Search

Зеленский “Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийхгүй” гэж хэлээгүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1345

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Украйны ерөнхийлөгч би Путинаас айдаг ерөнхийлөгчтэй ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгуулахгүй гэж хэлсэн” гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Украины ерөнхийлөгч Зеленский Доналд Трампт “Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулахгүй” гэж хэлсэн гэх мэдээлэл байхгүй. Мөн Украин Оросын эсрэг Хятад, Япон, Өмнөд Солонгос улстай шууд хамтарч ажиллах тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна.

2025 оны 03 дугаар сарын 01-нд Tovch.mn (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас Украины ерөнхийлөгч Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Трамптай уулзсан тухай мэдээллийг хүргэжээ. Тодруулбал, “Зеленский: Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулахгүй. Би чиний дараагийн ерөнхийлөгчтэй энэхүү гэрээг байгуулах болно. Дэлхий дээр ганцхан Америк гэж улс байдаггүй. Европ болон Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн улсуудтай хамтарч Путиныг заавал ялах болно. Харин Америкийн ард түмэнд баярлалаа, АНУ-ын конгресст баярлалаа. Украинд шударга ёс, энх тайван хэрэгтэй гэж хэлээд цагаан ордноос явлаа. Харин Трамп Зеленскийг газрын ховор элементээ ашиглуулах гэрээнд гарын үсэг яг одоо зур гэж тулгасан. Мөн Оростой энхийн хэлэлцээрт ор гэж шахжээ. Трамп дэлхийн III дайнаас болгоомжлох тухай хэд хэдэн удаа дурдсанаар уулзалт ямар ч үр дүнгүй боллоо. Уулзалт амжилтгүй болсныг ажиглаж байсан Польшчууд ерөнхий сайдаараа дамжуулан Украиныг дэмжинэ, Зеленский чи ганцаараа биш шүү гээд мэдэгдэл хийгээд амжлаа” хэмээн мэдээлсэн. Тус мэдээллийг нийт 2,100 гаруй реакц, 824 сэтгэгдлээр идэвхжүүлж, 408 удаа цааш түгээсэн байна.

2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Цагаан ордонд дайныг зогсоох тухай хэлэлцээр хийх зорилготой уулзсан. Цагаан ордны албан ёсны youtube сувагт 2025 оны 03 дугаар сарын 01-нд 49 минутын урттай уулзалтын бичлэг нийтэлсэн. Гэвч бичлэгт Зеленский “Путинээс айдаг ерөнхийлөгчтэй хэлэлцээр хийхгүй” гэж огт хэлээгүй.

Мөн шалгасан мэдээлэлд “… Европ болон Хятад, Япон, Өмнөд Солонгос гэсэн улсуудтай хамтарч Путиныг заавал ялах болно. Харин Америкийн ард түмэнд баярлалаа, АНУ-ын конгресст баярлалаа. Украинд шударга ёс, энхтайван хэрэгтэй гэж хэлээд цагаан ордноос явлаа” хэмээн мэдээлсэн. Гэвч Зеленский, Трамп хоёрын ярианд Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсыг дурдаагүй, эдгээр улстай хамтарч Путиныг ялна гэх зүйл огт хэлээгүй байна. Харин дайныг зогсоохын тулд хэлэлцээр хийх, тохиролцох тухай, газрын ховор элементийн гэрээ хийх тухай ярилцаж, сэтгүүлчдийн асуултад хариулсан.

Украины ерөнхийлөгч Зеленский Германы Мюнхенд 02 дугаар сарын 14-16-ны хооронд 61 дэх аюулгүй байдлын бага хурлын үеэр Путин Трампаас айж буй учир хэлэлцээр хийхийг хүсэж байгаа тухай хэлснээ бататгасан байна. Тодруулбал, 02 дугаар сарын 15-нд өрнөсөн хурлын бичлэгт хөтлөгч “Та Путин Трампаас айж буй учир яриа хэлэлцээр хийхийг зөвшөөрч байна гэж Трампд хэлсэн үү?” хэмээн асуухад Зеленский “Тийм. Би Трампд Путин өөрөөс нь айж байгаа тухай хэлсэн” хэмээснийг буулгажээ.  Энэ нь шалгасан мэдээлэлд дурдсан шиг “Трамп-Путинээс айдаг” гэж хэлсэн бус “Путин-Трампаас айж буй учир хэлэлцээр, тохиролцоо хийхийг зөвшөөрч байгаа” гэх агуулгатай юм.

Мюнихенд болсон бага хурал 02 дугаар сарын 14-16-ны хооронд болсон бол Зеленский Цагаан ордонд айлчилж Трамптай ярилцсан нь 02 дугаар сарын 28-нд болсон үйл явдал юм.

2025 оны гуравдугаар сарын 04-ны өдөр Володимир Зеленский өөрийн X хаягтаа ерөнхийлөгч Трампын удирдлага дор энх тайвныг тогтоохын тулд ажиллахад бэлэн тухайгаа мэдэгдэж пост оруулжээ. Тэрээр “…Цагаан ордонд болсон уулзалт санасан ёсоор болоогүй. Ийм зүйл болсонд харамсаж байна. Зөв болгох цаг нь болсон. Цаашдын хамтын ажиллагаа, харилцаа холбоо бүтэлтэй байхыг бид хүсэж байна. Ашигт малтмал, аюулгүй байдлын тухай хэлэлцээрийг тохиромжтой хэлбэрээр хийж, гарын үсэг зурахад Украин хэзээд бэлэн. Энэхүү гэрээг бид аюулгүй байдлын баталгааг нэмэгдүүлэх алхам гэж харж байгаа бөгөөд үр дүнтэй ажиллана гэдэгт итгэж байна” хэмээн дүгнэн бичжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский Доналд Трампт “Би Путинээс айдаг ерөнхийлөгчтэй ямар нэгэн гэрээ, хэлэлцээр байгуулахгүй” гэж хэлсэн гэх мэдээлэл байхгүй. Мөн Украин Оросын эсрэг Хятад, Япон, Өмнөд Солонгос улстай шууд хамтарч ажиллах тухай албан ёсны мэдээлэл байхгүй байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document