2025 оны 03 дугаар сарын 04-нд Хуульч Батхүү нэртэй Facebook хаягаас “Шинэлж байх зуур автомашины татварыг огцом нэмж. Жижиг тэрэг 300-400 мянгыг төлнө. Яаж амьдрах вэ?” гэх пост нийтэлжээ. Тус пост нийт 1,300 гаруй реакц, 352 сэтгэгдлээр идэвхжүүлж, 1,600 удаа цааш түгээгджээ.
- Автомашины татварт, зам ашигласны болон агаарын бохирдлын төлбөр, албан татвар гэсэн гурван төрлийн төлбөр, хураамж ордог ба үүнийг энэ оны эхнээс нэмэгдүүлсэн үнээр тооцох тухай тогтоол, шийдвэр гарсан. Харин цахим системд татварын нэмэгдсэн тооцооллыг оруулах зэрэг дагалдах үйл ажиллагаа нь хараахан жигдрээгүй, мөн өмнө мөрдөж байсан журам шиг дугаарын сүүлийн оронд харгалзах сард нь татвараа төлөх зэрэг зохицуулалт байхгүй болсонтой холбоотой татвар хураамж төлөх асуудал янз бүр байна.
- Шалгасан мэдээлэлд “шинэлж байх зуур” хэмээн цаг хугацааны хувьд 03 дугаар сарын 1-ний үеэр нэмэгдүүлсэн мэт дүрсэлсэн ч татвар нэмэгдсэн нь үнэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор дараах баримт шалгалтыг хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
- Авто зам ашигласны хураамж 100-250 мянган төгрөг болж нэмэгдсэн
Эрх зүйн мэдээллийн нэгдсэн системийн legalinfо сайтад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 24/29 дүгээр тогтоолоор авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” зааж өгсөн байна. Энэ нь 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлжээ. Уг тогтоолын хавсралтад “суудлын тэрэг” нэрээр таван төрлийн ангилал тогтоосон байна.
Тухайлбал, зам ашигласны төлбөрт:

2. Агаарын бохирдлын төлбөр хоёр дахин нэмэгдсэн
Түүнчлэн агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс ялгарах нүүрсхүчлийн хийн төлбөрийг тэдгээрийн ангиллаас хамаарсан хувь, хэмжээгээр дараах байдлаар тогтооно” гэжээ.

3. Албан татварын хэмжээ моторын багтаамжаас шалтгаалан өөр өөр байна
Тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрийн багтаамжаас хамааран өөр өөр байдаг. Ингэхдээ багтаамжийн цилиндрийн багтаамжийн 1 см3 тутамд өөр өөр үнэлгээгээр тооцжээ. Тухайлбал,

Та өөрийн автомашины татварын талаарх мэдээллийг Portal.smartcar.mn сайт болон Татварын удирдлагын нэгдсэн системийн itax.mta.mn сайт руу орон өөрийн тээврийн хэрэгслийн улсын дугаарыг оруулснаар мэдэх боломжтой.
“Жижиг тэрэг” буюу суудлын автомашины татварын хэмжээ өөр өөр байна
Татварын удирдлагын нэгдсэн системийн itax.mta.mn сайт руу орж, жишээ болгон тээврийн хэрэгслийнхээ 2025 оны нийт төлөх татварын хэмжээг харвал зам ашигласны төлбөр, автын агаарын бохирдлын төлбөр, автотээвэр, өөрөө явагч хэрэгслийн албан татвар гэсэн гурван төрлийн татварын нэхэмжлэл үүсгэсэн байна. 1.800 см³ хөдөлгүүрийн багтаамжтай тээврийн хэрэгсэл 2024 онд 69,700 төгрөг төлж байсан бол 2025 онд 247,450 төгрөгийн татвар гарсан байна.
- Энэ нь 177,704 төгрөгөөр нэмэгдсэн буюу 255 хувиар нэмэгдсэн тул “татвар огцом өссөн” гэж хэлэх нь зүй.
Татварын төрөл | 2024 (₮) | 2025 (₮) |
Зам ашигласны төлбөр | 20,000 | 100,000 |
Албан татвар | 47,952 | 143,856 |
Агаарын бохирдлын төлбөр | 1,800 | 3,600 |
Нийт | 69,752 | 247,456 |
Гэхдээ татварын цахим системийн ажиллагаа жигдрээгүй, автомашин бүрд зөв тооцоолол хийж чадахгүй байна. Тухайлбал, 2500 см³ хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины зам ашигласны төлбөр 150,000 төгрөг байхаар тогтоосон ч уг системд өөрчлөлт оруулаагүй буюу 30,000 төгрөг хэвээрээ байгааг доорх зургаас харна уу.

2500 см³ хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины дугаараар 2025 оны 03 дугаар сарын 6-нд хайхад гарсан үр дүн.
Энэ өөрчлөлтийг ойлгомжтой байх үүднээс хүснэгтээр харуулбал:
Татварын төрөл | 2024 (₮) | 2025 (₮) |
Зам ашигласны төлбөр | 30,000 | 30,000 |
Албан татвар | 67,473 | 202,419 |
Агаарын бохирдлын төлбөр | 2,100 | 4,200 |
Нийт | 99,573 | 236,619 |
- Зарим тохиолдолд татвар, хураамж огт нэмэгдээгүй гарч ирсэн байна.
Татварын төрөл | 2024 (₮) | 2025 (₮) |
Зам ашигласны төлбөр | 20,000 | 20,000 |
Албан татвар | 31,920 | 31,920 |
Агаарын бохирдлын төлбөр | 1,800 | 3,600 |
Нийт | 53,720 | 55,520 |

1300 см³ хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашины дугаараар 2025 оны 03 дугаар сарын 6-нд хайхад гарсан үр дүн.
Татварын энэхүү зөрүүтэй тогтоосон байдлыг хэрхэн залруулах талаар одоогоор албан ёсны мэдээлэл гараагүй байна.