2025 оны хоёрдугаар сарын 06-ны өдөр Норовын Тэгшбаяр, нэртэй хаягаас “Оросууд нийт ураныхаа 90%-ийг Байгал нуурын эрэг дээрээс Улаан бадрахын орд шиг Газар дор уусган олборлох аргаар олборлож Хөвсгөл нуураас 100 хүрэхгүй км-т хаягдлыг нь булшилдаг. Энүүний хажууд Халзан бүрэгтэй бол хүүхдийн тоглоом. Улаанбадрахын БАДРАХ ЭНЕРЖИ бол зүгээр ариун гэгээн юм.” гэсэн пост нийтэлжээ.
Тус пост нийт 307 реакц, 31 сэтгэгдлээр идэвхжүүлж, 32 удаа цааш түгээжээ.
FACTCHECK: Бид дараах байдлаар баримт шалгалт хийлээ
Дэлхийн эрчим хүчний мэдээллийн албаны нэг хэсэг болох “WISE uranium project” мэдээллийн сайтад дэлхий даяарх ураны орд газруудын талаарх мэдээллийг шинэчлэн оруулдаг байна. Доор харуулсан газрын зурагт ОХУ-ын ураны орд газруудын талаарх мэдээллийг харуулсан. Байгал нууртай хамгийн ойр харагдаж буй 03 гэсэн тэмдэглэгээтэй хэсэгт Бүгд Найрамдах Буриад улсын нутаг дэвсгэрт орших Витимский, Хиагдинский, Источний, Вершинний зэрэг ураны орд байдаг аж. Энэ дөрвөн орд нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний байдлаар нийт 53.681 тонн ураны нөөцтэй гэж бүртгүүлжээ. Мөн Витимскийн ураны орд газарт ISL буюу ГДУО аргаар уран олборлолт явагдаж байгааг тус сайт мэдээлсэн байна.

- Зурагт Хөвсгөл аймгийн хойд хэсэгт ураны орд байгааг тэмдэглэсэн байна. Хөвсгөл нуурын хойд эргээс хил хүртэл хориод км зайтай оршдог тул хил даваад 100 км радиус дотор хэмжиж үзэхэд ураны орд газрууд багтаж байна. Гэвч тэнд ямар орд байрлаж, үйл ажиллагаа нь хэр нээлттэй байгааг судлахад мэдээлэл олдоогүй.
- Шалгасан мэдээлэлд дурдсан ОХУ Байгал нуурын эрэг дээрээс нийт ураны 90 хувийг олборлодог, хаягдлаа Хөвсгөл нууртай ойролцоо булшилдаг эсэх талаарх мэдээллийг тодруулахаар физикийн ухааны доктор Н.Тэгшбаяртай холбогдоход “нууцын зэрэглэлд байдаг тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм.
- Тиймээс нээлттэй эх сурвалжид байгаа дата мэдээлэл болон жишээ болгож Хиагдинскийн ордын талаарх мэдээллийг хүргэе.
Байгал нуурын ойролцоох Хиагдинскийн ордын талаарх мэдээлэл
Эдгээр ураны ордыг Google Maps хэрэглүүр ашиглан шалгахад Хиагдинскийн орд нь Байгал нуураас ойролцоогоор 233 километрийн зайтай байдаг аж. Харин бусад Витимский, Источний, Вершинний ураны орд газрын байршлын мэдээлэл олдоогүй юм.

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсад уран олборлолтын ажил явуулж буй “Хиагда” нь “Росатом” төрийн корпорацын салбар компани юм.

