Search

Санжаасүрэнгийн Оюуны нэр, зургийг ашиглан залилан үйлдэж байна

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1336

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Sanjaasuren Oyun нэртэй хаягаас “буцалтгүй тусламж, эргэн төлөлтгүй санхүүжилт” гэх мэт мөнгө өгөх тухай постыг олон төрлийн хаягаар дамжуулан, удаа дараа нийтэлжээ.

Баримт шалгалтын үр дүн

Уг мэдээллийг дамжуулж буй хаягийг шалгахад олны танил хүмүүсийн зургийг ашиглан, их хэмжээний мөнгөн тусламж үзүүлнэ гэх агуулгатай, залилангийн шинжтэй мэдээллийг түгээдэг хуурамч хаяг байна. Мөн холбоо барих дугаар, нэмэлт мэдээлэлгүй зөвхөн чатаар харьцахыг уриалахаас гадна Sanjaasuren Oyun гэх ижил нэр, зураг бүхий хуурамч мэдээлэл түгээдэг 10 орчим хаяг илэрлээ.


Энэхүү мэдээлэлд Мета компанийн Хөндлөнгийн баримт шалгах хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэгээ зүүж анхааруулсан болно. (Дэлгэрэнгүйг энд болон эндээс уншина уу.)

2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Sanjaasuren Oyun нэртэй хаягаас “Танд ямар нэгэн төлөвлөгөө бий юу? Төсөлдөө илүү сайн тусламж авахын тулд хүсэлтээ оновчтой болго. Энэ төсөл Монголын бүх өрхөд хамаатай. Энэ хүнд үед хүн амаа дэмжих зорилгоор өрх бүрд буцалтгүй тусламж. Таны хэрэгцээг илүү сайн хангахын тулд мессеж үлдээнэ үү!!” гэсэн тайлбартай пост нийтэлжээ.

Уг мэдээллийг нягтлахын тулд анхан шатны баримт шалгах алхмын дагуу хаягийг нягтлах замаар шалгалаа. Тухайн хаягийг шалгахад буцалтгүй тусламж, эргэн төлөлтгүй санхүүжилт гэх нэрийдлээр мөнгө өгөх тухай агуулгатай постыг нийтэлсэн байна. Мөн олны танил хүмүүс, гаднын иргэн, их хэмжээний мөнгөн дэвсгэрт зэрэг зургийг хавсаргажээ. Тухайлбал, ‘‘Парис-2024’’ зуны олимпын мөнгөн медалийн эзэн, ОУХМ Б.Баасанхүүгийн зургийг нийтэлж, буцалтгүй тусламж авсан мэтээр тайлбарлан бичжээ.

Гэвч уг хавсаргасан зураг нь Б.Баасанхүү тамирчны гаргасан амжилтад баяр хүргэж, Скайтел Групп, ‘‘Скай Хайпермаркет ХХК’’ болон ‘‘Баттүшиг ба Цэлмүүн’’ сангаас урамшуулал олгосон үеийн зураг байна.

Дээрх мэдээллийг түгээж буй хэрэглэгчийн нэрээр хайлт хийхэд ижил зураг нэрээр “чатаар холбогдоод мөнгө аваарай” гэх агуулга бүхий мэдээллийг түгээдэг 10 орчим хаяг илэрлээ. (Энд, энд, энд, энд) Тэдгээр постын нийтлэг шинж нь холбоо барих дугаар, нэмэлт мэдээлэлгүй зөвхөн чатаар харьцахыг уриалсан байна. Бодит бизнес үйл ажиллагаа нь албан ёсны вэбсайт, хаяг, утасны дугаартай байдаг. Харин залилангийн шинжтэй постууд ихэвчлэн тодорхой бус холбоо барих мэдээлэлтэй, зөвхөн хувийн чатаар холбогдохыг шаардах нь элбэг.

“Шуурхай мөнгө олох”, “Бага мөнгөөр их ашиг хүртэх” гэх мэт хэт ашигтай санагдах амлалтууд нь ихэвчлэн залилангийн шинжтэй байдаг. Иймээс хурдан хугацаанд, их хэмжээний мөнгө олох агуулгыг холбогдох дугаар, түгээсэн эзэн тодорхойгүй хаягаас нийтэлсэн сэжигтэй постуудыг репорт хийж хэвшээрэй.

  • Өмнө нь ямар нэгэн бичлэг, пост оруулж байгаагүй эсвэл хэтэрхий бага мэдээлэлтэй
  • Зөвхөн нэг төрлийн зурагтай (ихэвчлэн интернэтээс татсан байх нь элбэг)
  • “Сугалаанд хожлоо”, “Шагналтай боллоо” гэх мэт амар аргаар, хурдан мөнгөтэй болох талаар нийтэлж, анхаарал татдаг
  • Мөнгө, шагнал авахын тулд таны хувийн мэдээлэл эсвэл урьдчилгаа төлбөр шаарддаг
  • Зөвхөн чатаар холбогдохыг шаарддаг, утасны дугаар, албан ёсны вэбсайтгүй
  • Хувийн мэдээлэл, банкны, дансны дугаар зэргийг асуудаг
  • Бодох хугацаа өгөхгүйгээр яаруулж, тэвдүүлдэг
  • Үг, үсэг тэмдэгт, найруулгын алдаатай нийтлэлүүдийг түгээдэг
  • Нийтлэлүүд нь бодит хүмүүсийнх шиг олон янзын биш, тогтсон нэг хэв маягтай гэх мэт шинжийг агуулдаг.

Дээрх шинжүүдийг харгалзан үзэж, сэжигтэй тохиолдолд тухайн хаягийг дагахаа болих, Facebook болон бусад холбогдох байгууллагад мэдээлэх хэрэгтэй. Аливаа үүсэж болох эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах хэрсүү нэгэн байгаарай.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ерөнхий агуулга

Sanjaasuren Oyun нэртэй хаягаас “буцалтгүй тусламж, эргэн төлөлтгүй санхүүжилт” гэх мэт мөнгө өгөх тухай постыг олон төрлийн хаягаар дамжуулан, удаа дараа нийтэлжээ.

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document