Search

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Ванс жагсагчдыг Украины армид элсэхийг уриалсан мэдэгдэл гаргаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1347

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Венс Украиныг дэмжиж буй жагсагчдыг Украины армид нэгдэхийг уриалсан” гэх агуулгатай мэдээлэл түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Венсийг амралтаар явах үед олон зуун жагсагчид түүнийг эсэргүүцэн жагссан нь үнэн боловч тэрээр жагсагчдад хандан Украины армид элсэхийг уриалсан агуулгатай зүйл огт хэлээгүй.

2025 оны гуравдугаар сарын 05-нд DMNN Korea (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас “🇺🇸АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д.Вэнс дайн зогсоох энхийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн Америк дахь Украины төлөө жагсагчдад хандаж, тэднийг Украины армид элсэхийг уриалжээ. Гэхдээ тэдний дундаас Америкийг орхиж, Украинд тулалдахаар нэг ч хүн бүртгүүлээгүй байна” гэх мэдээллийг Ж.Д.Вэнсийн зурагтай хамт нийтэлжээ. Тус постыг нийт 864 реакц, 113 сэтгэгдлээр идэвхжүүлж, 223 удаа цааш түгээжээ.

Шалгасан мэдээлэлд дурдсан “Ж.Д.Венс жагсагчдыг Украины армид элсэхийг уриалсан” гэх агуулгаар хайхад үүнийг баталсан албан ёсны, баталгаат эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна. Харин мэдээлэлд хавсаргасан зургийг Google Lens хайлтын системээр хайхад интернэт орчинд ижил мэдээллийг түгээсэн хаягууд их байна. Үүний дийлэнх нь орос хэл дээр бичигдсэн бөгөөд мэдээллийн эх сурвалж тодорхойгүй олон хаягаар түгжээ. Мөн түгээсэн мэдээлэлд ашигласан зургийг сайтар ажиглавал ширээ хооронд зай байхгүй ба Ж.Д Венсийн гар алдаатай байгаа нь хиймэл оюунаар хийсэн зураг байх магадлалтайг харуулж байна. Hive Moderation, AI Image Detector хэрэглүүрээр шалгахад 82.8 хувь, 69.79 хувийн хиймэл оюунаар хийсэн зураг байх магадлалтайг харуулсан.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Цагаан ордонд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах үеэр дэд ерөнхийлөгч Ж.Д Венс Зеленскийг Америкт талархал илэрхийлээгүй тухай хөндөж, шүүмжилсэн. Үүний дараа Ж.Д. Венсийг гэр бүлийн хамт Вермонт мужид цанын баазад зочлоход олон зуун жагсагчид түүнийг эсэргүүцэн жагссан тухай AP агентлаг, New York Post, BBC, Fox News зэрэг мэдээллийн сайт мэдээлжээ. Тэдгээрийн ихэнх нь Украиныг дэмжсэн бичиг барьсан бол дайны эсрэг бусад жагсагчид Палестины туг далбааг, зарим нь цагаачдын эрхийг дэмжсэн лоозон барин зогсжээ.

Ж.Д Венс 2025 оны 03 дугаар сарын 05-нд өөрийн X хаягтаа New York Post мэдээллийн сайтын зургийг оруулж “Би Вермонтод амралтын өдрөө сайхан өнгөрүүлсэн. Бид жагсагчдыг бараг анзаарсангүй, уулзсан бүх хүмүүс эелдэг, өгөөмөр байсан… Хүүхдүүдийнхээ хувийн орон зайн хамгаалахын тулд бид зочид буудлаа сольсон...” хэмээн бичжээ.

https://twitter.com/JDVance/status/1897002913278648397

АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Д Венсийг амралтаар явах үед олон зуун жагсагчид түүнийг эсэргүүцэн жагссан нь үнэн боловч тэрээр жагсагчдад хандан Украины армид элсэхийг уриалсан агуулгатай зүйл огт хэлээгүй. Шалгасан мэдээлэлд дурдсан “энхийн гэрээ байгуулахыг эсэргүүцсэн Украины төлөөх жагсагчдад Украины армид дэлсэхийг уриалсан” гэх агуулгыг батлах албан ёсны баталгаат эх сурвалж огт байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document