Search

Улаанбурхан өвчний эрсдэлийг үл ойшоосон мэдээлэл түгээж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1338

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“Улаанбурхан бол өөрөө эдгэдэг өвчин. Тиймээс вакцин нэртэй хор шахуулах хэрэг огт байхгүй шүү” гэсэн тайлбартай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Улаанбурхан нь амархан халдварладаг, хурдан хүндэрч болзошгүй вирусийн гаралтай өвчин бөгөөд тухайн өвчний дархлаа суугаагүй хүн бүрд халдварлах боломжтой. Уг өвчний вирусийн эсрэг эм байхгүй, зөвхөн шинж тэмдгийг бууруулж, дархлаа дэмжих зорилготой витамин, антибиотик эмчилгээ хийдэг. Иймээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамрагдах нь вирусийн дэгдэлтийг зогсоох үр дүнтэй арга юм.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Жүрмэд Занаа нэртэй хаягаас “Улаанбурхан бол өөрөө эдгэдэг өвчин. Тиймээс вакцин нэртэй хор шахуулах хэрэг огт байхгүй шүү” гэсэн мэдээлэл нийтэлсэн нь 191 реакц, 4 сэтгэгдэл авч, 50 удаа цааш түгээгджээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Улаанбурхан нь (морбилливирус) вирусийн гаралтай, агаар дуслын замаар халдварлаж, хүндэрсэн тохиолдолд нас барж болзошгүй аюултай халдвар юм. 2000-2023 оны хооронд улаанбурханы вакцин хийснээр 60 сая гаруй хүний амийг аварсан. Гэвч 2023 онд аюулгүй, хямд өртөгтэй вакцин байсан атал дэлхий даяар 107,500 хүн улаанбурханы улмаас нас барсан. Үүний ихэнх нь вакцин хийлгээгүй эсвэл дутуу вакцинжуулалтад хамрагдсан 5-аас доош насны хүүхдүүд байна. 2023 онд улаанбурханы вакцины эхний тунд хамрагдсан хүүхдүүдийн хувь 83% байсан нь өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа юм” гэж мэдээлжээ.

АНУ-ын Үндэсний Хавдарт Өвчин Судлалын сангаас улаанбурхан өвчин нь халдвар авсан хүнтэй ойр байгаа, өвчний эсрэг дархлаа суугаагүй 10 хүн тутмын 9 нь халдвар авах эрсдэлтэйг сануулсан байна.

Дархлаа суугаагүй үед 10 хүн тутмын 1 нь халдвар авдаг. Эх сурвалж: АНУ-ын Халдварт өвчин судлалын сан

  • Мөн улаанбурханыг эмчлэх тусгай вирусийн эсрэг эм байхгүй. Зөвхөн шинж тэмдгийг бууруулж, дархлаа дэмжих зорилготой витамин, антибиотик эмчилгээ бийг мэдээлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч вакцинжуулалтад хамрагдахыг зөвлөжээ.

Монгол Улсын хэмжээнд 1964-1992 онд жилд дунджаар 6,320 улаанбурхан өвчний тохиолдол, 79 нас баралт бүртгэгдсэн байна. Анх 1973 онд дархлаажуулалтын үндэсний товлолд улаанбурханы эсрэг вакцины 1 тунг, 1986 оноос 2 дахь тунг нэвтрүүлсэн. Ингээд 1986-1996 онуудад өмнөх 10 жилийн өвчлөлтэй харьцуулахад өвчлөл 7.5 дахин буурч байжээ.

Дэлхий даяар эрүүл мэндийн мэдээлэл хүргэдэг Кливлэнд Клиник сайтад улаанбурханы эсрэг өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт хийгдэхээс өмнө жил бүр ойролцоогоор 400-500 хүн нас бардаг байсан талаар дурджээ.

Улаанбурхан өвчний үед илрэх шинж тэмдэг нь:

  • Халуурах
  • Нүдний салст улайх, үрэвсэх
  • Хамраас нус гоожих
  • Ханиалгах
  • Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх
  • Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурах зэрэг юм.

Харин уг өвчний шинж тэмдэг хүндэрсэн тохиолдолд,

  • Суулгах, шингэн алдах
  • Чихний халдвар (дунд чихний үрэвсэл)
  • Уушгины хатгалгаа
  • Энцефалит (тархины үрэвсэл)
  • Жирэмсэн үед улаанбурхан тусвал бага жинтэй хүүхэд төрөх, дутуу төрөх зэрэг эрсдэлтэй.

Эдгээр шинж тэмдэг нь ихэвчлэн  вирусийн халдвар авснаас хойш 10–14 хоногийн дараа илэрдэг бөгөөд агаар дуслын замаас гадна гадаргуу дээр тогтсон вирусээр дамжин халдварлах боломжтой. Мэйо Клиник сайтын мэдээлснээр тэдгээр вирусийн дуслууд агаар болон гадаргууд 2 цаг хүртэлх хугацаанд оршин тогтнож чаддаг байна.

Иймээс улаанбурхан өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх хамгийн найдвартай, үр дүнтэй арга бол вакцинжуулалт юм. Энэ өвчин нь дархлаа тогтоогүй хүн бүрд халдварлах өндөр эрсдэлтэй бөгөөд ялангуяа бага насны хүүхдүүд, биеийн эсэргүүцэл султай хүмүүс, өндөр настнуудад шинж тэмдэг хүндээр илрэх магадлалтай. Цаашлаад амь нас ч эрсдэж болох өвчин тул үүнийг аяндаа эдгэрдэг энгийн халдвар мэтээр үзэх нь буруу ойлголт юм.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

“Улаанбурхан бол өөрөө эдгэдэг өвчин. Тиймээс вакцин нэртэй хор шахуулах хэрэг огт байхгүй шүү” гэсэн тайлбартай мэдээллийг түгээжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document