2025 оны 01 дүгээр сарын 20 -нд Sain Online shop нэртэй хуудаснаас халуун тураах наалт бүтээгдэхүүний сурталчилгаа бүхий богино хэмжээний бичлэгийг бүтээгдэхүүний орц найрлага, давуу талуудыг дурдсан тайлбар бичиж нийтэлжээ. Тайлбар хэсэгт “Өөхтэй хэсгийн өөхийг шатаана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөнийг гаргана, хоолны дуршил бууруулна… Найрлагад wormwood, гоньд, циннамон, гааны навчны том, винтерийн цэцгийн тос, цагаан гаа гэх мэт орсон” хэмээн бичжээ. Тус бичлэгийг нийт 1,300 гаруй реакц, 1,100 гаруй сэтгэгдлээр идэвхжүүлж, 820 удаа цааш түгээжээ.
Тураах наалт гэж сурталчилж буй хэд хэдэн бүтээгдэхүүнийг өөр хаягаар мөн түгээж байна. Тухайлбал, Star Online Shop нэртэй хуудаснаас “Тураах биеийг хоргүйжүүлэх эрүүл мэндийн наалт” гэх тайлбартай хэвлий хэсэгт нааж хэрэглэдэг бүтээгдэхүүнийг ижил давуу талыг дурдаж худалдан борлуулж байна. Харин Sales shop- Хүргэлт үйлчилгээ хуудасны худалдаалж буй тураах наалтын давуу талуудыг “Өөхтэй хэсгийн өөхийг шатаана, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж өтгөнийг гаргана, хоолны дуршил бууруулна” хэмээн ижил бичсэн ч найрлагад нь “Төөнүүрийн навч ai-ye, кассийн үр, хунчир, мандарины хальс, бадамлянхуан навч, атрактилодэс өвс орсон” хэмээн тайлбарлажээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Сүүлийн үед хялбар аргаар турах олон төрлийн бүтээгдэхүүн сурталчлан борлуулах хаягууд эрс нэмэгдсэн. Тураах тос, саван, цай, ванны бөмбөлөг, наалт гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг “Тураана, өөх шатаана, биеийг хоргүйжүүлнэ” хэмээн хуурамч сурталчилгаагаар худалдан борлуулж байна. Эдгээр бүтээгдэхүүн хямд үнэтэйгээс гадна, дасгал хөдөлгөөн хийлгүй, хоолны дэглэм барихгүй хялбар аргаар турна гэж сурталчилж буй учир хэрэглэгчдийн анхаарлыг татаж байна.
Бид “Тураах наалт үр дүнгүйг олон улсын мэргэжилтнүүд сануулж байна”, “Тураадаг наалт гэж одоогоор байхгүй” гэх баримт шалгалтаараа турааж, өөх шатаах наалт, үүнийг баталсан судалгаа шинжилгээ байхгүй тухай мэдээлсэн. Мөн “Нэг наалтаар олон төрлийн өвчин эдгээж, бие махбодын үйл ажиллагааг дэмжихийг баталсан судалгаа байхгүй” баримт шалгалтад олон төрлийн эмийн ургамлыг агуулсан, тураах үйлчилгээнээс гадна биеийг эрүүлжүүлэх олон үйлчилгээтэй наалт байх боломжгүйг шинжлэх ухааны үүднээс тайлбарлан мэдээлж, хуурамч сурталчилгаа болохыг харуулсан.
Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Factly, Lead Stories, THIP баримт шалгах төв тураах наалттай холбоотой баримт шалгалт хийж, худал болохыг мэдээлсэн. Lead Stories баримт шалгах төв Таргалалтын эсрэг нийгэмлэгийн төлөөлөгч, таргалалтын эсрэг эмчилгээний мэргэжлийн эмч, мэс засалч Жихад Кудис, таргалалтын эмч Доктор Чарли Селцертэй холбогдож тураах наалтын тухай тодруулахад хоёул үгүйсгэж, тураах наалтыг баталсан нотолгоо, судалгаа байхгүй тухай мэдээлэл өгчээ.
АНУ-ын холбооны худалдааны комиссоос гаргасан “Тураах сурталчилгааны цаад үнэн” гэх нийтлэлд “ямар нэг наалт нааж, тос түрхээд турах боломжгүй” гэдгийг сануулсан. Мөн “Жин хасах тухай худал мэдээллийг илрүүлэх медиа гарын авлага“-даа “Жин хасах нь дотоод бодисын солилцооны үйл явц бөгөөд ямар нэг юм өмсөх, арьсанд түрхэх зүйл жин хасдаггүй. Тиймээс наалт, тос, лосьон, боодол, биеийн бүс, ээмэг гэх мэтийг ашиглан турах нь худал юм. Ийм бүтээгдэхүүн зар сурталчилгаа шигээ байх боломжгүй” хэмээн тайлбарлажээ.
2021 онд хийсэн таргалалтын эсрэг бичил зүүн технологийг харуулсан тойм судалгаанд наалтыг ч мөн хамруулсан бөгөөд “Одоогоор таргалалтын эсрэг арьсаар дамжих эмчилгээ бүртгэгдээгүй байна. Таргалалтын эсрэг бичил зүүн систем нь хүний биед үзүүлэх үр нөлөө, урт хугацааны хэрэглээний аюулгүй, тогтвортой байдал, тохиромжтой тун зэрэгт нэмэлт судалгаа хийх шаардлагатай хэвээр байна” хэмээн дурдсан.
Sales shop- Хүргэлт үйлчилгээ ба Sain Online shop хуудаст худалдаалж буй тураах наалт гэх хоёр өөр бүтээгдэхүүний үйлчилгээ болон хэрэглэх зааврыг яг ижил тайлбарласан боловч орц найрлагыг өөрөөр бичсэнийг доорх зургаас харах боломжтой.

Тус найрлагуудыг Google Scholar, PubMed, ResearchGate, JSTOR, Wiley Online Library зэрэг судалгааны сангуудаас түлхүүр үгээр хайхад эдгээр орцыг нийлүүлэн ашигласан тураах наалтны тухай, үүнийг баталсан, судалгаа огт байхгүй байна.
Тураах наалт, тос зэрэг бүтээгдэхүүнийг сурталчлахдаа олон төрлийн эмийн ургамал орсон, үр дүнтэй хэмээн сурталчилдаг. Гэвч шалгасан мэдээлэлд дурдсан орц найрлагыг агуулсан наалт, үүний үр дүнг нотолсон судалгаа байхгүй байна. Иймд худал сурталчилгаагаар худалдан борлуулж буй бүтээгдэхүүний тухай бусдадаа сэрэмжлүүлж, хэрэглэгчдийн эрх ашгийн төлөөр байгууллагуудад мэдэгдэж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар гомдол гаргах боломжтой.