг, үүнийг цалингаас шууд суутгадаг мэтээр төөрөгдүүлжээ.

Нийгмийн даатгалын шимтгэлийн 26 хувийг ажилтан болон ажил олгогч нар хуваан талдөг. Ажил олгогч үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын хувь хэмжээнээс хамааран 12.5, 13.5, 14.5 хувь гэх мэт ялгаатай байдлаар төлдөг. Харин ажилтан цалингаасаа 13.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд төлнө гэж нийгмийн даатгалын тухай хуулиар зааж өгсөн.

Түүнчлэн, ХХОАТ-ын 10%-ыг тооцохдоо үндсэн цалингаас суутгадаггүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараах дүнгээс тооцон суутгадгийг онцлох хэрэгтэй.

Үүнээс гадна нэмэгдсэн өртгийн албан татвар(НӨАТ)-ын 10 хувийг цалингаасаа шууд суутгуулдаггүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд “Хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ” гэж заасан.

Үүнээс харахад ажилтан цалингийнхаа 23.5 хувийг татварт төлдөг бөгөөд энэ нь тэтгэврийн даатгалын сан, тэтгэмжийн даатгалын сан, ажилгүйдлийн даатгалын сан, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сан, эрүүл мэндийн даатгалын сан руу ордог.

Солонгос улсад 2024 оны байдлаар албан бусаар 52-55 мянга орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байна

Солонгос улсад 2024 оны байдлаар албан бусаар 52-55 мянга орчим Монгол Улсын иргэн ажиллаж амьдарч байгаа гэсэн судалгаа бий гэж Гэр бүл хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээлсэн. Үүнээс 2004-2023 онд Бүгд Найрамдах Солонгос Улсад нийт 37.323 монгол иргэнийг ажиллах хүчнээр илгээсэн гэжээ. Харин Швед улсад амьдарч буй Монгол иргэдийн талаарх тодорхой тоо албан ёсны статистикт мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document