Search

Ионжуулсан усанд хөлөө дүрж, биеийн хорыг гадагшлуулдаг гэдэг нь батлагдаагүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1335

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Биеэс хор гадагшлуулах аппарат гэх усанд хөлөө дүрж хэрэглэх бүтээгдэхүүнийг сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ

Баримт шалгалтын үр дүн

Ионжуулсан усанд хөлөө дүрснээр биеийн хор гадагшилдаг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй.

2025 оны 01 дүгээр сарын 14 -нд Өвөө эмээгийн цахим дэлгүүр нэртэй хуудаснаас Бүх биеэс хор гадагшлуулах аппарат гэх усанд хөлөө дүрс хэрэглэх бүтээгдэхүүний сурталчилсан богино хэмжээний бичлэг нийтэлжээ. Түүнчлэн тайлбарт хэсэгтээ “Биед хуримтлагдсан хорыг гадагшлуулна, үений хөдөлгөөн сайжруулна, нойр сайжруулна, булчин шөрмөсний таталтыг зогсооно, шингэний тэнцвэрийг хадгална, нурууны өвдөлт зовуурийг намдаана, өөх тосны хуримтлалыг багасгана” гэх мэт нийт 15 давуу талыг дурдсан байна. Тус бичлэгийг нийт 172 реакц, 57 сэтгэгдлээр идэвхжүүлж, 138 удаа цааш түгээжээ.

Бид өмнө нь хийсэн хэд хэдэн баримт шалгалтаараа хөлөө ямар нэг бүтээгдэхүүн, бодистой усанд дүрээх биеийн хорыг гадагшлуулах тухай баримт нотолгоо байхгүй тухай мэдээлж байсан(энд бас энд).

Олон улсын баримт шалгах сүлжээний гишүүн Logically Fact баримт шалгах төв “ионжуулсан усанд хөлөө дүрж биеийг хоргүйжүүлэх явцад усны өнгө өөрчлөгддөг” гэх агуулгад баримт шалгалт хийж, худал болохыг мэдээлсэн. Тус баримт шалгалтад “Гаднын ионы хүчин зүйлээс үүдэж хөл болон биеийн бусад хэсгийн нүх сүвээр хорт бодис ялгардаг гэдгийг шинжлэх ухаанаар нотлоогүй, Ионжуулалтын процесс нь ихэвчлэн усан дахь хольц, зэвэрсэн металлтай урвалд орж усны өнгийг өөрчилдөг” хэмээн дүгнэжээ.

2012 онд хийсэн “Ион хөлийн ванн (IonCleanse)-ийн объектив үнэлгээ: биеэс хорт бодисыг зайлуулах чадварыг шалгах” судалгаагаар цахилгаан ванныг техникийн дагуу ажиллуулах үед хөлөөр дамжин хорт элемент ялгарах тодорхой өдөөгч байхгүй, хүний биеийг хоргүйжүүлэх нотолгоо байхгүй гэж дүгнэжээ. Тус судалгаанд 6 оролцогч хамруулж, хөлөө усанд дүрэхийн өмнө болон дараах усны дээжийг харьцуулж, мөн оролцогчдын шээс, үсний дээжийг шинжлэхэд, биеийг хоргүйжүүлдэггүйг харуулсан.

Харвардын анагаах ухааны сургуулийн эрүүл мэндийн хэвлэлийн сайтад “Ионы өөрчлөлт нь хөлийн нүх сүв эсвэл биеийн бусад хэсгээр хорт бодисыг ялгаруулдаг болохыг баталсан шинжлэх ухааны нотолгоо байхгүй” хэмээн дурджээ.

Мөн Америкийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөлийн албан ёсны сайтад биеийн хоргүйжүүлэх ионжуулах төхөөрөмж нь хөлөө усанд дүрээгүй үед ч өнгө нь хувирч буйг харуулж, худал болохыг мэдээлсэн. Түүнчлэн, бидний шалгасан бүтээгдэхүүнтэй ижил бүтээгдэхүүний дотор ган материалаар хийснийг харуулж, “Цахилгаан гүйдлээр төмрийн исэлдэлтийг нэмэгдүүлдэг. Энэ нь төмрийн гидроксид буюу зэв юм” хэмээн тайлбарлажээ. Тус мэдээлэлд @bigclivedotcom youtube сувгийн туршилтын видеог хавсаргаж, төхөөрөмжийг хийсний дараа савтай усны өнгө нь өөрчлөгдсөн зургийг оруулсан байна. Доорх зурагт савтай усанд ионжуулах аппарат хийснээс 30 секундийн дараа өнгө нь хувирч буйг харуулсан.

