Search

Алдсан ачаа 7230 төгрөгөөр зарна гэх зар нь олон улс дахь онлайн залилангийн нэг хэсэг 

#FactCheckedByMFCC | Шалгасан кэйсийн дугаар #1330

Checked by: MFCC

Ерөнхий агуулга

7230 төгрөгөөр алдагдсан ачаа аваарай гэх мэдээллийг түгээжээ.

Баримт шалгалтын үр дүн

Хуурамч хаяг ашиглан олон улсад түгсэн онлайн залилангийн постыг монгол хэл дээр түгээжээ.

2025 оны хоёрдугаар сарын 25-нд нисэх буудлаас алдсан ачааг хямдаар авч болох тухай зар бүхий постыг Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал MN гэх хуудас түгээсэн (архивлагдсан хувилбар) байна. Постод олон тооны ачааны цүнхний зургийг харуулан “Алдагдсан ачаа 7230₮” гэсэн шар тэмдэглэгээг тавьжээ. Зарын постод тайлбарласнаар “Нисэх буудлын агуулахыг чөлөөлж‚ алдагдсан ачаагаа 7230₮‐өөр зарна․ Манай бүх чемодан янз бүрийн зүйл‚ электрон бараагаар дүүрэн байдаг․ Улсын хэмжээнд хүргэлттэй. Санал зөвхөн сарыг дуустал онлайнаар хүчинтэй. Зар дээрх товчлуур дээр дарж хуудас руу орж захиалгаа өгөөрэйǃ” хэмээн хямдаар хэн нэгний алдагдсан ачааг авч болох мэтээр зарласан байна. 

Бид зарыг бодит эсэх талаар үргэлжлүүлэн эрэн сурвалжлахад энэ нь олон хэлээр өмнө нь түгж байсан онлайн залилан болохыг тогтоосон. 

Постод ашигласан зургийг Google хайлтын системд хайхад 2023 онд олон улсын онгоцны буудлуудын нэрээр нээсэн хуурамч хаягууд ижил зорилгоор ашиглаж байжээ. Тодруулбал, Осло хотын нисэх буудал, Брюсселийн нисэх буудал гэх мэт хуурамч хаяг үүсгэн, хямд үнээр ачаа өгнө гэх зар түгээж байжээ. 

Дээрх постуудад ижил зураг ашиглан үнэмшүүлэх зорилготой хуурамч хаягууд сэтгэгдэл үлдээснийг харж болно. 

Хуурамч зарын пост дахь сэтгэгдлүүд

Энэ залилангийн талаар олон улсын баримт шалгах байгууллагууд хэдийн мэдээлсэн ба Грекийн Ellinika Hoaxes, Италийн Open зэрэг байгууллага энэ талаар мэдээлж байжээ.  

Белгийн Bulletin вэбсайтын мэдээлснээр ижил агуулгатай залилан нь Кени улсаас гаралтай байж болохыг онлайн сурталчилгаанд ашигласан утасны дугаараар тогтоосон ба монгол хэл дээр нийтлэгдсэн хуурамч зард Вьетнам улсын утасны дугаарын кодтой байгааг харж болохоор байна. 

Хуурамч Facebook хаягийн танилцуулга

Хямд ачаа зарна гэсэн хаяг нь Чингис хаан олон улсын нисэх буудлын албан ёсны Facebook хаяг биш бөгөөд тус нисэх буудлын албан ёсны CHINGGIS KHAAN INTERNATIONAL AIRPORT хуудас хоёрдугаар сарын 21-нд тус зарыг хуурамч болохыг мэдэгдсэн байна. Мэдэгдэлд анхааруулснаар “Доорх хаяг нь “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын нэрийг барьсан хуурамч хаяг бөгөөд иргэд та бүхэн сэрэмжтэй байж линк дээр дарахгүйгээр мэдээллийн үнэн зөв байдлыг нягталж, цахим орчны халдлагаас сэргийлэн, сонор сэрэмжтэй байна уу.” хэмээжээ. 

Тус хуурамч хаяг нь дөрвөн пост Facebook-т идэвхжүүлэн сурталчилгаа явуулж байгаа ба бодит сурталчилгаа биш хуурамч хаягаас нийтэлсэн залилангийн зар болохыг анхаараарай.

Хуурамч хаягийн сурталчилгаа, Эх сурвалж: Meta Ad Library

Ийм төрлийн хуурамч зар нь хувийн мэдээлэл цуглуулах, аюултай програм хангамж суулгах зорилгоор линк даруулах зэрэг үйлдэл хийхэд хөтөлдөг байх боломжтой ба аливаа линкэд нэвтрэхээс өмнө хаягийн бодит байдлыг заавал нягтлаарай. 


Аливаа мэдээллийг хуваалцахаасаа өмнө #ЭхлээдБод #Think1st


Та бүхэн манай төвийн баримт нягталсан мэдээтэй холбоотой аливаа санал хүсэлт, залруулга хийлгэх болон бусад санал гомдлоо редакцын hello@mfcc.mn имэйл хаягаар ирүүлнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Хуваалцах

Бид Олон Улсын Баримт Шалгагчдын Сүлжээ (International Fact-Checking Network)-ний ёс зүйн кодын дагуу аливаа мэдээллийг баримтаар баталгаажуулан шалгадаг. Баримтаар шалгасан мэдээллээ #ҮНЭН, #ХУДАЛ, #ТӨӨРӨГДҮҮЛСЭН, #БҮРЭН БУС, #ЭВЛҮҮЛЭГ, #ЕГӨӨДӨЛ гэсэн зургаан төрлөөр ангилж, олон нийтэд үнэн бодит мэдээлэл түгээн ажиллаж байна.

Check document