2025 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Chimeg хүүхдийн бариач нэртэй Facebook хуудсаас “Булчингийн чангаралтай ирсэн нярайн 5 хоногийн барианы дараах өөрчлөлт үр дүн: Арагшаа нумарч гэдийхээ больсон, гар хөлний хөдөлгөөн ихэссэн, гулгихаа больсон, ганганаа ихэссэн, хөхөө идэх нь сайжирсан, дүлж баахаа больсон, толгойгоо даадаг болсон, нойр сайжирсан, нэг талруугаа харж гилжийхээ больсон” гэх тайлбартай бичлэг нийтэлжээ.
Тус бичлэгийг нийт 249 реакц, 38 сэтгэгдлээр идэвхжүүлж, 70 удаа цааш түгээжээ.
2025 оны хоёрдугаар сарын 7-нд Livetv хуудсаар тус бариачийн зөвлөмж бичлэг түгээсэн ба тайлбарт нь “Дүлж баах, цочимтгой байх, арагшаа гэдийх, нэг талаараа харах, нумрах, гулгих, мөрөө хавчих зэрэг нь хүүхдийн булчин чангаралтай байгааг харуулдаг” гэсэн байв. Тухайн өдрөө бичлэгийг устгасан ч үзээд буруу ойлголт аваад үлдсэн хүмүүс их байгаа нь манай төвд хандаж шалгуулах хүсэлт илгээж байгаагаас харагдаж байна. Тухайн бичлэг 94 мянга гаруй үзэлт авсан байна. Харин нэгдүгээр сарын 13-ны өдөр Chimeg хүүхдийн бариач хаягаар оруулсан бичлэг нь адил агуулгатай байгаа тул баримт шалгалт хийлээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бид Уламжлалт анагаах ухааны Манба дацан нэгдсэн эмнэлэг болон Анжел хүүхэд, нярайн эмнэлгийн эмч нараас нярай хүүхдийн булчингийн чангарлын талаар тодруулга авсан юм.
Булчингийн хэт чангарлын үед хүүхдийн гар, хөлийн булчин чангарч, нугалах, тэнийлгэхэд хүндрэлтэй байдаг
Уламжлалт анагаах ухааны Манба дацан нэгдсэн эмнэлгийн зүгээс бидэнд нярайн булчингийн чангарлын үед дараах шинж тэмдгүүд илэрдэг болохыг мэдээлсэн юм.
- Хүүхдийн гар, хөлийн булчин чангарч, нугалах, тэнийлгэхэд хүндрэлтэй байх
- Хөл нь байнга чангаралттай, түнхний үеэр сайн нугалардаггүй
- Гарын хуруунууд атгасан байдалтай, сулрахгүй байх
- Хүүхэд хэвийнхээс бага эсвэл хэт их хөдөлгөөнтэй байх
- Гараа байнга атгаж, тэнийлгэхгүй байх
- Гэнэт цочиж хөдөлгөөн хийх (Моро рефлекс хэт хүчтэй байх)
- Толгойгоо хэвийн хяналтгүй, хэт арагш гэдийлгэх –
- Хөхөх, залгих рефлекс сулрах буюу хэт хүнд болох
- Нярай хүүхэд уйлагнах, тайвшрахад хүндрэлтэй байх
- Нойрондоо муу, амархан цочих гэжээ.
Үүн дээр нэмээд булчин нь хэт чангарч, гэнэт татах зэрэг шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандах шаардлагатай гэжээ.
- Уламжлалт анагаах ухааны үүднээс нярайн булчин чангарах шинж тэмдэгт “дүлж баах, нэг талаараа харах, мөрөө хавчих, гулгих” зэрэг ордоггүй, эдгээр нь хэвийн рефлекс гэж үздэг байна.
Нярай нумрах гол шалтгаан нь тархи мэдрэлийн эмгэг юм
Хүүхдийн булчингийн чангаралтай холбоотойгоор 2025 оны хоёрдугаар сарын 19-ний өдөр Анжел хүүхэд, нярайн эмнэлэг цахим хуудсаараа дамжуулан “Эрүүл хүүхдийн шинжийг булчингийн чангарлын шинж гэж буруу тайлбарлаж иллэг хийх нь зохимжгүй юм” гэх агуулгатай Chimeg хүүхдийн бариачийн постоос иш татан залруулга пост нийтэлсэн байна.


Анжел хүүхэд, нярайн эмнэлэгийн эмч, АУ-ны доктор Ж.Амарсанаа “Хүүхэд нумрах гол шалтгаан нь тархи мэдрэлийн эмгэг бөгөөд энэ нь булчингийн чангаралтай болгодог. Энэ тохиолдолд бариач биш хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлэх хэрэгтэй” гэж албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдээлжээ. Түүнчлэн хүүхэд цочромтгой байх нь булчингийн чангарал гэхээсээ илүү мэдрэлийн талын асуудал байгаа эсэхийг эмчид үзүүлж мэдэх шааардлагатай гэсэн байна.
Мөн нярайн булчингийн чангарлын үед “Хүүхдийн бие нь хөшүүн, хөдөлгөөн нь хязгаарлагмал байх, нярайн рефлексүүд хүчтэй илрэх, хүүхэд нумрах, албадмал байрлалд орох, хөхүүлэхэд хүндрэлтэй байх” зэрэг шинж тэмдгүүд илэрдэг болохыг Анжел хүүхэд, нярайн эмнэлэгийн эмч, АУ-ны доктор Ж.Амарсанаа хэлжээ.
АНУ-ын Cleveland Clinic эрүүл мэндийн төвөөс гаргасан мэдээлэлд “Гипертонусын үед таны хүүхэд гар, хөлөө хөдөлгөхөд хүндрэлтэй байна. Учир нь тархи нь мэдрэл нь булчинтай холбогдож, булчингийн агшилт, сулралтыг удирддаг” гэжээ.
Дүгнэх нь
Дээр дурдсанаар нярайн булчин чангарлын үед хүүхдийн хөдөлгөөн хязгаарлагдах, булчин нь чангарч хүүхдийн бие хөшүүн болох, хөхөх, залгих чадвар буурч хөхүүлэхэд хүндрэлтэй байх зэрэг шинжүүд илэрдэг байна. Харин дүлж баах, гулгих, мөрөө хавчих зэрэг нь булчингийн чангарлын шинж тэмдэг гэсэн баталгаатай эх сурвалжийн мэдээлэл байхгүй байна.
Хэрэв таны хүүхдэд ямар нэг тухгүй байгаа шинж тэмдэг ажиглагдвал бариач дээр биш эхлээд мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авсны дараа эмчийн зөвлөсний дагуу бариач дээр очих хэрэгтэйг нярайн эмч нар зөвлөж байна.