Search

Ухань дахь биологийн лабораторийг Глаксо компани эзэмшдэггүй

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1331

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

Эм үйлдвэрлэгч Глаксо Смит Клайн компани Ухань дахь биологийн лабораторийг эзэмшдэг.

Баримт шалгалтын үр дүн

Уханий вирус судлалын институтийг Хятадын Шинжлэх ухааны академи удирдан санхүүжүүлдэг.

2025 оны хоёрдугаар сарын 21-нд БНХАУ-ын Ухань хот дахь биологийн лабораторийг эм үйлдвэрлэгч Глаксо компани буюу коронавирусийн эсрэг вакцин үйлдвэрлэгч Пфайзер (Pfizer) компани эзэмшдэг тухай мэдээлэл (архивлагдсан хувилбар) түгжээ. Мэдээлэлд дурдсанаар “Ухань дахь Хятадын биологийн лабораторийг Глаксо эзэмшдэг. Энэ нь Pfizer-ийн эзэн юм (вакцин хийдэг). Үүнийг Блэк Рок сангууд удирддаг…” хэмээн тайлбарлаад, компанийн эзэмшлийг Майкрософт компанийн үүсгэн байгуулагч Билл Гэйтс зэрэгтэй холбожээ. Тус пост нь Facebook-т хэд хэдэн хаягт ижил хэлбэрээр түгэн, өндөр хандалт авсан ба 21-нд нийтлэгдсэн пост (архивлагдсан хувилбар) нь 1,100 реакц, 183 коммент авч 803 удаа цааш түгээгдсэн байна.

  • Ухань дахь биологийн лабораторийг Глаксо компани эзэмшдэггүй бөгөөд энэ нь коронавирусийн халдвартай зэрэгцэн түгж байсан хуучирсан хуурамч мэдээлэл юм.

Ямар нэг хувийн компани биш Хятадын Шинжлэх ухааны академи Ухань хот дахь лабораторийг удирддаг

Коронавирусийн халдварын голомт болсон гэх Ухань хотын биологийн лабораторийг Глаксо компани эзэмшдэггүй. Харин БНХАУ-ын Шинжлэх ухааны академи тус лабораторийг буюу Уханий вирус судлалын институтийг 1958 онд байгуулж байсныг вэбсайтдаа мэдээлсэн. Өөрөөр хэлбэл постод дурдсан шиг Францын АХА, Германы Винтертор компаниуд тус лабораторийг барьж байгуулсан мэдээлэл байхгүй юм.

Тус институтийг Хятадын Шинжлэх ухааны академи болон засгийн газар хамтран санхүүжүүлдэг тухай 2019 онд Хятадын Шинжлэх ухааны академийн гишүүн мэдэгдсэн ба Их Британид байрлалтай Глаксо Смит Клайн (GSK) компани санхүүжүүлдэггүй байна. Харин тус институтийн вэбсайтад мэдэгдсэнээр Францын INSERM, Lyon P4 Laboratory болон Америк дахь EcoHealth Alliance-тай хамтран ажилладгийг дурджээ.

Глаксо компани Пфайзерыг эзэмшдэггүй ба Blackrock, Vanguard удирддаггүй

Хэдийгээр тус хоёр компани нь ижил эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбарт ажилладаг ч бие даасан, тусдаа компаниуд юм. Харин 2018 онд эрүүл мэндийн бүтээгдэхүүн борлуулах хамтарсан компани байгуулахаар шийдвэрлэж байсан ч нэгдсэн компани биш юм.

Blackrock, Vanguard зэрэг нь дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын сангууд бөгөөд Глаксод зонхилох хувьцааг эзэмшиж, удирддаггүй. Blackrock-ын хувьд тус компанийн 7.8%-ийг эзэмшдэг бол Vanguard 3.4%-ийг эзэмшдэг ба энэ хоёр хөрөнгө оруулалтын компани нь тус компанийн 990 гаруй хувьцаа эзэмшигчдийн нэг юм.

Билл Гэйтс нь 2014 оноос хойш Майкрософт компанийн зонхилох хувьцаа эзэмшигч байхаа больж тус компанийн удирдах зөвлөлөөс гарсан. Түүний удирддаг хандивын сан нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) томоохон хандивлагчдын нэг мөн боловч Ухань дахь вирус судлалын институттэй дээр дурдагдсан байгууллагууд нь хамааралгүй юм.

Бидний шалгасан мэдээлэл нь олон улсын хөрөнгө оруулалт, эмийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн байгууллагууд эзэмшлээрээ дамжуулан Ухань дахь вирус судлалын лабораторт коронавирусийг бий болгосон гэх далд утгаар төөрөгдүүлсэн ойлголт үүсгэхийг зорьсон ба өмнө мэдээлсэнчлэн эдгээр байгууллагууд нь эзэмшлийн хувьд тусдаа буюу тэдний харилцан хамаарлын талаар хуурамч мэдээлэл түгээснийг харж болохоор байна.


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document