Эх сурвалж: Америкийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөлийн албан ёсны сайт

Ашгийн бус эрдэм шинжилгээний эрүүл мэндийн Кливланд клинкийн албан ёсны сайтад орсон хөлөө усанд дүрж биеийг хоргүйжүүлэх тухай нийтлэлд Анагаах ухааны доктор Ирина Тодоров “Хөлөө усанд хийх нь тайвшруулж, амраахыг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь халуун шүршүүрт орохтой л ижил. Шинжлэх ухааны үүднээс авч үзвэл үүнийг батлах ямар ч нотолгоо байхгүй” гэх тодруулгыг өгчээ. Мөн тэрээр хоолны дэглэм дасгал хөдөлгөөнд анхаарлаа хандуулах замаар биеийг хоргүйжүүлэх дараах дөрвөн зөвлөмжийг хүргэсэн. Үүнд:

  • Их хэмжээний ус уух,
  • Жимс, хүнсний ногоо, үр тариа агуулсан хоол хүнс хэрэглэх
  • Өтгөнөө байнга гадагшлуулах
  • Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, хөлсөө гаргах хэмээн зөвлөсөн.

Хөлөө халуун, бүлээн усанд дүрэх нь нойрны чанарыг сайжруулах үр дүнтэйг харуулсан хэд хэдэн судалгаа бий

2013 онд хийсэн “хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэл зүйн туршилт” судалгаанд 46 хүнийг хамруулж, хөлөөн бүлээн усанд дүрсэн туршилтын бүлэг болон дүрээгүй хяналтын бүлэгт хуваан туршилт явуулжээ. Нэг бүлгийн оролцогчид 6 долоо хоногийн турш унтахаасаа өмнө 20 минутын хугацаанд хөлөө 41-42 градусын бүтээн усанд дүрсэн. Судалгааны үр дүнд туршилтын бүлэг буюу хөлөө бүлээн усанд дүрж байсан хүмүүсийн нойрны үргэлжлэх хугацаа, нойрны чанар мэдэгдэхүйц сайжирсан болохыг харуулжээ.

2016 онд хийсэн судалгаагаар өдөр бүр 40 хэмийн температурт 30 минут хөлөө дүрэх, угаах эмчилгээ нь ахмад настнуудын нойрны чанарыг сайжруулахад үр дүнтэйг харуулсан. Эдгээр судалгаанд хөл дүрэх усанд ямар нэг бодис хийгээгүй, төхөөрөмж ашиглаагүй, зөвхөн усны температурыг тааруулан туршилт хийсэн.

Мөн 2024 онд хийгдсэн ахмад настнуудын нойрны чанарт нөлөөлөх тухай системчилсэн тойм судалгааны үр дүнд хөлөө халуун устай ваннд дүрэх нь нойрны чанарыг сайжруулах нөлөөтэйг харуулжээ.

Халуун бүлээн усанд хөлөө дүрэх нь нойрыг сайжруулдгийг харуулсан судалгаа бий ч үүнд ионжуулах аппарат огт ашиглаагүй. Мөн ионжуулсан усанд хөлөө дүрснээр биеийн хор гадагшилдаг гэдгийг баталсан судалгаа, нотолгоо байхгүй.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Шалгасан мэдээлэл 

Эх сурвалжууд

“Хөлөө ямар нэг бодистой усанд дүрж биеийг хоргүйжүүлэх батлагдсан арга, шинжлэх ухааны нотолгоо байхгүй” баримт шалгалтын тайлан 

“Бүлээн усанд хөлөө дүрж жин хасах” тухай судалгаа байхгүй” баримт шалгалтын тайлан

Logically Fact баримт шалгах төвийн баримт шалгалтын тайлан 

Ион хөлийн ванн (IonCleanse)-ийн объектив үнэлгээ: түүний биеэс хорт бодисыг зайлуулах чадварыг шалгах” судалгаа

Харвардын анагаах ухааны сургуулийн эрүүл мэндийн хэвлэлийн сайт

Америкийн шинжлэх ухаан, эрүүл мэндийн зөвлөлийн албан ёсны сайт

Кливланд клинкийн албан ёсны сайт

Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: санамсаргүй эмнэл зүйн туршилт” судалгаа

Хөлийн ванн нь асрамжийн газрын өндөр настнуудын нойронд үзүүлэх нөлөө: хагас туршилтын судалгаа

Хөлийн ванн нь ахмад настнуудын нойрны чанарт үзүүлэх нөлөө: системчилсэн тойм судалгаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document