Тус үйлдвэр нь Буриад улсын Баунтовский Эвенки дүүрэгт байрладаг бөгөөд ураны хайгуул болон олборлолтын лиценз эзэмшдэг байна. Түүнчлэн ураны олборлолтыг байгаль орчинд ээлтэй, хамгийн хэмнэлттэй олборлох арга болох газар доор уусган олборлох аргаар явуулдаг гэжээ.
“Хиагда” компани нь 1997 онд байгуулагдсан. 1998 оноос Хиагдинскийн ураны ордод туршилтын үйлдвэр, уурхайн талбайг барьж эхэлсэн. 2000 онд туршилтын үйлдвэрийг жилд 19 тонн уран боловсруулах хүчин чадалтай болгожээ. 2006 онд “ОХУ-ын цөмийн эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолборыг 2007-2010 онд хөгжүүлэх, 2015 он хүртэлх хэтийн төлөв” Холбооны зорилтот хөтөлбөр батлагдсантай холбогдуулан Хиагдинскийн ураны ордыг аж үйлдвэрийн чиглэлээр ашиглах шийдвэр гаргасан.
2007 онд үйлдвэрлэлийн туршилтын ажлыг өргөтгөж, жилд 150 тонн уран үйлдвэрлэх хүчин чадалтай болсон. Үүний зэрэгцээ тус ордыг ашиглах аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын барилгын ажил хийгдэж, төслийн хүчин чадал нь жилд 1000 тоннд хүрч байв.

Мөн 2023 онд “Хиагда” компанийн гаргасан Байгаль орчны аюулгүй байдлын талаарх тайлангийн Хог хаягдлын менежментэд дурдснаар “2023 онд хийсэн хэмжилтийн үр дүнд цацраг идэвхт хог хаягдлын ангилалд тохирох хог хаягдал бүртгэгдээгүй” гэжээ. Гэхдээ цөмийн хаягдлын байгууламж барьж эхэлсэн тухай дурдсан байна.

Тодруулбал, “Цацраг идэвхт хог хаягдлыг булшлах байгууламжийн нэгдүгээр хэсэг баригдаж, цацраг идэвхт хог хаягдлыг байрлуулахад бэлэн болжээ. Хог хаягдлыг зайлуулах байгууламжийн нийт 13 хэсгийг барихаар төлөвлөсөн” гэжээ.
Цаашлаад уг тайланд “Энэхүү байгууламж нь хадгалагдаж буй цацраг идэвхт хог хаягдлыг найдвартай тусгаарлаж, цацраг идэвхт бодис алдагдахаас сэргийлдэг тусгай битүүмжлэгдсэн байгууламж юм. Төслийн хүрээнд батлагдсан хатуу цацраг идэвхт хог хаягдлыг боловсруулах систем нь 2011.07.11-ний өдрийн 190-ФЗ дугаартай Цацраг идэвхт хог хаягдалтай харьцах тухай хууль болон ОХУ-ын Засгийн газрын 2012 оны 10-р сарын 19-ний өдрийн 1069-р тогтоолоор тогтоосон “Хий, шингэн бодис, цацраг идэвхт бодисыг ангилах тухай” шалгуур үзүүлэлтүүдийг хангаж байна” гэжээ.
ОХУ-ын ураны нөөцийн мэдээлэл
ОХУ нь нийт 486,000 тонн ураны нөөцтэйгөөрөө дэлхийн нийт ураны 8%-ийг бүрдүүлж, дөрөвдүгээрт бичигддэг гэж Монгол Улсын Цөмийн энергийн комиссын вэбсайтад мэдээлжээ. ОХУ-д ураны хайгуул болон олборлолтын зөвшөөрөлтэй газруудын нөөцөөр хамгийн их нь Якутын Алданскийн орд гэжээ.

Харин эдгээр ОХУ-ын идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй ураны орд газруудаас Хөвсгөл нууртай ойр газарт хаягдлыг булшилдаг талаар баталгаатай мэдээлэл одоогоор байхгүй байна. “Хиагда” компанийн тайланд дурдсан цөмийн хатуу хог хаягдлыг булшлах байгууламж нь тухайн ордын нутаг дэвсгэрт буюу Байгал нуураас зүүн тийш 230 гаруй км зайд оршиж байна.
Дүгнээд хэлэхэд, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Байгал нуурын бүс, цаашлаад Якутад ураны томоохон ордууд нь байрлаж байна. Байгал нуураас 230 гаруй км зайтай “Росатом”-ын эзэмшдэг “Хиагда” компанийн Хиагданскийн орд нь газар доор уусган олборлох аргаар уранаа олборлодог бөгөөд 2023 оны байгал орчны үнэлгээний тайландаа “цөмийн хаягдал байхгүй” гэсэн байна. Гэхдээ цацраг идэвхт хог хаягдлыг булшлах 13 байгууламжийн нэгдүгээр хэсэг баригдаж дууссан тухай мэдээлсэн байна.