2025 оны 02 дугаар сарын 17 -нд Сарангэрэл Эрдэнэбаатар (архивласан хувилбар) нэртэй хуудаснаас мөнгө олон боломжтой хэмээн “Азын од” буюу Sweet Bonanza нэртэй тоглоомыг сурталчилсан зохиомол түүх бичиж нийтэлжээ. Уг түүхийн агуулга нь аав нь осолд орж, биеэ үнэлж хагалгааны мөнгө олдог байхад нэг үйлчлүүлэгч нь энэ бооцоот тоглоом татахыг зааж өгөөд, хагалгааны бүх зардлыг олсон” гэжээ. Ингэхдээ монгол хэлний найруулгаас өөр, алдаатай үг ашигласан нь олон байна. Тухайлбал, “Би хоцрогдсон хүүхэд байсан, ээж намайг 40 настайдаа төрүүлсэн. Хүүхэд байхдаа цэцэрлэгийн бусад бүх хүүхдүүдийг залуу эцэг эхчүүд аваад явчихдаг, ээжийгээ эмээтэй андуурдаг байсан болохоор тэрнээс болоод зарим нэг цогцолбортой байсан…” гэх мэт алдаа гаргаж буй нь гаднын хэрэглэгч монгол хэлээр зохиомол түүх оруулсныг илтгэнэ.
Тус постыг нийт 242 реакц, 111 сэтгэгдлээр идэвхжүүлж, 26 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Сарангэрэл Эрдэнэбаатар гэх хуудас нь 2025 оны 02-р сарын 17-нд нээгдсэн ба уг өдрөө бооцоот тоглоомын сурталчилгааг оруулжээ. Хуудасны тухай мэдээлэл огт оруулаагүй 02 дугаар сарын 17-нд хэд хэдэн зураг нийтэлснээс өөр пост нийтлээгүй байна.

Шалгасан мэдээлэлд оруулсан линк рүү ороход Google Play Store-ийн зурагтай боловч 1luckyslot.click гэх домэйнтэй сайтын линк байна. Google Play Store-ийн сайтаас Sweet bonanza гэх түлхүүр үгээр хайхад ижил нэртэй олон төрлийн тоглоомын сонголтууд гарч ирлээ. Гэвч эдгээр тоглоомыг татах линк нь шалгасан мэдээлэлд хавсаргасан линкнээс зөрүүтэй байгааг доорх зургаас харж болох юм. Тодруулбал, шалгасан мэдээлэлд оруулсан хуурамч линк “1luckyslot.click” гэх домэйнтэй бол Google Play Store дахь аппыг харвал “play.google.com” домэйнтэй байна.

Түгээсэн линк дэх тоглоомын тайлбарт “House of Luck нь Монголын анхны онлайн казино юм…” хэмээжээ. Үүнээс харвал түгээсэн мэдээлэл дэх тоглоомын нэр, сайтын нэр ба тайлбар хэсэгт оруулсан нэр бүгд зөрүүтэй байгааг харж болно. Мөн тус линкээр тоглоом суулгах товчийг дарахад mongolia-melbet.org гэх цахим мөрийтэй тоглоомын сайт буюу бооцоо тавьдаг сайт руу шилжиж байна.

Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 сайтыг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос хаасан тухай, 1xBet цахимаар бооцоо тавьдаг сайттай холбоотой домэйн хаягууд руу Монгол Улсаас хандахыг хязгаарласан тухай УИХ Н.Учрал өөрийн Facebook хуудастаа мэдээлсэн (энд бас энд). MelBet нь Pelican Entertainment B.V. казино группийн сайт ба 1xBet-тэй ижил цахим бооцоо тавьдаг сайт юм. Түүнчлэн Pelican Entertainment B.V. нь Кюрасао арлын улсад (Curacao) лицензтэй, үйл ажиллагаа явуулдаг аж. Үүнээс харахад хуурамч хаягаас цахим бооцоо тавьдаг гаднын сайтыг түгээн дэлгэрүүлж байгааг харж болох юм.
Мөн түгээсэн мэдээллийн дор “Надад ч бас мөнгө хэрэгтэй, хаанаас татаж авах вэ?”, “Сая АТМ-аас хожсон мөнгөө аваад ирлээ”, “Гайхалтай казино! Тоглоомын том сонголт, хурдан төлбөр. Би үүнийг санал болгож байна” зэрэг сэтгэгдэл бичсэн хаягууд шинээр нээгдсэн, цөөн найзтай хаягууд байна. Монгол хаягаас бичсэн мэт сэтгэгдэл төрүүлж, бусад хэрэглэгчдэд үнэн бодитой мэт санагдуулж буй нь зохион байгуулалттай хуурамч мэдээлэл түгээж буйн илрэл юм.

Хуурамч хаягаас цахим бооцоо тавьдаг сайтыг өөр тоглоом мэт зохион байгуулалттайгаар сурталчилан түгээж байна.