Search

Хуурамч бүтээгдэхүүнээ сурталчлахаар төөрөгдүүлсэн мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1340

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Анхаарал төвлөрөл, ой тогтоолт, суралцах чадварыг сайжруулах хүүхдийн тархины R Brain HDA” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилж, богино хугацаанд үр дүнд хүрнэ гэж мэдээлжээ.

Баримт шалгалтын үр дүн

DHA буюу докозагексаены хүчлийн үр дүнгийн талаарх судалгааны бүтээлүүдэд уг нэмэлтийн ашиг тус илрэх хүртэл тогтмол хэрэглээгээ, хувь хүн, тун хэмжээ гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хугацаа шаардахыг дурджээ. Мөн уг бүтээгдэхүүний талаар мэдээлж буй хаяг нь гаднын улсын бүртгэлтэй, хуурамч зөвшөөрлийн бичиг ашиглаж мэдээлэл түгээж байна. Энэ нь залилангийн шинжтэй үйлдэл юм.

2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр R Brain HDA Mongolia нэртэй хуудаснаас “Анхаарал төвлөрөл, ой тогтоолт, суралцах чадварыг сайжруулах хүүхдийн тархины R Brain HDA” гэх бүтээгдэхүүний талаар сурталчилсан мэдээллийг түгээжээ. Мөн бүтээгдэхүүний ашиг тусыг “DHA-ийн дутагдлыг нөхөх нь оюуны хөгжлийг дэмжих болно. Энэ нь ой тогтоолт, алсын хараа, бүтээлч сэтгэлгээ, суралцах чадварыг сайжруулж, хүүхдийн мэдээлэл хүлээн авах, хурдан ойлгох чадварыг нэмэгдүүлдэг. Мөн оюун ухааны (IQ) хөгжлийг дэмжиж, зан үйлийн эмгэг, хөгжлийн хоцрогдол, аутизмаас сэргийлэхэд тусална. Энэхүү технологийн дэвшилтэт, хэрэглэхэд хялбар бүтээгдэхүүн нь 2-3 долоо хоногийн дотор мэдэгдэхүйц үр дүн үзүүлэх болно. Ээжүүдийн цаг хугацаа, мөнгийг хэмнэх шинжлэх ухаанд суурилсан, аюулгүй шийдэл” гэх мэтээр тайлбарлан бичсэн байна.

Уг пост 919 реакц, 1600 гаруй сэтгэгдэл авч, 737 удаа цааш түгээгджээ.

 Уг бүтээгдэхүүний талаар нарийн мэдээллийг олохын тулд зургаар хайх аргыг ашиглалаа. Хайлтын үр дүнд тус бүтээгдэхүүнийг Вьетнам улсын Лэтко компани үйлдвэрлэдэг гэх мэдээлэл байна. Тус эмийн компанийн албан ёсны сайтад уг бүтээгдэхүүн эмийн үйлчилгээг орлохгүй. Зөвхөн тархины шим тэжээлийг дэмжиж, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хүнсний нэмэлт тэжээл хэлбэрээр ашиглахыг мэдээлжээ. Нэмэлт тэжээл нь анагаах ухааны эмчилгээний зориулалттай биш шаардлагатай шим тэжээлийг нэмэгдүүлж, биеийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн юм. Иймээс хүчтэй эмийн нөлөө шиг богино хугацааны үр дүн гарахгүй бөгөөд шалгаж буй мэдээлэлд дурдсан шиг хугацаанд үр дүнг баталсан судалгааны материал илэрсэнгүй.

Шалгаж буй мэдээлэл дэх бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тус улсын Хүнсний Аюулгүй Байдлын Газраас нэмэлт тэжээлээр бүртгэн авч баталсан байна. Гэвч зургаан сараас нэг нас хүртэлх хүүхдүүд хэрэглэхийн өмнө эмчээс зөвлөгөө авч, орц найрлагаас харшлахаас сэргийлэхийг сануулсан байна. Тиймээс аливаа сурталчилгааны амлалтуудад итгэж, худалдан авалт хийхээс өмнө мэргэжлийн хүнээс асууж тодруулах хэрэгтэй.

Мөн дээрх бүтээгдэхүүний талаар мэдээллийг түгээж байгаа хаягийг шалгахад, Вьетнам улсаас удирддаг гаднын бүртгэлтэй байна. Үүнээс гадна чатаар холбогдохыг уриалж, илгээсэн мэдээлэл дунд хавсаргасан ”Хоол хүнс, эмийн хяналтын байгууллага”-ын зөвшөөрлийн бичиг дахь бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэгч нь зөрж байгаа юм. Энэ нь тухайн бүтээгдэхүүнийг борлуулж буй хаяг хуурамч, залилангийн зорилготой байх магадлалтайг харуулж байна. Үүний нэг илрэл нь найруулга зүйн алдаатай өгүүлбэр, логик зөрчилтэй, эргэлзээтэй үг сонголт зэрэг юм. Эдгээр нь залилангийн нийтлэг шинж юм. Иймд ийм төрлийн бүтээгдэхүүнийг худалдан авахдаа Facebook дэх зар, баталгаагүй хуудаснаас бус найдвартай газрыг сонгож үйлчлүүлээрэй.

DHA буюу докозагексаены хүчлийн талаарх мэдээлэл:

DHA буюу докозагексаены хүчил нь омега-3 тосны хүчлүүдийн нэг төрөл бөгөөд төв мэдрэлийн системийн мембраны бүтэц бүрдүүлэгч хэсэг юм. Уг хүчлийн ашиг тусын талаарх судалгаанд хоол хүнсэндээ DHA-гаар баялаг бүтээгдэхүүнийг хэрэглэх нь суралцах чадварыг сайжруулж, тархины шим тэжээлийг дэмждэг бол DHA-ийн дутагдал нь анхаарал дутмагшилтай хэт хөдөлгөөнтөх эмгэг (ADHD), сэтгэл гутрал, түрэмгий зан авир, хөгшрөлтийн явцад оюун ухааны чадвар буурах, альцгеймерийн шинж тэмдэг эхлэх зэрэгт холбоотой байдгийг мэдээлсэн байна.

PubMed судалгааны санд 2016 онд нийтлэгдсэн “DHA-ийн Тархи Хөгжил ба Үйл Ажиллагаанд Үзүүлж Буй Нөлөө” судалгаанд DHA (докозагексаены хүчил) нэмэлтийн танин мэдэхүйн ашиг тус нь тогтмол хэрэглээгээ, хувь хүн, тун хэмжээ гэх мэт хүчин зүйлсээс хамаарч хэд хэдэн долоо хоног эсвэл сар үргэлжлэх шаардлагатай гэж үзжээ. Тухайлбал, 55-аас дээш насны 485 хүнд өдөрт 900 мг DHA агуулсан бэлдмэлийг 24 долоо хоногийн турш хэрэглэснээр ой тогтоолт сайжирсан гэдгийг дурджээ.

Дүгнээд хэлэхэд, DHA-ийн нэмэлтийг зохистой хэмжээгээр хэрэглэх нь тархины хөгжил, танин мэдэхүйн үйл ажиллагааг дэмжих магадлалтай ч цахимд буй сурталчилгаа нь бүтээгдэхүүнийг хэт дэвэргэж, төөрөгдүүлэн мэдээлж байна. Иймд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, хэрэглэх шаардлагатай тохиолдолд баталгаагүй цахим хаягаас бус итгэмжлэгдсэн байгууллага, эмийн сангаас эмчийн зааврын дагуу худалдан авах нь зүйтэй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document