Search

Цагаан сарын баярын амралтыг сунгасан ч битүүний өдөр амарна гэх мэдээлэл төөрөгдүүлсэн

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1343

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Битүүний өдөр буюу 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 7 хүртэл бүх нийтийн амралт байхаар Засгийн газар шийдвэрлэсэн гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Засгийн газрын шийдвэрт битүүний өдөр амрахаар шийдвэрлээгүй.

2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр Facebook-т цагаан сарын баярын амралтыг сунгасан тухай шийдвэрийг тайлбарлан “Засгийн газрын хуралдаанаар сар шинийн баярын өдрүүдийн амралтад зохицуулалт хийх буюу Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж цагаан сараар 7 хоног амраахаар боллоо. Иймд битүүний өдөр буюу 2 дугаар сарын 28-наас 3 дугаар сарын 7 хүртэл бүх нийтийн амралт байхаар шийдвэрлэв” гэсэн пост түгжээ. Энэхүү мэдээлэл нь хэд хэдэн хаягуудад түгэн өндөр хандалт авсан байна (энд, энд бас энд).

Цагаан сарын баярын амралттай холбоотой Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаарх мэдээллийг баталгаатай эх сурвалж болох Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамны албан ёсны мэдээллийн сайтаас харлаа.

Тус яамны вэбсайтад 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдөр мэдээлснээр “Ирэх гуравдугаар сарын 3,4,5-нд амарна” хэмээн мэдэгджээ. Мэдээлэлд тэмдэглэснээр “Энэ жилийн сар шинийн баяр амралтын өдрүүдээр таарч байгаа тул Засгийн газрын хуралдаанаас ирэх 7 хоногийн даваа, мягмар, лхагва гарагийг /2025.03.03-05/ амралтын өдөр болгон зохицуулах тогтоолыг баталлаа” гэжээ. Түүнчлэн “2025 онд багтаж салбарын онцлогийг харгалзан аль ч үед дээрх ажлын өдрүүдийг нөхөж болохыг бүх шатны байгууллагуудад үүрэг болголоо” гэсэн байна.

Уг тогтоолд битүүний өдөр буюу энэ сарын 28-нд амарна гэж заагаагүй ба зөвхөн гуравдугаар сарын 3, 4, 5-нд амрахыг заасан байна.

Цагаан сарын баяраар бүх нийтээр амрах тухай шийдвэрийн мэдээлэл, Эх сурвалж: Гэр Бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яам

Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар манай улсад жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүд тохиодог. Энэ дагуу бид жилд нийт 16 өдөр амардаг. Харин энэ жилийн цагаан сарын баярын амралттай холбогдуулан Засгийн газрын “Олон нийттэй харилцах 11-11 мэдээллийн төв”-д ирсэн иргэдийн санал гомдлыг үндэслэн баярын амралтыг дахин хэлэлцэхээр болсон байна. Уг мэдээллийн төвд өнгөрсөн долоо хоногт 257 иргэн Цагаан сарын амралтыг сунгуулах асуудлаар санал гомдол гаргаснаар дахин хэлэлцэж дээрх шийдвэрлэх болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээлжээ.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document