Search

Эх сурвалжийн яриаг бүрэн орчуулаагүйгээс төөрөгдөл үүсжээ

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1334

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

“АНУ-ын Үндэсний тагнуулын шинэ дарга Тулси Габбард Сенатад үг хэлэх үеэр олон жилийн турш зөвхөн оросын суртал ухуулга, хуурамч мэдээлэл гэж үздэг байсан зүйлүүдийг баримттайгаар үгүйсгэж хэлэв” гэсэн агуулгатай мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Шалгаж буй мэдээлэлд эх сурвалжийн яриаг түгээхдээ зарим хэсгийг гуйвуулан нийтэлсэн нь олон нийтийг төөрөгдүүлжээ.

2025 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр Цэрэг армийн мэдээ мэдээлэл нэртэй хуудсанд Лха Энхбаяр гэх хэрэглэгч “Олон жилийн турш оросын суртал ухуулга гэгдэж байсан зүйлс худлаа байжээ” гэх гарчигтай мэдээллийг түгээсэн байна. Мөн уг мэдээллийн тайлбар хэсэгт “АНУ-ын Үндэсний тагнуулын шинэ дарга Тулси Габбард Сенатад үг хэлэх үеэр олон жилийн турш зөвхөн оросын суртал ухуулга, хуурамч мэдээлэл гэж үздэг байсан зүйлүүдийг баримттайгаар үгүйсгэж хэлэв. Тэр Цагаан ордонд маш өргөн хүрээтэй хээл хахууль, авлига газар авсныг, Иракт халдан довтолсон шалтгааныг зөвтгөх нотолгоог зориудаар хуурамчаар үйлдсэнийг, одоо Сирийг Аль Каидагийн салбар болох зартай алан хядагч Абу Мухаммед аль-Жулани удирдаж байгаа, 9 сарын 11-ний халдлага болон америкийн цэргийн албан хаагчдыг хороосны дараа гудамжинд баяраа тэмдэглэн бүжиглэж байсныг, уг нь Башар Асад хүний эрхийг зөрчиж байсан ч эдгээр алан хядагчдыг хязгаарлан барьж байсныг, мөн украйнд АНУ-аас санхүүжүүлдэг 25 био лаборатори байдаг, хэрэв тэднийг эвдвэл үхлийн аюултай нян, халдварууд дэлхий даяар тархах аюултайг сануулжээ. АНУ/ОХУ/Украин/НАТО/НҮБ/ЕХ эдгээр лабораториудын эргэн тойронд гал зогсоож, тэднийг хяналтад авч, даруйхан устгах ёстойг ч мөн сануулжээ. Үүнээс гадна, Тулси Габбард тагнуулын албаны 51 өндөр тушаалын ажилтнууд Жо Байдены ашиг сонирхлын үүднээс оросуудын тараасан мэдээлэл гэх зүйлсийг хуурамчаар үйлдэн тарааж байсныг сануулжээ. Мөн тагнуулын албаны зориуд гажуудуулсан, эсвэл хангалтгүй мэдээллүүд АНУ-ыг маш үнэтэй бүтэлгүйтэлд хүргэж, тус улсын аюулгүй байдлыг алдагдуулж байсныг дурдав. Тулси Габбард өөрөө Иракийн байлдааны ажиллагаанд оролцож байсан ахмад дайчин, хурандаа цолтой төдийгүй тухайн үеийн нөхцөл байдлыг сайн мэддэг хүмүүсийн нэг аж”  гэсэн агуулгыг нийтэлжээ. Уг пост 434 реакц, 32 сэтгэгдэл авч, 255 удаа цааш түгээгдсэн байна.

Уг мэдээллийн агуулгыг шалгахын тулд Сенатын үеэрх Тулси Габбардын мэдэгдлийг шүүж үзлээ. Үүнд, Габбард нь тагнуулын байгууллагын өнгөрсөн алдаа дутагдлуудыг дурдсан бөгөөд Иракийн дайныг хуурамч, буруу мэдээлэлд тулгуурлан өдөөсөн тухай ярьж, тагнуулын байгууллагад шинэчлэл хэрэгтэйг онцолсон байна. Гэвч цагаан ордны хээл хахууль, авлигын талаар дурдаагүй. Мөн террористын үйл ажиллагааны эсрэг байр суурьтайгаа илэрхийлж ярьсан ч шалгаж буй мэдээлэлтэй дүйцэх агуулгаар яриагүй байна. Абу Мухаммад аль-Жулани нь Сирийн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг Hay’at Tahrir al-Sham бүлэглэлийг удирдагч бөгөөд Башар аль-Ассадын засгийн газрыг унагааж, ерөнхийлөгч болсон.

Үүнээс гадна, 2022 онд Тулси Габбард, Украинд АНУ-ын санхүүжилттэй биологийн судалгааны лабораториудын талаар мэдэгдэж, эдгээр байгууламж мөргөлдөөний үеэр эвдэрвэл ноцтой эрсдэл үүсэж болзошгүйг анхааруулан бичлэг хийсэн. Гэвч уг мэдээллийг АНУ-ын засгийн газраас баталгаагүй хэмээн няцааж байсан. Тухайн үед Габбардын энэ мэдэгдэл Оросын суртал ухуулгыг дамжуулсан гэж маргаан дагуулж байжээ.

Гэсэн ч 2025 оны нэгдүгээр сарын 30-нд болсон Сенатын Тагнуулын хорооны сонсголын үеэр тэрээр Оросын Украин дахь түрэмгийллийг буруушааж, Украины тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Түүний энэ үйлдэл нь удирдлагын албан тушаалд томилогдоход нөлөөлсөн хэмээн АНУ-ын хэвлэлүүдээр мэдээлж байна.

2024 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч Дональд Трамп, Тулси Габбардыг Үндэсний тагнуулын газрын захирлын албан тушаалд нэр дэвшүүлсэн бөгөөд 2025 оны хоёрдугаар сарын 4-нд Сенатын Тагнуулын хороо түүний нэрийг баталжээ. Улмаар хоёрдугаар сарын 12-нд Сенат 52-48 саналын харьцаатайгаар түүнийг албан ёсоор томилсон байна. Тулси Габбард нь Иракийн дайнд оролцож байсан ахмад дайчин бөгөөд 2012-2020 онд Хавай мужаас Конгрессын төлөөлөгчөөр ажиллаж байжээ.

Дүгнээд үзэхэд, шалгаж буй мэдээлэлд эх сурвалжийн яриаг гуйвуулж түгээсэн нь олон нийтийг төөрөгдүүлэхэд хүргэжээ. Мөн пропаганда, хуйвалдааны онолын шинж чанартай мэдээллийг ч багтаасан байна. Иймд аливаа мэдээллийг нягталж, олон талын эх сурвалжаар баталгаажуулж, харьцуулсан мэдээллийг түгээх нь чухал.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document