2025 оны 02 дугаар сарын 10-нд Ikon News Facebook хуудсанд “Snow шар айргийн калори багатай, таргалуулдаггүй онцлогийг Хүнсний инженер О.Гал-Очир шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж баталгаажууллаа” гэсэн тайлбартай бичлэг нийтэлжээ.
Тус бичлэгт: “Шар айргийн нэг үндсэн үзүүлэлт бол илчлэгийн хэмжээ. Илчлэгийн хэмжээ нь таргалалтад нөлөөлнө. Бэлэн болсон шар айрагт үлдсэн нүүрс усны хэмжээ болон этилийн спиртийн хэмжээгээр шар айргийн нийт илчлэг тодорхойлогддог. 1 гр нүүрс ус организмд 4 ккал энерги, 1 гр этилийн спирт 7 ккал энерги болон задардаг. Snow шар айраг нь 100 мл тутамд 3.6 грамм нүүрс ус, 5 хувийн этилийн спиртийн агууламжтай байна. Ингээд илчлэгийн хэмжээ нь 49.4 ккал буюу 100 ккал-иос бага, илчлэг багатай шар айргийн төрөлд ордог…” гэжээ. Тус бичлэг нь хоёрдугаар сарын 20-ны байдлаар нийт 95 сэтгэгдэл, 183 реакц авч, 30 удаа цааш түгээгдсэн байна.
- Илчлэгийн хэмжээ багатай шар айргуудын нэг төрлийг “таргалуулдаггүй” гэж сурталчилж байгаа нь бодит байдалд хэр нийцэж буйг баримтад тулгуурлан нягталлаа. Байгууллага бүтээгдэхүүнээ борлуулахын тулд ямар мэдээллийг голлох нь маркетингийн алхам боловч, хэрэглэгчдэд төөрөгдүүлсэн сурталчилгаа хүргэж буй тул баримтаар шалгалаа.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Бичлэгт дурдсан тоо баримтуудыг нягтлахад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны сан, холбогдох байгууллагуудын мэдээлэлд дурдсантай таарч байгаа буюу илчлэгийн үзүүлэлтийг үнэн зөв мэдээлсэн байна. Тухайлбал, АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнс хоол тэжээлийн нэгдсэн төв (FNIC)-ийн мэдээллийн сайтад нүүрс ус нь грамм тутамд 4 ккал байдаг гэж заажээ. Түүнчлэн Америкийн Үндэсний Биотехнологийн хүрээлэнгээс гаргасан нийтлэлд “Этанол нь шим тэжээлт бодис бөгөөд илчлэгийн агууламжтай байдаг. Энэ нь 1 грамм тутамд 7 ккал байдаг гэжээ. Мөн нүүрс ус, уураг нь грамм тутамд 4 ккал, өөх тос нь 9 ккал” гэсэн байна.
Бичлэгт дурдаж буй шар айргийн нүүрс ус, илчлэгийн хэмжээг савлагаанд мэдээлээгүй байна
Бичлэгийн 00:41 секундэд “Snow шар айраг нь 100 мл тутамд 3.6 грамм нүүрс ус, 5 хувийн этилийн спиртийн агууламжтай байна. Ингээд илчлэгийн хэмжээ нь 49.4 ккал буюу 100 ккал-оос бага” гэж хэлсэн.
Харин Snow шар айргийн шим тэжээлийн агууламжийн талаарх мэдээлэл нь нээлттэй эх сурвалжаас ч олдоогүй бөгөөд савалгаан дээрээ энэ талаарх мэдээллийг оруулж өгөөгүй байна. Шар айраг сонирхогчдод зориулсан ShunBeer хэмээх сайтаас хайхад Snow нь “Lager” төрлийн шар айраг гэдэг мэдээллийг оллоо.

- Хэрэв Snow шар айраг нь Lager төрлийн шар айраг гэвэл дунджаар илчлэг нь 43 ккал, нүүрс ус нь 3.54 грамм (100 мл) байх юм байна. Харин бичлэгт “100 мл-т 3.6 грамм нүүрс ус, 5 хувийн этилийн спиртийн агууламжтай ба илчлэгийн хэмжээ нь 49.4 ккал” гэж хэлсэн.


Snow шар айраг савлагаандаа илчлэг, нүүрс усны агууламжаа мэдээлээгүй ч Lager төрөлд ордог тул энэ хэмжээгээр тооцвол 500 мл нь 215 ккал илчлэгтэй.

Шалгасан мэдээллийн сэтгэгдэл хэсэгт “таргалуулахгүй гэдэг нь давуу тал”, “уусан ч жин нэмэхээс айхааргүй…” гэх мэтээр бичсэн нь төөрөгдүүлсэн ойлголт өгсөнийг харж болно.
Монголд түгээмэл борлуулагдаж байгаа шар айргуудын илчлэгийн хэмжээ ойролцоо байна
Түүнчлэн Монголд худалдаалж буй Heineken болон Боргио, Сэнгүр гэсэн гурван шар айргийн 100 миллилитрт агуулагдах илчлэг болон нүүрс усны хэмжээг шалгалаа.


- “Боргио” шар айргийн илчлэг нь 37.72 ккал, нүүрс ус нь 1.0 грамм
- “Сэнгүр” шар айргийн илчлэг нь 40 ккал, нүүрс ус нь 3.5 грамм
- “Heineken” шар айргийн илчлэг нь 42 ккал, нүүрс ус нь 3.2 грамм тус тус агууламжтай байна.
Эрүүл мэндийн сайдын 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/74 тоот тушаалаар “Хоногийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, үндсэн шимт бодисын хэмжээ”-г тогтоожээ. Уг хэмжүүрт насанд хүрэгчид ангилалп буюу 18-59.9 насны дунджаар тооцвол хүний хоногт авбал зохих илчлэг нь 2155 ккал болохоор байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Эрүүл мэндийн сайдын 2017 оны А/74 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтад хоногт авах шимт бодисын жишиг дундаж хэмжээг гаргаж өгсөн.

- Насанд хүрсэн хүн хоногт 2400 ккал-оос илүү илчлэг аваад, түүнийгээ шатаахгүй бол таргалах суурь тавигдана. Хоол хүнсэндээ шим тэжээлийг чухалчилж, эрүүл хүнс сонгохыг уриалдаг. Харин үүн дээр нэмээд шар айраг хэрэглэх үед илчлэг нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Жишээ нь “Heineken” шар айргийн 100 миллилитрт агуулагдах илчлэг нь 42 ккал бол 500 мл буюу нэг лааз шар айрганд агуулагдах илчлэг нь 210 ккал болж байна. Энэ нь өдрийн хоол хүнсээр
- Snow шар айраг нь 100 миллилитрт агуулагдах илчлэг болон нүүрс усны хэмжээгээрээ Монголд худалдаалж буй бусад шар айрагтай ойролцоо агууламжтай болохыг дээрх жишээнүүд баталж байна.
Дүгнээд хэлэхэд, илчлэг багатай шар айргийн төрлүүд гэж байгаа ч хэтрүүлэн хэрэглэж, авсан илчлэгээ шатаахгүй бол таргална. Илчлэггүй шар айргийг л таргалуулахгүй гэж сурталчилбал бодит байдалд дөхнө, гэвч тийм шар айраг одоогоор бүтээгдээгүй байна. (спиртийн агууламжгүй буюу 0% шар айраг дунджаар 24 ккал байдаг).
Согтууруулах ундааг зөвшөөрөгдсөн насны хүмүүс тааруулж хэрэглэх буюу авсан илчлэгээ шатаах дасгал хөдөлгөөн хийдэг, алхах зэрэг идэвхтэй амьдралын хэв маягтай бол таргалуулахгүй байх боломжтой.